“Донтуулдаг” хамрын дусаалгын оронд давсны уусмал хэрэглээрэй

2018/01/25
25 настай С хүүхэд байхдаа хамартаа хөнгөн гэмтэл авч байжээ. Гэхдээ хүнд бэртэл байгаагүй тул тэгсхийгээд өнгөрөөсөн байна. Эхний шалтгаан нь энэ. Хоёрдугаарт, тэрбээр харшилтай болсноосоо хойш хамрын дусаагуур хэрэглэдэг болсоор 15 жил өнгөрчээ.

Гэтэл нэг л өдөр хамар нь мэдэгдэхүйц жижгэрч, агшсаныг анзаарчээ

nose drop nose shrinks зурган илэрцүүд

Эхлээд зөвхөн зуны улиралд харшлын улмаас хамрын дусаалга хэрэглэдэг байсан ч яван явсаар дасал болж өвөл, зунгүй “нэхэх” болов. Хамрын дусаалга ийн “донтуулдаг” болохыг биеэрээ мэдэрсэн ч, тэгтлээ их санаа зовдоггүй байж. Гэтэл нэг л өдөр хамар нь мэдэгдэхүйц жижгэрч, агшсаныг анзаарчээ. Ийнхүү эмчид үзүүлтэл дээрх хоёр шалтгаанаас болоод хамрын мөгөөрс яс нь хайлчихсан байв.

Харин ингэж хамар нь агшиж, навтайсан өвчтөнд хийх хэд хэдэн төрлийн эмчилгээ байдгийн нэг нь гаднын биет суулгах. Мөн хавирганых нь яснаас хэсгийг авч орлуулж бас болдог байна. Эсвэл хамар доторх үйрсэн ясыг цуглуулж, эвлүүлэх. Эцэст нь чихний мөгөөрснөөс багахныг авч хамарт нь суулгах арга. Өвчтөн С эхний аргаар эмчилгээ хийлгэж, сүүлийн нэг жил хамрын дусаалга хэрэглээгүй байна.

Хамрын дусаалга судсыг маш богино хугацаанд агшааж амьсгалын замыг нээдэг. Эхэн үед үйлчилгээ нь хамгийн уртдаа 12 цаг байна. Гэвч тав хоногоос удаан хэрэглэхэд үйлчилгээ нь богиносч, донтох шинж тэмдэг илэрч эхэлдэг аж.

Бас нэгэн жишээ дурдахад, Б.Анар долоон настайдаа хатгаа тусч тарианд оржээ. Тухайн үед ээж нь мөн л хамрын дусаалга дусааж өгснөөс хойш байнга хэрэглэсээр 17 жил өнгөрсөн гэв. Харин одоо хамрын дусаалга Б.Анарын мөнхийн хэрэглээ болсон. Тэрбээр “Эхний хэрэглэж байсан дусаалгаа муу гэж сонсоод нэг хэсэг өөрийг хэрэглэж үзсэн. Гэхдээ хамрын дусаалгыг хоол шиг л хэрэглэдэг болохоор үнэтэйг нь байнга авч чаддаггүй” гэв.

Жоргүй олгодог хамрын дусаалгыг хүүхдэд хэрэглэж болохгүй гэж заавар дээр нь бичсэн байдаг. Учир нь Decongestant буюу агшаах үйлчилгээтэй хамрын дусаалга цусны даралт, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн нойргүйдэх, уцаарлах, толгой эргэх зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс ч бамбай булчирхай, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүнд хэрэглэхийг хориглодог аж. Хамрын дусаалга дотроо хэд хэдэн төрөлтэй.

Ямар ч эмийн бодис агуулаагүй давсны уусмалыг салин гэх ба гэртээ найруулаад хүссэн үедээ хэрэглэж болно. Манайд өргөн хэрэглэдэг нь Decongestant буюу самалдгийг агшаах үйлчилгээтэй нь. Энэ төрлийн дусаалга түргэн хугацаанд үр дүн өгдөг ч хэдэн цаг болоод үйлчилгээ нь гардаг. Тиймээс анагаах ухаан хөгжсөн орны эмч нар энэ төрлийн хамрын дусаалгыг гурав хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байна.

Гэвч манайд ямар ч төрлийн хамрын дусаалгыг жороор олгодоггүй. Сонссон дуулснаараа дур мэдэн эм авах нь бидний хамгийн муу зуршил. Үүнээс болж эрүүл мэндээрээ хохирч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хамрын дусаалга мэтийг авах гэж бид эмчид хандах нь юу л бол. Хамар өөрөө жижиг эрхтэн болоод ч тэр үү “Нус гарч л байдаг” гэж бид боддог. Гэвч мэргэжилтнүүд долоо хоногоос урт хугацаанд хамар битүүрсэн л бол эмчид хандах хэрэгтэйг сануулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна