Технологи хүний хэрэглээнд гүн нэвтэрч байгаа өнөө үед дижитал ном, сэтгүүлийн ирээдүйд итгэхгүй байх шалтаг алга

2018/03/21
Сэрмэгүн хэмээх соёл, уран зохиолын дижитал сэтгүүлийн редакцийг танд танилцуулж байна. 1980-аад оны уран  зохиолын том төлөөлөгч “Паанан” гэх зохиолооороо овоглогддог тус сэтгүүлийн эрхлэгч Д.Энхболд,1990-ээд оны төлөөлөгч үргэлжилсэн үгийн зохиолч Т.Бум-Эрдэнэ “Хүрээ ахан дүүс” утга зохиолын бүлгэмийн гишүүн Г.Батнасан гэх эдгээр эрхэмүүдтэй ярилцсанаа хүргэе. Та сэтгүүлийг уншихыг хүсвэл Mplus апплейкшнаас үнэгүй унших боломжтой. ​

Сэрмэгүн гэх сэтгүүлийн нэрний тухай яриагаа эхлэе?

Д.Энхболд: Хаврын дөнгөж ургаж байгаа нялх, шинэ ногоог сэрмүүн ногоон өвс гэдэг. Шинэ, сэргэг гэсэн үг. Худам монгол бичгээр сэрмэгүн гэж бичигддэг болохоор тэр бичиглэлээр Сэрмэгүн хэмээн сэтгүүлээ нэрлэсэн.

Нэрнээсээ үүдээд сэтгүүлийн бодлого уран  зохиолын салбарт шинээр төрж байгаа залуусыг таниулахад оршиж байна уу?

Г.Батнасан: Мэдээж шинээр төрөн гарч байгаа залуусын шилдэг бүтээлүүдийг гаргана. Гэхдээ зөвхөн шинэ зохиолоор хязгаарлана гэсэн үг биш. Харин аль ч цаг үед уншсан хүнд шинэ соргог мэдрэмж төрүүлж чадах зохиолыг дээжлэн хүргэх бодлоготой. Сайн зохиол аль ч цаг үед шинээр танигдаж байдаг шүү дээ. Тиймээс сэтгүүлээс маань “Алтан үеийн зохиол”, “Эртний уран зохиолыг” ч унших болно.



Яагаад дижитал сэтгүүл гэж?

Д.Энхболд: Дижитал сэтгүүлийн хамгийн том давуу тал нь хил хязгааргүй юм. Архангайгаас эхлээд Австралид ч уншихаас гадна цаасан хэвлэл шиг лангуунаас бууна, алга болно гэж байхгүй. Бас нөгөө PDF шиг хулгайлагдаад алга болно ч гэж айхгүй. Ер нь уран зохиол өөрөө цаг хугацаа үл хамааран хүний хэрэглээ байдаг.  Угаасаа хүнд автобус унаанд явахаас эхлээд хүлээлгийн цаг их гардаг. Энэ үедээ хүмүүс утсаа л оролддог. Залуусыг харахад утсаараа фейсбүүк ухахаас эхлээд хэрэгтэй хэрэггүй мэдээлэл авч байна. Үнэндээ өөр юм уншъя гэхээр бас унших юм хомс. Тэр  хугацааг зөв ашиглан, хэрэгтэй зүйлээ унших бага ч гэсэн орон зайг Сэрмэгүн сэтгүүл нөхөх болов уу. Бид сэтгүүлээрээ дамжуулан гоо зүйн болоод оюун санааны охийг уншигчдадаа өгөх зорилготой. Манай сэтгүүлийн хамгийн том давуу тал бол интернетээс татаж аваад дараа нь сүлжээгүй газар ч уншиж, сонсож, үзэж болно. Хүмүүс уншихгүй байгаа нь унших бололцооноос бас шалтгаалж байгаа юм.

Т.Бум-Эрдэнэ: Хүмүүс юун сонсох, үзэх билээ гэж гайхаж магад. Жишээ нь та сүүлийн дугаараас С.Дашдооров, Д.Намсрай, Б.Догмид нарын “Утгын чимэг” наадамд түрүүлсэн өгүүлэгүүдийг уншихын зэрэгцээ Г.Равдан гавъяат, радиогийн Цэцгээ хөтлөгч зэрэг өгүүлэхүйн урлагийн мастерүүдын ушсанаар сонсоно. Тэгтэл бас залуу яруу найрагч Б.Батзаяагийн “Лонхонд байсан шүлгүүд” -ээс өөрийнх нь дуу хоолойгоор сонсож, дотоод сэтгэлийг нь илүү гүнзгий мэдрэх боломжтой. Нэг үгээр “Зурагт зулын хойморт” гэдэг шиг гар утсанд гайхамшиг ирж байгаа эрин үед бид утга зохиолыг хүнд илүү ойр, илүү сонирхолтойгоор хүргэх сэтгүүлийг бүтээж байгаа юм.  Манай дизайнерүүд орчин үеийн төвшинд зураг чимэглэлийг хийж, инженерүүд маань хүнд хамгийн амар ойлгомжтой интерактив шийдлүүдийг хийж байна. Нэг үгээр бид сэтгүүл дээрээ тавигдаж байгаа зохиол бүрт гүн хүндэтгэлтэй хандаж, орчин үеийн технологийн шийдлийг тухайн зохиолыг илүү олон хүнд үр өгөөжтэй хүргэхэд ашиглаж байгаа юм. Манай Woovoo-гийн инженерүүдийн боловсруулсан технологийн давуу талыг дэлхий хүлээн зөвшөөрч, нэр хүнтэй сэтгүүлүүд сонирхож байхад бид үндэсний уран зохиолын хөгжилд өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулах боломжийг ашиглаж байгаа хэрэг юм л даа.  

Дижитал сэтгүүл манайд хэрэглээ талаасаа ч , бүтээгдэхүүн талаасаа ч хөгжөөгүй. Олон зохиолч, сэтгүүлийн хэвлэлийн газрууд дээрх хандлагаас болоод дижитал руу хөрвөхгүй байгаа. Ийм үед та гурвын хувьд яг энэ дижитал хэлбэрийн юунд нь итгэж энэ салбарт ажиллаж байна вэ?

Д.Энхболд: Горхины нэг эргээс нөгөө эрэг рүү нь гарч болохгүй гээд суугаад байгаагаас ялгаагүй хандлага юм. Надад итгэл байна, энд ирээдүй бий. Өчүүхэн ч эргэлэзэх зүйл алга. Бид гурав гурвуулаа уран зохиолын хүмүүс, энэ салбарын ирээдүй, сайн сайхны төлөө санаа чилээж, өөрсдийн мэдлэг, цаг хугацаагаа үүнд л зарцуулж байна. Тиймээс уран зохиолыг хүмүүст хүргэх шинэ технологи гарч ирсэнд ихэд олзуурхан сэтгүүлээ дижиталаар хийхээр болсон. Энэ бол уншигч, зохиолчийн алинд нь ч таатай шинэ шийдэл юм шүү дээ



Т.Бум-Эрдэнэ: Технологи хүний хэрэглээнд гүн нэвтэрч байгаа өнөө үед дижитал ном, сэтгүүлд итгэхгүй байх шалтаг алга.  Хүн төрөлхтний урлагийн хөгжил эхлээд амьтан төвтэй, дараа нь хүн амьтан төвтэй, одоо бол хүн технологи төвтэй болжээ. Зөвхөн кино урлаг гэхэд үүний тод жишээ юм. Хүний хэрэгцээ технологиос салшгүй холбоотой байхад дижитал ном, сэтгүүл хэрэглээнд нэвтрэх нь тодорхой шүү дээ. Хэрвээ та Pad ашигладаг бол дижитал контент бүр ч таатай хэрэглээ болно.

Г.Батнасан: Том роман, туужийг утсан дээрээс унших хэцүү гэж зарим хүмүүс бодох байх.  Харин ч орон зай цаг хугацаанаас үл хамааран унших таатай боломж нь энэхүү технологи яах аргагүй мөн. Дээр нь өнөөгийн хүмүүс утсандаа бүх юмаа авч явах хүсэлтэй болсон. Утсаараа бүхнийг амжуулахын зэрэгцээ номын сангаа ч аваад явна гэсэн үг шүү дээ. Утсаа хаясан ч хувийн номын сан нь серверт байж байна. Цаасан хэвлэл мэдээж устахгүй. Хүмүүс гэрийнхээ номын санд хэвлэмэл ном авна. Гэхдээ унших хэрэглээ нь дижитал дээр төвлөрөх болов уу.

Хэвлэмэл зах зээлийг борлуулалтаараа тэргүүлж байгаа бүтээл, борлуулалтаас үл хамааран чансаатай бүтээл гэж хоёр хувааж болмоор. Сэрмэгүн сэтгүүлийн үндсэн бодлого энэ хуваалтын аль чигийг  контентоо болгох бол?

Т.Бум-Эрдэнэ: Бидний сонголт өөрсдийн туршлага дээр тулгуурлан голоор нь байх болов уу. Сонголтын тал дээр ч бид нэлээд няхуур хандаж байгаа.



Г.Батнасан: Бид СУИС зэрэг их сургуулиудын мэргэжилтэн багш нартай зөвлөлдөн хамтран ажиллаж байна. Онолын өгүүлэл, шүүмжийг ч дугаар бүртээ оруулж байгаа. Сэрмэгүн сэтгүүл уран зохиолоос гадна соёлын боловсролд ч анхаарч байна.

Сэтгүүлд орох бүтээлийн оюуны өмчийг хамгаалах технологийн шийдлийн тухайд?

Г.Батнасан: Сэрмэгүнээс нэг мөр copy хийгдэхгүй, бас файлаар зөөгдөхгүй. Энэ бол монгол инженерүүдийн боловсруулсан онлайны PDF номыг тэтгэвэрт гаргасан шийдэл.

Уран зохиолын салбарт шинээр орж ирж байгаа залуусын зохиол бүтээлийн талаар ямар бодолтой явдгийг та гурваас асуумаар байна?

Т.Бум-Эрдэнэ: Залуус их сайн бичиж байна эсвэл муу байна гэж би ярихгүй. Сэтгэхүй нь огт өөр байна л  гэж хардаг. Олон нийтэд шууд нөлөөлдөг хүчирхэг салбарт орж ирж буй залуусын сэтгэхүй нь их бараан байх шиг. Цэв цэвэрхэн агаартай байх ёстой манай хот “утаатай” байхад залуусын сэтгэхүйд тортог байх нь аргагүй ч юм уу. Уран зохиол гэх хүний оюун санааг хүссэн зүг рүү чиглүүлж чадах энэ зэвсгийг гутранг тал руу явуулах аюултай. Гэхдээ энэ нь цус, аллага, зовлон бичиж болохгүй гэсэн зүйл огтоос биш. Энэ цагт суурин иргэншлийн соёлууд бүх салбарт одоо л дөнгөж соёлж эхэлж байна. 20, 30 настай залуусаас өмнө бичиж, туурвиж, бүтээж байсан хүмүүс нүүдлийн соёлоос дөнгөж орж ирсэн, үнэт чанар, анхдагч соёлын санагалзал нь байсан учир түүнийгээ бичдэг, унших дуртай байв. Гэтэл энэ үеийн залуусын ихэнх нь суурин ахуйд өссөн. Үүнээс үүдээд уран зохиол маань суурин иргэншлийн соёлыг их сонирхож, тиймдээ ч орчуулгын зохиол бүтээл их хүчээ авч байна. Очир эрдэнэ шиг үнэ цэнэтэй, цаашид хадгалах суурь соёл бидэнд бий. Түүнийг уран зохиолоор яаж авч үлдэх бол гэдэг надад асуулт хэвээр байна.



Сүүлийн асуултаа та гурвын хувийн уран бүтээлийн талаар асуумаар байна?

Д. Энхболд: Дуусахгүй 10 жил болж байгаа хэдэн роман бий. Янз бүрийн л шалтгаанаар дуусахгүй байгаа ч хүнд хэрэгтэй юм бичихсэн гэсэн миний хүсэл их нөлөөлж байна.

Т.Бум-Эрдэнэ: Бороо хур шиг асгарсан авьяастай хүн биш болохоор нэг туужтай ноцолдоод л байна. “Зарим юмыг бичихгүйгээр бодоод явах гоё шүү дээ” гэж хэлсэн үг намайг их уужруулав. Киноны хувьд Найруулагч Гармаатай драмын кино хийхээр хар зурган дээрээ явж байна.

Г. Батнасан: Байгаль орчны талаарсэтгүүл зүйн ажил хийх төлөвлөгөө байна.  Зохиолын тухайд өгүүллэгийн эмхтгэл дээрээ сууж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна