Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн технологи хөгжүүлэгч бизнесменүүд Улаанбаатар хотноо өнөөдөр уулзлаа. Энэ уулзалтаар Япон улсаас гаргаж буй TOS хэмээх шинэ төрлийн койны техникийн семинарыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Мөн “Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.КёкүшюзанБатбаяр сонгогдлоо.
ТОС койны блок үүсгэх хугацаа болон шилжүүлгийн хурд нь Биткойноос 10 дахин их. Өөрөөр хэлбэл, ТОС нь цаг тухайд нь өгөгдлийг түргэн шуурхай боловсруулахыг шаарддаг төлбөрийн системд зориулан хөгжүүлсэн койн ажээ. Эдгээр койнууд PoW олборлолтын хэлбэрийг ашигладаг. Нийт 6 тэрбум ТОС койн олборлох боломжтой ба энэ нь Биткойноос (21 сая) тооны хувьд илүү юм байна.
"ТОС КОЙНД ЯПОНЫ ТОЁОТА, БНСУ-ЫН САМСУНГ, ХЮНДАЙ ЗЭРЭГ ТОМООХОН КОМПАНИУД ХӨРӨНГӨ ОРУУЛСАН БАЙГАА"
Энэ талаар Д.КёкүшюзанБатбаяр “Азийн орнуудаас ирсэн мэргэжлийн улсууд маань хуралдаж албан ёсоор ерөнхийлөгчөөрөө монгол хүн сонгоё гээд намайг сонголоо. Хамгийн гол нь Азийн орнууд Монгол руу хүч түрж орж ирж хурлаа хийж байгаа нь чухал юм.
ТОС койн гэж шинэ криптовалют гэж гаргаж байгаа. Тос гэсэн монгол үгийг анх Япончууд санаачилж, миний хувьд саналаа өгсөн. Монголчууд өрмийг нь авна гэж ярьдаг. Тиймээс тос гэдэг үг тохиромжтой гэсний үндсэн дээр Япончууд ийм нэртэй шинэ койн гаргаж байгаа юм байна.
ТОС койнд Японы Тоёота, БНСУ-ын Самсунг, Хюндай зэрэг томоохон компаниуд хөрөнгө оруулсан байгаа.
Монгол Улсын хувьд эрчим хүч, хүрэн нүүрсний нөөц бололцоо ихтэй. Тиймээс блокчэйн технологи хөгжихөд тохиромжтой” гэдгийг онцлов.
"ЦАХИМ МӨНГӨНИЙ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХУВЬД ЯПОН УЛС ӨНДӨР ХӨГЖИЖ БАЙНА"
Харин блокчейн суурилсан цахим мөнгөний хөгжлийн талаар Японы “Tос инк” компанийн Гадаад харилцаа хариуцсан албаны захирал Такахаши Акихиро “Бидний үйл ажиллагааны гол онцлог нь техник технологит суурилсан. Япон бол цахим төлбөрийн систем хөгжиж байгаа хамгийн анхны улсуудын нэг. Цахим мөнгийг техник технологитой холбож чадсан анхны компаниудын нэг нь манайх юм.
Японыг үлгэрчлэн дэлхийн олон улсууд энэ чиглэлийг хөгжүүлж байна. Япон улс энэ жилийн 4 дүгээр сараас эхлэн төлбөрийн системд цахим мөнгийг ашиглахаар тусгаж байгаа. Цахим мөнгөний хууль эрх зүйн хувьд Япон улс өндөр хөгжиж байна. Тиймээс Монгол Улс энэ туршлагыг ашиглан цахим мөнгийг хөгжүүлнэ гэж итгэж байна” гэв.
"БИДНИЙ ХУВЬД ОЛОН УЛСАД ӨӨРСДИЙН ЦАХИМ МӨНГӨӨ ТАНИУЛАХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙГАА"
ТОС койны ирээдүйн талаар БНХАУ-ын Куан Шик Юн компанийн Гүйцэтгэх захирал Тан Чик Хай "ТОС койныг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах боломжтой учраас та бүхэн кофег ч, машиныг ч энэхүү валютаар худалдаж авч болно.
Үнэ нь энэ сарын сүүлээр Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Монгол гээд таван улсад нэгэн зэрэг зарлагдахаар болсон.
Биткойнтой харьцуулбал шинээр гарч ирж байгаа ч бидний хувьд олон улсад өөрсдийн цахим мөнгөө таниулах бодлого баримталж байгаа” хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна