Монголбанк: Нийт зээлийн 8,8 хувийг чанаргүй зээл эзэлж байна

2017/08/04
Банкуудын нийт зээлийн үлдэгдэл зургадугаар сарын байдлаар 12.8 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 7.2 хувиар өссөн дүн болохыг Монголбанк мэдээллээ. Тайлант сард шинээр нэг их  наяд 389 тэрбум төгрөгийн зээл олгогдсоны 74.4 хувь нь төгрөгийн зээл байна. Харин нэг их наяд 140 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Төв банкны мэдээллээс харахад ихэнх салбарт төгрөгийн зээл түлхүү олгогдсон байна. Харин боловсрол, санхүү даатгал, мэргэжлийн болон шинжлэх ухааны салбарт валютын зээл давамгайлж байгаа юм. Түүнчлэн нийт зээлийн 6.2 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.8 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байна. Үүнээс онцолж харвал, уул уурхай олборлолтын салбарын чанаргүй зээл 25.7 хувь, боловсруулах үйлдвэрийнх 17 хувь, харин худалдааны салбарынх 10.4 хувьтай байна. Хугацаагаар нь ангилбал, нийт хэвийн зээлийн үлдэгдлийн 61.3 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 21.1 хувь нь тав ба түүнээс дээш жилийн хугацаатай байгаа бол 17.6 хувь нь нэг жил хүртэлх хугацаатай зээл байгаа юм. Харин нийт олгосон зээлийн дийлэнх буюу 49.5 хувь нь 1-5 жил хүртэл хугацаатай байна. Үүнээс гадна нийт зээлийн үлдэгдлийн 51.9 хувийг хувийн хэвшилд, 47.1 хувийг иргэдэд олгосон зээл бүрдүүлжээ.

Банкуудын зээлийн тайлангаас харахад, зургадугаар сард олгосон зээл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буурсан байгаа юм. Энэ дотроо хувийн хэвшилд олгосон зээл 23.2 хувиар буурсан бол иргэдэд олгосон зээл 30.4 хувиар өсжээ. Мөн ААН-үүдэд 144.3 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 17.7 хувийн хүүтэй харин иргэдэд 141.1 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 23.1 хувийн хүүтэй олгосон талаар Монголбанк мэдээллээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна