-Даатгалын энэ үйлчилгээг нэвтрүүлэхгүй бол экспортлогч орнууд эрсдэлд орох магадлал өндөр байна-
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд дэлхийн олон оронтой худалдаа арилжаа эрхэлж, гадаад худалдааны эргэлт жил ирэх тусам өсч байгаа билээ. Энэ оны эхний дөрвөн сангийн дүнгээр манай улсын нийт бараа эргэлт 3017.3 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 807.2 сая ам.доллар буюу 36.5 хувиар өсчээ. Үүнээс гадна оны эхний дөрвөн сарын хугацаанд дэлхийн 51 оронд бараа экспортолсон гэсэн дүн мэдээ байна.
Дэлхий дахинд нь ч энэ чиг хандлага ажиглагдаж байна. Тэр тусмаа XXI зуунд олон улсын худалдааны газрын зураг өөрчлөгдөж, Ази руу чиглэж байгаа нь манай улсын гадаад худалдаа цаашид ч өсөх дүр зургийг харуулж буй юм.
Ийнхүү хил дамнасан худалдаа асар хурдацтай нэмэгдэж буй нь олон талаар сайн хэрэг боловч худалдаа ба худалдан авалттай холбоотой зарчимд зарим өөрчлөлтийг хийхгүй бол экспортлогч талдаа хор хохирол дагуулах нөхцөл бий болжээ. Энэ бол олон улсын худалдааны төлбөрийн эрсдэл.
Аливаа бараа, бүтээгдэхүүнд экспортод гаргахад нийлүүлэгч нь худалдан авагчтайгаа гэрээ байгуулсны үндсэн дээр худалдаа, арилжаа хийгддэг. Энэ үеэр үүсдэг нэг гол эрсдэл нь төлбөр мөнгөний асуудал. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд дэлхийн олон оронд экспортын даатгалын үйлчилгээ үзүүлдэг тусгай байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.
Харин манай улсад өнөөг хүртэл экспортын даатгалын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, ажилладаг байгууллага байсангүй. Энэ салбарын газрын зурагт манай улс цав цагаанаараа байгаа юм. Тиймээс гадаадын орнуудад аль хэдийнэ хэрэгжиж буй ч Монголд цоо шинэ энэ үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага бий болжээ.
Бараа, бүтээгдэхүүн экспортод гаргаж буй компани, иргэд гэрээний дагуу төлбөрөө шууд, эсвэл барааг хил дамнуулан хүргэсний дараа авах гэрээ байгуулдаг. Шууд төлбөр тооцоо нь нийлүүлэгч талдаа эрсдэл бага үүсгэнэ. Гэвч төлбөрийг шууд хийх нь харьцангуй бага. Ерөнхийдөө улс дамнасан худалдааны 60 хувийг бэлэн бус төлбөрөөр авдаг нь эрсдэл үүсгэдэг байна.
Бэлэн бус төлбөрөөр тооцоо хийж буй нийлүүлэгчийн хувьд бараа, бүтээгдэхүүний худалдан авагчийн талаар хэр их мэдлэгтэй вэ, түүнд итгэж болох уу, тухайн худалдан авагч өөр худалдан авагчдаас хамааралтай байна уу, бизнесийнхээ хүрээнд арилжааны эрсдэлийг давах чадвартай юу гээд олон эрсдэлтэй асуулттай үлддэг. Гэтэл итгэж байж бараагаа хил дамжуулан гаргатал төлбөр тооцоо гэрээний дагуу хийгдэхгүй удах, худалдан авагч алга болсон тохиолдолд яах вэ. Энэ үед экспортлогч тал асар их алдагдалд ордог.
Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдаа талдаа шилжүүлээд, төлбөр мөнгөө авах экспортын гүйлгээний үед улс төрийн ба арилжааны гэсэн хоёр эрсдэл тулгарна. Улс төрийн эрсдэлийн хувьд тухайн импортлогч улсад төрийн байгууллагууд төлбөрөө төлөх боломжгүй болох, мөнгөн тэмдэгтээ валют болгож боломжгүй байдал үүсдэг. 1975-1995 онд ийм нөхцөл байдал их байсан бол өдгөө энэ байдал харьцангуй багасчээ. Хэдий тийм боловч Төвбанк валютын ханшаа багасгах шийдвэр гаргасан нөхцөлд импортлогчид шууд л төлбөрийн чадваргүй болох эрсдэлд орвол яах вэ.
Харин арилжааны эрсдэлд худалдан авагч тал төлбөрийн чадваргүй болох, эсвэл төлбөрөө төлөх хүсэлгүй байх гэсэн асуудал багтана. Харамсалтай нь дэлхий дахинаа төлбөрөө төлөх чадваргүй байдал өсөх хандлагатай байна. 2017 оны эхний саруудын байдлаар дэлхийн нийт хил дамнасан худалдааны нэг хувьд ийм асуудал үүсчээ.
Сонсоход их биш ч үүний цаана асар их тоо яригдаж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Манай гол экспортлогч БНХАУ-д л гэхэд өнгөрсөн жил төлбөрийн чадваргүй байдал 20 хувиар өссөн бөгөөд энэ онд 10 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Харин Ази Номхон далайн орнуудад зургаан хувьд байх төлөв ажиглагджээ.
Тэгвэл үүнийг давах арга нь авлагын даатгал. Авлагын даатгалыг товчоор тайлбарлахад даатгагч аливаа судалгаа, эрсдэл зэргийг тооцсоны дараа нийт зардлын 90 хувийг экспортлогчид төлдөг байна. Дэлхийн улс орнуудын авлагын даатгалын үйлчилгээг ажиглахад хувь, 100 хувь төр, төр хувь хосолсон гэсэн гурван төрлийн тоглогч энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж. Зарим улс орнуудад экспорт, импортын банк нь авлагын даатгалыг хариуцдаг байна.
Манай улс даатгалын цоо шинэ энэ салбарыг нэвтрүүлэхийн тулд өөрсдийнхөө экспортын нөхцөлд нийцсэн загварыг төртэйгөө хамтарч боловсруулах шаардлагатай байна.
Энэ салбарт Монголд нэвтэрснээр үндэсний компаниуд айх аюулгүй олон улсын зах зээлд гарч, экспортын зах зээлийн төрөлжилт нэмэгдэх боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна