Зохиолч Т.Бум-Эрдэнэ: Би хүсээгүй (Өгүүллэг)

2018/02/28
Хүн хэрхэн үхэхийг харах хүсэлтэй над шиг хүн гэж үгүй байх. Гэлээ гээд намайг гаж донтон гэж битгий бодоорой. Амьдралдаа ганцхан удаа л ийм хүсэлд автаж байна. Тиймээс би түүнийг аврахыг хүсээгүй. Орчлон дээр түүнд хамгийн сүүлд бас хамгийн ойр байсан хүн нь би. Ердөө ганцхан алхаад л түүнийг зогсоох боломж байсан хэдий ч би тэгээгүй. Тэнгэрийн хаяаг ширтсэн тийм нэг хөшингө харц амьгүй мэт цэл хөх царай. Тэр яагаад амьдралд дургүй юм бол.

Огцом өндөр байц хад, гэм хоргүйхэн цэлийх тал, торойх үүлгүй цэлмэг тэнгэр. Уг нь хорвоогийн сайхан өдрүүдийн нэг санж. Гэтэл энэ туниа муутай турахай залуу үхэхээр шийджээ. Түүнд өнөөдрийн сайхан байтугай өөрийн амь хамаагүй болчихоод байгаа юм. Надад бол харин эсрэгээрээ сонирхолтой. Бүр яаж үхэх бол гэхээс нуугдсан газартаа хөдөлж чадахгүй нугдайна. Хэрвээ хэн нэгэн намайг харсан бол хараахын дээдээр хараах байсан биз. Гэсэн хэдий ч одоо түүний дэргэд надаас өөр хүн алга. Тиймээс би тайван гэгч нь хүссэнээ хүлээх үлдэв. Хүлээх гэдэг нэгэн бодлын уйтгартай үйлдэл ч гэлээ хүссэнээ хүлээх нь бас жаргал. Энэ нөхөр өөрт оногдсон энэхэн биеэ хадан хясаа руу унагахдаа юу бодох бол гэдэг нь сонин байв. Уг нь түүний сүнс хэдэн зуу магадгүй хэдэн мянган жилээр хий хоосон дунд хэрэн хэссээр арай гэж олж авсан бие нь шүү дээ. Тэгэхэд одоо ингээд зогсож байх гэж. Дүүрчихсэн толгой юм. Одоо яая гэхэв хохь нь дээ. Би түүнийг үзэн ядах хэдий ч арчаагүй амьтныг яаж үхэх бол гэхээс аазгай төрж харахсан гэхдээ адын сэтгэл оволзтол булиглана. Ер нь хүн амиа хороохыг харах нь үзэх ёстой зүйлийн нэг ч юм билүү хэн мэдлээ. Би түүнээс харц салгасангүй. Аврахыг ч хүссэнгүй. Аврах нь миний зорилго биш учир яалаа гэж зогсоох билээ. Харин ч бүр үсэрч ядаад байхаар нь араас нь дэм болчихмоор санагдана. Түүний хэрхэн яаж шаналахыг харах нь илүүтэй сонин учир тэгж төвдсөнгүй. Би оволзох догдлолоо дарсаар байлаа. 

Эхний хэдэн хоромд тэр асар их гачлан дундуур хэдэн арван жил туучаад ирэх шиг барайж хүрлийсэн царайтай байлаа. Дандаа зовж амьдарсан уу гэхээр үгүй ч юм уу. Яагаад ч юм би түүний бодлыг уншаад байх шиг санагдсан тул надад улам сонирхолтой болж ирэв. 

Түүнтэй нүүрлээд буй зовлон бол миний мэдэх хамгийн тод томруун жаргал байлаа. Жаргалыг хүмүүс маш олон зүйлээр хэмждэг. Инээдээр, нулимсаар, хамтдаа байх цаг хугацаагаар, идсэн хоолоороо, бэлгийн таашаалаар, гажуудлаар, хэрүүлээр, хараалаар, ерөөлөөр гээд хүний тоо олон болох тусам жаргал бас зовлонгийн төрөл олон. Заримдаа тэд аль нь жаргал, аль нь зовлон болохыг ч үл ялгана. Тэдний нэг нь энэ. Тэд өдий болтол жаргал зовлонгийнхоо хамгийн гайхамшигт цэгийг олоогүй л явна. Харин би үүнийг үхэл хэмээн төсөөлдөг. Тиймээ, үхэл бол зовлонгийн ч туйл, жаргалын ч охь. Хачин юм шиг санагдаж болох ч магадгүй хамгийн оновчтой хувилбар. Хувилбар ч гэж дээ хамгийн сонгодог зүйрлэл. Би тэгж л бодсон. Тэгээд л энэ хүнийг түлхчихсэн үү гэж асуумаар байна уу? Үгүй дээ, би түлхээгүй. Гэхдээ хориогүй.

Дараагийн хэдэн хоромд түүний царай улаа бутраад юу болов гэмээр хувирч, амар амгалан ноёлж ирэв. Би бас л мэдэрч эхэллээ. Тэр дурлаж байна. Яагаад ч юм би тэр нэгэн ялдамхан бүсгүйг харж байх юм. Солонго шиг сайхан бүсгүй ажээ. Голын урсгал шиг ямар сайхан бүсгүй вэ? гэж би шүүрс алдав. Түүний инээмсэглэлийг харвал ямар ч эр сэтгэлээ алдмаар. Эрхэмсэг харц, цав цагаахан турьхан хүзүү, хацраа наагаад удаан хэвтмээр ангир ялгуун цээжтэй юм. Ийм бүсгүйд энэ нөхөр битгий хэл би ч гэсэн дурламаар бодогдоно. 

Түүний зэвхий царайд цус гүйж, улаа бутраад, харц нь согтонготож, хайлан урсах мэт болов. Тэрээр амраглаж байгаа бололтой. Гэзгээ сул асгаж, нүдээ анин, амаа хагас ангайх анхилхан бүсгүй шилэн хүзүүгээрээ хойш ярган, аяархан гинших нь надад хүртэл мэдрэгдэнэ. Ийм ариухан амраглалыг хэрийн эр үзээгүй байх. Бодож байгаа тэр битгий хэл бодлыг нь чагнаж суугаа би хүртэл биеэ байдгаар нь авчиж сууна. Тийм сайхан ариусал тэгэсгээд л дуусах нь харамсмаар. Хөндлөнгийн би хүртэл бие тавирчихлаа. Миний энд ирсний хэрэг бараг бүтчихлээ гэж тохуурхсан ч болмоор санагдана. 

Ингэхэд би энэ цавчим хадан дунд хэзээ, яах гэж ирсэн юм бол? Ямар ч байсан би түүнээс түрүүлж энд ирсэн юм байна. Миний дараахан тэр ирсэн. Гунигт бодолдоо дарагдсан тэр намайг анзаараагүй байх. Би ч маш хурдан нуугдсан л даа. Хошуугаа унжуулан уруу царайлах түүнийг харахаар инээд хүрээд байсныг яана. Өрөвдмөөр доожоогүй, арчаагүй амьтан. Амиа хорлох гэж яваа амьтныг арчаагүй гэхээс ч яахав дээ.

Атирсан бие маань чилэх хэдий ч мэдэгдэхгүйн тулд хөдөлгөөнгүй суусаар байлаа. 

Одоо түүний улаа бутарсан царай эрсхэн өөрчлөгдөж эхэллээ. Өнөө хонгорхон бүсгүйн дэргэд нэгэн залуугийн дүрс сүүтэгнэж эхлэв. Залуугийн дүрс ойр ойрхон үзэгдэж эхлэхэд тэр дургүй байгаа нь илт. Гэтэл аргагүй юмаа. Тэр дүрс төдий биш өөрөөс нь залуухан, халуухан, царайлаг юмсанж. Манай үхлийг хүсэгчийн царай одоо үнсэн саарал болжээ. Яг л сүнс нь явчихсан хүн шиг. 
Тэрээр тэнгэрийн хаяа ширтэн хамаг биеэ сул хаян зогсоно. Жаргаж буй улаан нарыг хамгийн сүүлчийн удаа харж зогсоо түүний нүднээс нулимс мэлмэрч эхлэв. Энэ нөхөр ер нь яагаад амиа хорлох гэж ингэтлээ зүтгэнэ вэ? Амины үнэтэй юу тохиолдсон байж болох билээ гэж бодохын сацуу над руу нэг их ухаа ягаан шингэн үсчиж, халуун бүлээн цусны нялуун үнэр үнэртэх шиг болов. Энэ арчаагүй эр хүн алсан юм байж. Арай өнөө ялдамхан бүсгүйгээ хөнөөсөн юм биш үү гэж таамаглав. Тэгтэл мань эр миний бодсоныг батлах гэсэн мэт енгинэтэл уйллаа. Алуурчин болгон зоригтой байдаггүй гэсэн үнэн бололтой. 

Гэм хийчихээд гэмших нь зөв боловч үнэндээ бол хожимдол. Хожимдсон бүхэн үнэ цэнэгүй. Тэгэхээр энэ залуу хүн алсан л бол үхэх нь хэнд ч хамаагүй. Үхсэний дараах ертөнцөд ч өршөөл гэж үгүй. Түүнийг энэ ертөнцөөс ангид хаанахын ямар ч орон зай хүлээж авахгүй. Тийм атал одоо уйлах бол бүр утгагүй шүү дээ гэж бодож байтал 

- Хүүе, Хүн гуай, та чинь яаж байна аа? гэх хүүхдэрхүү хэрнээ сандарсан дуу тэр цавчим хадаар нэг хадаад явчихлаа. Гайхан харвал хаанаасаа ч гараад ирсэн юм бүү мэд нэг залуухан бүсгүй юу юугүй гүйгээд ирлээ. Миний сандарсан гэж юүхэв. Хүн үхэх тэр торгон мөчийг амттай сайхнаар харж, тэр их зовиурыг маш ойроос мэдрэх гэж суухад гай газар доороос гэгчээр гэнэтхэн гараад ирдэг. Миний цээжинд бөөн харуусал оргилохтой зэрэг биеэ барьж дийлэлгүй бүсгүйн хөлнөөс татаад унагачихлаа. 

Бүсгүй өөрийгөө бүдэрч уналаа гэж бодов бололтой босож өвдгөө нэг гөвмөр болоод дахин ухасхийхэд нь би бүр түлхээд унагав. Тэгтэл бүсгүйн араас үеийн болов уу гэмээр залуу гүйж ирэв. 
- Яасан бэ? Зүгээр үү? гэж залуу бүсгүйн хөл гарыг үзээд
- Үг сүггүй гүйчих юм. Гайхлаа ш дээ гэж зандрангуй хэлэхэд 
- Би зүгээрээ. Энэ хүнийг хардаа, үсрэх гээд байна гэж хашгирав.
- Зүгээр л зогсож байгаа байлгүй дээ. 
- Үгүй ээ, яг л үхэх гэж байгаа хүн шиг байгаа биз дээ? Хоёулаа болиулъя л даа. Үхчихвэл яахын бэ? гээд хоёулаа ухасхийхэд нь би бас л унагачихлаа. 

Тэдний чимээнээр нөгөө туранхай эр эргэж харснаа хоёр гараа толгой дээрээ өргөж хүч авах гэсэн мэт саваад тэртээ доошоо үсэрлээ. Би ч ухасхийв. Намайг түүнийг аврах гэж ухасхийсэн гэж битгий бодоорой. Унахдаа царай нь ямар болох бол гэсэндээ л тэр шүү дээ. Хамгийн сонин нь доошоо унаж яваа түүний нүүрийг би доороос нь харах шиг болов. Царай нь үнсэн хөх болсон атлаа битүүхэндээ жаргалтай байх шиг санагдсан даа. Яг л амар амгалан руу тэмүүлэх мэт гэмээр юм уу. Хором хүрэхгүй хугацааны дараа түүний азгүй бие тэртээ доор, хад асган дунд эв хавгүйхэн сул хэвтэж байлаа. Залуу бүсгүй хоёр миний дэргэд ирэв. Хамгийн сонин нь тэд намайг харахгүй байсан юм. Одоо нэгэнт бүх зүйл миний хүссэнээр дууссан хойно тэдэнд садаа болохыг хүссэнгүй. 

- Түүнийг аварч чадсангүй гэж бүсгүй хачин их харамссан өнгөөр хэлээд чимээгүйхэн уйллаа. Залуу бүсгүйн мөрөөр тэврээд
- Хоёулаа хичээсэн шүү дээ хайрт минь. Түрүүн тэнд хоёулаа халтирч унаагүй бол амжих байсан ч байж болох юм гэлээ. 
- Орчлонгийн түм буман хүмүүс дотор мэр сэр ийм азгүй тэнэг нэг нь байдаг юм шүү дээ. Түүний сонголтын зөв бурууг бидний ухаан биш тэс өөр хэмжүүр шүүдэг юм гэж намайг хэлэхэд тэд огт сонссон шинжгүй бие биенээ тэвэрсэн чигтээ хөдөлгөөнгүй зогсоно. Гэнэтхэн би гайхаж эхлэв. Тэднийг татаж унагахад ч мэдээгүй. Сая бас намайг сонсоогүй. Тэгэхээр энэ юу болоод байна. Би гайхсаар. 
- Чи ингэж чадах уу? гэх бүсгүйн асуулт миний бодлыг сарниав. 
- Үгүй чиш, Яасан гэж үхэх юм?
- Дурласан бол яана
- Дурлалаас болж үхэх гэж үү?
- Би бол чадна аа. Хэрэг гарвал хэнээр ч хориулахгүй
- Юуны төлөө? Хайр уу?
- Чиний төлөө. . . гээд бүсгүй залууг биш тэртээ доор хэвтэх амьгүй биеийг ширтлээ.
- Би чамайг тэгтэл нь зовоохгүй ээ хайр минь гэж залуу хэллээ. 
“За тийм л байх даа чи. Мөдхөн л үйлийг нь үзээд эхлэх байлгүй” гэж бодох зуур Залуу Бүсгүй хоёрын харц над руу үзэн ядсан өнгөөр зэрэг ширтлээ. Тэдний харц “чи түүнийг хамгаалах ёстой байсан” гэсэн зэм хургажээ. 
Намайг хараад байгаа юм биш үү гэж бодогдлоо. Гэтэл тэд биш тэс өөр ертөнц намайг ширтэж байгааг ойлголоо. Учир нь би газраас нэгэнт хөндийрч эхэлсэн байлаа. Тэр залуус доошоо харж байхад харин намайг ширтэх дөрвөн улаан нүд дээшээ, намайг харж байв. Гэхдээ нэгэнт хөвөөд эхэлсэн би тэрүүхэн зуур юу болоод байгааг ойлгож ядна. Яагаад би хөөрөөд байгаа юм бол? 
Ер нь ингэхэд тэд намайг хараагүй, би тэднийг татаж унагаагүй, тэд ч миний хэлснийг сонсоогүй юм биш үү. Би л тэгсэн гэж бодоод байгаа юм байна шүү дээ. Энэ чухам юу болоод байна аа? 

Нэг мэдсэн чинь би улам дээшээ хөөрчээ. Арга ядаад өөрийгөө хартал надад бие гэх юм байсангүй. Би өөрөө ч байсангүй. Сая л бүхнийг ухаарлаа. Би л түүнийг дагуулж энэ хадан хавцалд ирсэн юм байна. 

“Ээ новш гэж. Би дахиад л хий хоосон дундуур хэдэн мянган жилээр хэрэн хэсэх ёстой болох шив”.

Улаанбаатар хот. 2015.04.20


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна