Д.Сумъяабазар: Үндэсний баялгийн санг Ерөнхий сайд толгойлбол өмчдөө илүү ойр, шийдвэр гаргах нь хурдан

2018/03/06
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзсан. Тэрбээр уулзалтын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Алтны салбарт өнөөдөр тулгамдаж буй зүйл юу байна. Уг салбарыг хариуцлагажуулах, хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?


-Нөхөн сэргээлтээ хийдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүд бий болоосой гэж хүсэж байгаа. Мэдээж аж ахуйн нэгжүүд маань ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татвар, хүн амын орлогын албан татвараа төлөөд явж байгаа. Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжүүд 25 хувийн татвар төлөх ёстой байдаг. Тиймээс энэ тал дээр жаахан зугтах тал руугаа байна уу гэж бодож байна.

Бид цаашид татварын шаталсан бодлого хэр оновчтой вэ, эсвэл худалдааны нэг татвартай болох юм уу гэдгээ маш ойлгомжтой байдлаар шийдэх ёстой. Дэлхийн улс орнуудад маш олон жишээ явдаг. Энэ тал руугаа авах ёстой, татвараа улс зайлшгүй авах ёстой. Ер нь хариуцлагатай байх тал руу шахна.

-Орон нутгийн иргэд нөхөн сэргээлттэй холбоотойгоор алт олборлогчдыг их эсэргүүцдэг. Энэ tan дээр цаашид салбар яамны зүгээс хэрхэн ажиллах вэ?

-Орон нутгийн иргэдийн бухимдаж байгаа зарим зүйл байгааг үгүйсгэж болохгүй. Ялангуяа, байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудал дээр онцгой анхаарах ёстой.

Аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ хийгээд, байгаль орчиндоо нийгмийн хариуцлагаа хүлээгээд явж байна уу, үнэхээр бичил уурхайчид нөхөрлөл хэлбэрээр ороод нөхөн сэргээлтийг буцаагаад бусниулаад байна уу гэдгийн ялгааг бодитоор мэдэх ёстой. Үүний тулд яамнаас тодорхой ажлын хэсэг гаргаж байдал дээр нь очиж үзэх төлөвлөгөө гаргаж байгаа. Гэхдээ яг нарийвчилсан байдлаар урьдчилаад хэлчихээр арга чарга ихтэй болчихсон өнөө үед хариуцах хүмүүс нь зугтаах гэх зэргээр олон хүндрэлтэй зүйл гардаг.

Цаашид уул уурхайн салбар дотроо алтны салбарыг зайлшгүй үндэсний хэмжээнд дэмжиж явуулах ёстой. Г ол нь хариуцлага дутагдаад байна. Бичил уурхайг бид татвар төлдөг, нөхөн сэргээлт хийдэг, сум орон нутгийн хөгжилд тус дэмээ өгдөг байвал иргэд олон нийт бухимдахгүй. Үүнд ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана. Юм бүхнийг шинэ хууль гаргаж ажиллана гэхээс илүү орон нутаг, хүн рүүгээ чиглэж ажиллах бодлого хамгийн чухал. 

Хүнийг ажил хийх боломжоор нь хангадаг, эргээд нийгмийнхээ үүргийг ухамсарладаг тал руу явуулах хэрэгтэй. Түүнээс биш болохгүй бүтэхгүй бүх зүйлийг хуулиас боллоо гэж болохгүй. Үүнээс зайлсхийж явах ёстой.

-Монголбанкинд алт тушаахдаа иргэдээр дамжуулж байна гэсэн зүйл яригддаг. Энэ талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Татвараас зугтааж байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд сайн судлах байх. Ер нь олон шатлалтай татвар хэр зохимжтой юм бэ, энэ хүртэл та нар яв, үүнээс цааш та нар өөрөө зохицуул гэсэн ойлголтыг өгөөд байна л гэж бодож байгаа. Тийм учраас худалдааны татвар гээд нэг л татвартай болчихвол бүх зүйл ойлгомжтой болно.

-Тусгай зөвшөөрөл олголттой холбоотой асуудлаар тодруулна уу? 

-Тусгай зөвшөөрөл олгох комисс шинээр байгуулагдсан. Ер нь өнгөрсөн оны 10 сард ажил авснаас хойш тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал маш их хэл ам дагуулж байгаа. Хамгийн оргил үедээ тусгай зөвшөөрөл газар нутгийн 45 хувьд хүрч байсан. 2008 онд 31 орчим хувь, 2018 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл газар нутгийн нэг хувь, хайгуулынх 4.7 хувьтай тэнцэж байна. Энэ дундаас гадаадын хөрөнгө оруулалттай. дотоодын аж ахуйн нэгж, мөн цэвэр 100 хувийн хөрөнгө оруулалттай гэж салгаж гаргасан.

-Цаашид сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн. Хэрхэн явагдах вэ?

-Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтаар хай-уул хийсэн талбай дээр сонгон шалгаруулалт зарлах хуультай. Өнөөдөр зургаан талбай дээр сонгон шалгаруулалт зарлах товтой байгаа. Мөн өргөдлөөр авсан талбайгаа буцаагаад сонгон шалгаруулалтаар оруулах асуудал мөн явж байна. Түүнээс өргөдлөөр талбай олгох хуулийн зохицуулалт байхгүй болсон.

Ер нь салбарыг хөгжүүлье гэж байгаа бол өргөдлийг тодорхой хэмжээнд зэрэгцүүлж явахгүй бол хайгуулын ажил үнэхээр зогсох юм байна. Би өмнөх шиг замбараагүй лиценз олгох байдлын эсрэг байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр манай ард иргэдийн санаа зовдог, бухимддаг зүйл их байдаг. Тиймээс иг. тод нээлттэй, шударга байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг л хэрэгжүүлж ажиллана.

-“Эрдэнэс Тавантолгой"-н захирал өргөдлөө өгсөн гэж байсан. Энэ нь “Эрдэнэс Монгол” дээр зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Баялгийн сан байгуулах гэж байгаатай холбоотой юу?

-Ажлаа өгөөгүй. Өргөдлөө ч өгөөгүй. Өчигдөр уулзсан. Ажлын төлөвлөгөөгөө товч танилцуулаад гарсан. Цаашид Тавантолгойн бүлэг орд дээр суурилсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинээр гэрээ хийх асуудлууд гарах тул уг гэрээг ямар дүрэм журмаар яаж зохицуулах вэ гэдгийг Ерөнхий сайдтай ярьж байж Засгийн хэмжээнд ярьж шийдвэр гаргана. Би дур мэдээд гаргаж болохгүй. Ер нь Тавантолгойн бүлэг орд нэг аж ахуйн нэгж гэдэг утгаараа биш, Монгол Улсын үнэт орд гэдэг талаас нь хандах ёстой. Тиймээс гарч байгаа шийдвэр нээлттэй ил тод байх ёстой.

Мөн “Эрдэнэс Монгол”-ыг бид баялгийн сан болгоно. Энэ нь компаниудын нэгдэл байгаа. Жишээ нь 6 стратегийн орд дээр суурилсан 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Идэвхгүй байгаа нь 4, идэвхтэй нь 7 байна. Энэ 16-аас гадна 39 орд байгаа шүү. Тиймээс төр өмч рүүгээ ойртох ёстой. Хамгийн наад зах нь 1,072 хувьцааг бид бүртгэлжүүлж, баталгаажуулна. Бүртгэлжүүлж баталгаажуулна гэхээр шууд мөнгөн хэлбэрт шилжих юм шиг хүмүүс ойлгоод байна. Энэ бол хамгийн сүүлийн үйл явц байна.

Энэ төсөл эхлээд амжилтад хүрэхийн тулд гэрээ хэлцэл хийгдэж, дараа нь үүнийг дагасан бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил явна. Үүний дараа ямар хэлбэрээр хөрөнгийн бирж дээр гаргах вэ, хэчнээн хувьцааг ямар үнээр гаргах вэ гэсэн нарийн судалгаа тооцоо гарна. Энэ бүхний эцэст хувьцаа мөнгөжих хэлбэр рүү орно. Сүүлд болох ажлыг хамгийн түрүүнд авчирчхаад үржүүлээд тооны машин дээр бодоод байж болохгүй. -

-Баялгийн санг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу. Энэ сангийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ер нь манай УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөллүүд Норвегийн баялгийн сан, Эмиратын баялгийн сан гээд их явж танилцсан байдаг юм билээ. УИХ-ын гишүүд Норвегийн баялгийн сангаас жишээ татсан байдаг. Энэ нь Хүний хөгжил сан. Хүний хөгжил сан дээр хөрөнгө мөнгө татан төвлөрүүлж байгаад тэндээсээ зохицуулалт хийх хуулийн төслүүд явсан байдаг. Мөн Ирээдүйн өв сангийн хуулиа бас Норвегийн баялгийн сангаар жишээ татсан.

Гэхдээ Баялгийн сан арай өөр зохицуулалтаар явна. Ер нь Демасек гэдэг бол Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бүртгэсэн бүртгэлийн хэлбэр. Норвегийн баялгийн сан гэхэд тусдаа зохицуулалтаар явдаг. Жишээ нь, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болж хуримтлал үүслээ гэхэд Норвегийн баялгийн сан 9.7 тэрбумыг сан дээрээ татаж, үлдсэн 3 хувийг нь л засаг руугаа өгдөг. Тэндээс төсөв рүүгээ ороод үйл ажиллагаанд зарцуулагдаад явдаг.

Харин 97 хувийг хуримтлал болгоод гадаадын хамгийн өндөр үнэтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааг худалдаж авдаг. Тэр нь бас хязгаарлалттай. Нэг хоёр хувиас хэтрүүлэхгүйгээр авдаг. Тухайлбал, Фейсбүүк, Nestle-ийн хувьцааг ч юм уу худалдаж авдаг. 9000 аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж аваад эхний топ 20 дотор өгөөжийг нь хардаг. ,Жилдээ 20-23 хувийн өгөөжтэй явж байгаа.

Харин бид хуримтлалаа шууд эдийн засаг руугаа оруулаад алдаа хийсэн шүү дээ. Үүнээс болж үнийн өсөлт явагдсан. Энэ бүхнийг Голланд өвчин гэж ярьсан. Тиймээс өнгөрсөн алдаагаа дүгнээд явах л хэрэгтэй. Ер нь хязгаарлалтууд тавьж өгөх ёстой юм байна гэсэн бодол байгаа. Сангийн сайд, Ерөнхий сайдын хүрээнд ярьж зөв шийдлээр явах ёстой. Одоо бид орлогоо олчхоод үрэн таран хийж болохгүй. Ялангуяа халамжийн бодлого огт болохгүй. Бид хуримтлал бий болгож дэд бүтэц бусад салбарт хөрөнгө оруулалт хийж өгөх ёстой.

-Цаашид баялгийн санг Ерөнхий сайд удирддаг болж, бүтцийн өөрчлөлт хийнэ гээд байгаа. Энэ тухайд?

-Бүтцийн өөрчлөлт гэхээр хүн халж солих талаасаа биш. Хувь хүн талаасаа байж болохгүй. Бид зарчим л ярих ёстой. Бид хөгжих юм уу? Тийм бол зөв зохион байгуулалтад оръё гэсэн санаа явж байгаа. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжийн нэгдэл буюу баялгийн сан болох ёстой. Дэлхийд амжилттай явж байгаа улс орнуудын гол нууц нь үндэсний баялгийн сантай холбоотой.

Норвегийн сангийн жишээг авахад Сангийн сайд голлох бодлогоо барьдаг, бодлогын зохицуулалт хийдэг, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Төвбанк нь өдөр тутамдаа менежментийн зохицуулалт хийж явдаг байгаа. Мөн богино хугацаанд эрчтэй гарч ирсэн Үндэсний баялгийн сан гээд Казахстаныг жишээ татаж яриад байгаа. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь өндөр өсөлттэй болсон.

Казахстаны Үндэсний баялгийн сан дотор тус улсын 100 аж ахуйн нэгжээс томоохон 67-г нь оруулсан. Энэ сангаа Ерөнхий сайд нь ТУЗ-ийн дарга хийгээд бодлогоор удирддаг. Мэдээж гүйцэтгэх ажилтнууд нь мэргэжлийн хүмүүс байдаг. Эмират бас ийм жишээтэй. Ер нь бүх сангууд ийм жишээтэй байгаа.

-Та ямар хувилбарыг дэмжиж байгаа вэ?

-Мэдээж “Эрдэнэс Монгол” ХХК гэхээр компанийн тухай хууль энэ тэр гээд янз бүрийн өнцгөөс нь тайлбар өгөөд байдаг. Би зүгээр Үндэсний баялгийн сан гэж байгуулаад Монгол Улсын Ерөнхий сайд энэ сангаа толгойлоод явбал өмчдөө илүү ойр, шийдвэр гаргах нь хурдан, гаднын хөрөнгө оруулагч нарт шууд итгэл төрөх маш зөв бүтэц гэж харж байгаа. 

Улс төрөөс ангид гэж гоё үг гарч ирээд байгаа. Улс төрөөс ангид 27 жил явсан. Тэгвэл Норвегийн баялгийн сан удирдаж байгаа Сангийн сайд нь манайхны яриад байгаа, гаднынхны манайд ирээд сурталчлаад байгаа ярианы хэлбэр дотор орчихсон байгаа шүү дээ.

Б.Төгөлдөр
Эх сурвалж: Өглөөний сонин

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна