Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

2017/06/20
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн тус үйлдвэрийн албан ёсны нээлтийн ёслол зургаадугаар сарын 9-ний өдөр болсон юм. МАК евро цемент үйлдвэр нь Данийн вант улсын 130 жилийн түүхтэй “FLSmidth" компанийн техник, технологиор иж бүрэн тоноглогджээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна.

Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК, Данийн Вант улсын EKF болон BHF, BNP Paribas Fortis болоод Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр нийт 330 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайнд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байна.

Шинэ үйлдвэрийн онцлог нь түүхий эдийн холимгийн чанарыг “робот” лаборатори хянадаг. Хүний оролцоо шаардахгүйгээр автоматжсан гэж хэлж болно. Үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн ордуудыг “Монголын Алт” компани эзэмшдэг учир “МАК евро цемент”-ийн бүтээгдэхүүн зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулагдах боломжтой гэж үзэж байна. “МАК евро цемент” үйлдвэр нь Хөх цавын цемент, шохойн ордод түшиглэн байгуулагдсан. Тус орд нь 192 жилийн ашиглалтын нөөцтэй гэж тогтоогджээ. Мөн цементийн найрлагад багтах шохойн чулуу, элс, шавар, нүүрс, төмрийн хүдэр, базальт буюу хүрмэн чулуу зэрэг эрдсийг үйлдвэрээс холгүй нээн илрүүлжээ.

“МАК евро цемент” үйлдвэр нь жилд 1 сая тонн цемент болон 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлон валютын гадагш чиглэсэн урсгалыг хаахад нөлөөтэй.
 
Эх сурвалж: www.dbm.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна