“Эрдэнэс тавантолгой" ХК 255.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна

2017/06/24

"Эрдэнэс-Таван толгой” ХК 2017 оны эхний хагас жилийн байдлаар 255.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 149.2 тэрбум төгрөгийн татвар хураамж  төвлөрүүлснээр эдийн  засгийн сэргэлтэд томоохон дэмжлэг үзүүллээ.

Тус компани  2017 оны I улиралд 76.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 70.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн бол II улиралд 179.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 78.9 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэв. "Эрдэнэс-Таван толгой” ХК 2011-2016 онд 268.4 тэрбум төгрөгийн татвар улсад төвлөрүүлж байсан юм. Тэгвэл дээрх 6 жилд төвлөрүүлснээс илүү татвар хураамжийг зөвхөн  2017 онд улсын төсөвт бүрдүүлэх эдийн засгийн тооцоог "Эрдэнэс-Таван толгой” ХК-иас гаргасан байна.

Энэхүү ажлын амжилтад  Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-аас өгсөн оновчтой шийдвэрүүд нөлөөлсөн байна. Тодруулбал, Цанхийн Баруун уурхайг дахин эхлүүлэх, нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулах, нүүрсний үнийг дэлхийн зах зээл дэх өсөлттэй уялдуулж нэмэгдүүлэх гэсэн чиглэл, үүрэг нь компанийг өндөр үр ашигтай ажиллахад чухал нөлөө үзүүлсэн байна. Энэ жилийн хувьд "Эрдэнэс-Таван толгой” ХК  11.5 сая тонн нүүрс экспортлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөж байгаа аж.

- 2017 оны эхний таван сард Монгол Улс гадаад худалдаанаас тэрбум ам.долларын ашиг олж, уг өсөлтийг нүүрсний салбар хангасан байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна