Эргүүлэгтээ эргэлдсээр, эрэгтээ тэмүүлсээр буй Монгол кино

2018/03/21

“Тань руу нүүж явна”(1984)-аас “Явуулын хүн”(2017) хүртэл, тэрчлэн “Эргүүлэг”(1989) хийгээд “Илд цэцэг”(2017) кинонуудын “ерөөл учрал”-ын тухайд

Оросын нэрт зохиолч Василий Шукшины “Миний хэнэггүй ах” туужаас сэдэвлэн “MSCMedia” студийнхэний хийсэн “Явуулын хүн”(2017) болон “Абсолют пикчерс” студийнхэний “Илд цэцэг”(2017) кинонуудыг үзсэнээс хойш загатнасан газар маажих шиг болж,  олзуурхан бас санаархан явдаг олон бодлын учиг үзүүр нийлэн энэхүү бичвэрийг татлан суунам.

Нийгмийн шилжилтийн үеийн монголын кино урлагт шинэ амьсгалыг зоримог оруулсан өвөрмөц найруулагчдын нэг Ч.Жумдааны “Эргүүлэг”(1989) киноны эхлэл болонтөгсгөлд Сэлэнгэ мөрний их эргүүлгээс толгой нь шоволзсон тэмүүлсээр хөл алдахгүй гараад явчихаж буй монгол морины зураглал байдгийг үзэгчид санаж байгаа байх. Бидний ярьсаар л байдаг уламжлал, шинэчлэлийн тухай төвөгтэй яриаг энд дүрслэлийн хэлээр гүн хандуулж өгсөн нь уншигддаг сан. Шинэ нийгэм, шинэ цагийн монгол киноны хөгжил эгээ л энэ үзэгдэл лүгээ эргүүлэгтээ эргэлдсээр, эрэгтээ ойртохоор тэмүүлсээр л байх шиг мэдрэгдүй... Яагаад тэр вэ? Юуны өмнө асуудлаа тодорхойлцгооё.

1.   Асуудал юунд байна вэ: Idea хийгээд Concept

Шинээр төрөх кино уран бүтээлийн тоо жилээс жилд нэмэгдсээр буй. Өнгөрсөн жилд хийгдсэн монгол кинонуудын тухай “Гишгүүр ахиж чадаагүй монгол кино” нэртэй тун хатуу тойм шүүмж гарсаныг ч санаж байна. Асуудал юунд байна вэ?

Аливаа урлагийн бүтээл дүрслэх зүйл хийгээд дүрслэх аргын зохист харьцаанд бүрэлдэн байж хөл дээрээ тогтдог. Дүрслэх арга ямар ч байж болно. Харин дүрслэх зүйл маань юу сан, яах сан билээ? гэж дахин асууя л даа.  Монгол кино хийх үү? монголын кино хийх үү гэсэн асуулт асуултын хариулт болох нь дээ. Адуу мал, хөдөө тал харуулж, нүүдлийн соёлоо плакат шиг нааж орхисноороо бүтээлийнхээ дүрслэх зүйлээ олчихлоо гэж бодвол морин дээр, мориныхоо хажууд, морио хөтлөөд, морио хараад, морьтойгоо яриа дэлгэн хуучилж дуулаад л байхаас өөр шийдэлгүй зохиолын дуучдын клип лүгээ мохоо болно. Киноны сценийг цогцоор төлөвлөхдөө тайз засал, хөгжим шум, газар болоод байршлын сонголт, жижигхэрэгсэл, нийт уур амьсгал, ѳнгѳ зэрэгт гойд ач холбогдол өгч байж бүтээл амилдаг нарийн сэтгэмжийн урлаг билээ. Зөвхөн idea (санаа) биш concept (боловсруулсан санаа) болгож сэтгэн дүрслэх зүйлтэйгээ нягт уясуулмаар байнам.

Асуудал юунд байсаар байна вэ: “Солиот эх”-ийн солиорол"






































Солиот эх"(2018) шиг, түүнээс ч “солиотой” кино болчихоор зохиолбидэнд уг нь хангалттай бий л дээ. П.Лувсанцэрэн "Ус шиг цэнхэр", "Мөнгөн аяга", П.Баярсайхан "Хөх туурийн тал", С.Дашдооров "Бууж мордох хорвоо", Гүр.Нямдорж "Тавдугаар гяндан", До.Цэнджав"Тэнгэрт хальсан тоос", Д.Намсрай "Цэцэгсийн нүүдэл", С.Пүрэв "Уулын намар", Д.Энхболд "Шар хөвийн зэрэглээ, Д.Оюунчимэг "Тэнгэрийн цаг болоогүй"... гэх мэт. Т.Бархүү, И.Одончимэг, Д.Цэрэндарьзав гээд жүжигчдийн сонголт, тоглолтын ур чадварын тухайд болоод үндэсний мэдэрхүй, түүхэн ухамсар луугаа хандсан эрэлхийлэл, эмзэглэлд өөлөх зүйл үнэндээ алга.

“Солиот эх” кинонд  1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, соёл уламжлалыг харуулсан зураачийн ажил гойд байсан ч нэг л танил дотно өгүүлэмж ирж өгөхгүй байгаа нь бид ахуйгаа хэт зохиож бүтээн, хиймлээр наалдуулахаас цааш нэг алхахгүй байгаатай холбоотой мэт. Солиотойг нь мэдсээр байж танихгүй эмэгтэйгээс удам залгах үрээ гаргуулж авахыг сэдэх, улмаар хорин байж амаржуулчихаад хөөж туух монгол эхийн сэтгэл зүй үүнийг гэрчилнэ. Гол дүрийн үггүй жүжиглэлт л монголшуулж аварсанаас биш Зэрэм болон түүний эхийн дүр сүүлдээ хоёулаа “тоглоомоос”  гарчихаж буй нь зориудын юм шиг нэг л харь хөндий. Монгол кино хийгээд байна уу? Монголын кино хийгээд байна уу? гэх асуулт дахин ургаж байна даа.

2.     Ололт хаана байна вэ: Нүүдэлчин хүн ба Явуулын хүн



Дулам гуай хүүг нь өргөж авмаар байгааг хүнээс сонсчихоод, Яасан хэцүү юм дуулгадаг хүүхэд вэ...Эх хүний зовлонг эх хүн л ойлгохгүй бол хэн ойлгох вэ дээ гэж хэлэхүйд сул барьсан шанага нь усны аялгаар нааш цааш хөвж байхыг голын цаад талаас алслуулан авсан зураглал З.Хангалын сэтгэл хөвөрдсөн хөгжимтэй эгшиглэх эгшин хэн бүхний сэтгэлийг өмөлзүүлж чаддаг билээ. Энэ бол нүүдэлчин монгол хүний сэтгэл зүй, асуудалд ханддаг арга ухааны уярам дүрслэл. Ямарваа асуудлыг нүүдлээр л шийддэг. Хүн ч хүн рүүгээ нүүдэг. Нүүдэл ч айлаа л зорьдог. Энэ бол монголчуудын уламжлалт ахуйгаас үүдэн гарсан өвөрмөц зүйл юм гэдгийг С.Оюун зохиолч, Б.Балжинням найруулагч нар гаргууд үзүүлсэн. Ганц хүүгээ алдчихаад цөхрөнгөө барахдаа бодлоо сэврээн аргал түүн аргацаж “сэтгэлээ хариулах” эхийг Цэрэн толгодын оройд тамхилан суухдаа өрөвдөж, яах ёстойг эргэцүүлэн мөн л сэтгэлээ хариулж уулзахгүй мөртөөн дотроо хайрлан, уучлан, ухааран суухдаа сэтгэлийн өврийг дэлгэж байдаг даа. Улмаар хүүгээ өвөрлөн Дулам гуайн зүг нүүнэ. Үнэхээр сонгодог бас тансаг.



Явуулын хүнд битгий итгэ. Тэд чиний хажууд байдаггүй юм гэж чимээгүйг чимээлэх мэт голын хөвөөнөө сэтгэлийнхээ үүдийг нээн
байгаа ахын үг... Василий Шукшины “Миний хэнэггүй ах” туужаас сэдэвлэсэн ч концепт(боловсруулсан санаа) нь хөрсөндөө тун монголжуу буусан “Явуулын хүн” кино эргүүлгээс эрэгт ихэд ойртон очлоо. Киноны үндсэн хөгжим нь намуухан найрал хөгжмийн аяз боловч дэлгэц дээрх  үйлдлээс гарах бүдэг дуу авиа /Diegetic Sound/-нд голлон ач холбогдол өгөөд текст багатай, цөөхөн дүрээр амилуулсан нь уур амьсгалаа тун зөв мэдрүүлж байв.

“Тань руу нүүж явна” кинонд сонгодог гэмээр нүүдэлчин монгол хүний амьдрал, сэтгэл зүйг үзүүлсэн бол “Явуулын хүн”-д нийгмийн шилжилтийн үеийн, бүр цагаачлалын ч гэж шууд хэлчихэж болохоор монгол хүний сэтгэл хийгээд амьдралын бодит нүүдэл өөрчлөлтийг давхар хүүрнэж чадсан байна. “Миний хэнэггүй ах” туужид төрсөн дүүгийнхээ сэтгэлтэй бүсгүйд ах нь, нөгөө бүсгүй ч ахад нь сэтгэлтэй болчихдог. Гэтэл ах нь нэг л өглөө зүгээр гараад явчихаж буйгаар төгсдөг. Гэтэл кинондоо ахыг нь ардаа бас татлаатайгаар нэмж үзүүлэн өөр дотроо бодож бясалгасан дүр болгосныг Н.Ялалт жүжигчин ямагт гүн рүүгээ хандаж тоглодог ухаалаг нүд, төрхөөр буурьтай гэгч нь мэдрүүлсэн. Уран бүтээлчийн бяр сууж яваа энэ төлөвшил надад “Мартагдсан дууль”, “Тань руу нүүж явна” киноны гол дүр, нэрт жүжигчин Г.Адилбиш агсныг эрхгүй санагдуулж байв шүү. Жүжигчин А.Алтантөр ч гэсэн энэ киноны цөм агуулгыг үүрч явдаг наанаа бушуу түргэн ч цаанаа өр хатуугүй малчин залуугийн дүрийг чадмаг урласан.

Ололт хаана байсаар байна вэ: Хүнлэг ёсны нүүдэл

Адуу мал багширсан тал нутгийн үзэсглэнг уртын дууны шуранхайтай алслан үзүүлэх эхлэл дунд рок хөгжмийн хэмнэл тасалдан чихарч орж ирдэг “Эргүүлэг” киног олон хүн, ялангуяа залуучууд үзээгүй байж болох юм. Нийгмийн шилжилт, түүнд тээгдэх мөн чанар, ёс суртахууны үнэлэмж, оюун санааны өөрчлөлтийн сэдвээр хийгдсэн анхны экспрессионист кино гэхэд хилсдэхгүй. Сэтгэлзүйн байдал, нөлөөлѳл, хүчтэй сэтгэл хөдлөл зэргийг хѳдѳлгѳѳнт дүрс, эвлүүлгийн уран аргаар дүрслэхдээ бэлгэдэл, эвлүүлгийн ритмийг ашиглах нь олонтаа. 2017 онд гарсан “Илд цэцэг” кино хэлбэр, төрлийн хувьд эрс өөр ч яагаад ч юм надад “Ирж яваа цаг”, “Тань руу нүүж явна”, “Мартагдсан дууль”, “Сүүдэр”, “Эргүүлэг” зэрэг үндэсний шилдэг кинонуудын нандин өгүүлэмжийг тээж чадсан мэт санагдаад байв.

“Эргүүлэг” кинонд хайнга багш, хар нүдний шилтэй дарга, хэнэггүй эцэг эхчүүд гэсэн нийгмийн төлөөл болсон дүрүүд. Мөн Содонцэцэг охинтой анх уулзахдаа зүрх цагаан гөлөг хардаг ч дараа нь мотоциклтой галзуу мэт хурдалж явахдаа дайрах, өглөө болгон эмээтэйгээ сүү дугаарлан авчихаад хог гэмээр хачин зүйл чирээд яваад байх, хүн эмнэх, мал маллах ухаан гэсэн үгсийг уйгаржин бичгээс сурах гэж хичээн байвч наанаа нохой алах даалгавар шахах дарга гээд олон хурц дүрслэл бий.

Содонцэцэг,  Илд цэцэг, Хар торгон хамжаар

“Эргүүлэг”-т зурагт, радио засварчин Батболд хэмээх залуу дарга болон үеийнхэнтэйгээ санал зөрөлдсөнөөс эвлэлээсээ хөөгдөж, эрх чөлөөтэй амьдралыг хүсэхдээ хар хувцаж өмсөж, үсээ ургуулж, рок хөгжим сонсож дураараа дургидаг бүлгэмд элсэн “тэнгэрийн сум болцгооё” гэсэн цусан тангараг ч өргөдөг. Түүнийг энэ замаас хэн ч татахыг хүсэхгүй агаад ажлаар нь дарамтлан улам хавчина. Энэ бүхнээс анагаахын оюутан Содонцэцэгийн “Хар торгон хамжаар” дууг энхэр хонгор хоолойгоор дуулахыг сонссон нь сэтгэлийг нь өвтгөсөөр явдаг. Содонцэцэг Батболдод би миний зүрх чинь шүү дээ гээд энэ замаас нь татах гэвч өөрөө мөн бузар булайд хутгалддаг. Улмаар нэг удаа Содонцэцэг Батболдын урт үсийг унтаж байхад нь хайчилж орхичихоод өөрөө унтаад өгнө. Сэрээд ухаан солиортлоо уурласан залуу нохой болж робот шиг хөдлөн өөрийн мэдэлгүй буцалж буй данхтай цаг улаан нүүрэн дээр нь асгачихдаг. Шүүх хурлын хэсэг киноны тайлал болоод төгсгөл юм.

 
“Илд цэцэг”-т үрээ хамгаалах л гэсэндээ санаандгүй хүний аминд хүрч үйлтэй зовлонд унасан эхийн шаналан, гаргаж буй үйлдийг хурц цочмог мөртөөн урин хайлган шинжтэйгээр өвөрмөц үзүүлжээ. Үүнийг харанхуй шөнө ганцаар цогцос булах гэж бие, сэтгэлийн тамираа барж тэмцэх түшгүүрт үед “Хар торгон хамжаар” ардын дууг түргэн хэмнэлтэйгээр дэвсэж өгсөн нь бүтээлийн үндсэн агуулга болсон Хонгорзулын дотоод сэтгэлийн зөрчлийг учирлаж өгөн зохирохын сацуу үнэхээр дотор зулгааж байлаа. Ухсан нүхэндээ эхэр татан хэвтэх зовлонт эхийг харахад өмөг түшиг болох ёстой эр нөхөр нь хаана гэсэн шүүмжлэлт бодол ч төрнө. Хоёр хүүхдийн эхээс гадна бие давхар Хонгорзул бүсгүйн энэхүү бие, сэтгэлийн зөрчил, хувиралыг жүжигчин Т.Өөдөө наанаа хөшингө, хойрго юм ч шиг атлаа дотроос нь хэзээ мөдгүй дэлбэ татчих гээд буй зүйлийг хатамжлан барьсан ирмэг тоглолтоор чадмаг гаргалаа.

Хүн чанарын хэргийг мөрдөхүй

Шүүгч: -Энэ хэрцгий хэргийг үйлдэхэд хүн амьтныг өчүүхэн хайрлах сэтгэл яагаад төрсөнгүй вэ? Тийм сэтгэл зүрх таньд байсан уу? үгүй юү?

Батболд: -Байгаагүй болоод л тийм хэрэг хийсэн байх. Миний эцэг бодол санааг минь нэгд нэгэнгүй ойлгодог байсан гэж бодоё. Манай байгууллагын дарга, эвлэлийн дарга надад дандаа зөв үг хэлж, зөвлөж халамжилдаг байсан болог. Элбэгийн ээж аав ч энд сууж байна. Эд нар гадаадаас авдраар нь архи, арав хориор нь элдэв юмс явуулж биднийг өөхшүүлдэггүй байсан болог. Ганцхан би зүрх сэтгэлгүй робот учраас эрдэм шинжилгээний зориулалттай гэмгүй байсан нохдын хорин нэгийг хэрцгийлэн алж, арван гурвыг нь шархдуулан зовоож, миний хайрт бүсгүй Содонцэцэгийн нүүрэн дээр буцламхай халуун ус асгаж үзэшгүй бузар нүгэл үйлдсэн. Би үүнийг санаатай хийгээгүй. Надад зүрх байхгүй. Зүрх байхгүй юм чинь сэтгэл өвдөхгүй. Өвдөх сэтгэлгүй болохоор робот. Намайг, машиныг, роботыг шийтгэх хууль байхгүй биз дээ. Та нар, та нар юуг нь харсан юм бэ? Юуг нь харсан юм. Та нар бидэнд чин сэтгэлийн сургаалийн үгээ хэлдэггүй шүү дээ. Үнэндээ ингэхээр бидэнд айж ичих юм юу байгаа юм бэ? Бид юугаараа бахархах юм бэ? Юугаараа гайхуулах юм бэ? Хэлээд өгөөч. Яагаад та нар биднийг ийм робот болгочихов оо. Хэлээд өгөөч ээ. Хэлээд өгөөч.

Хохирогч бүсгүй Содонцэцэг: -Би гомдолгүй ээ. Би энэ хүний зүрх сэтгэл нь шүү дээ.

Гэтэл “Илд цэцэг” киноны гол дүр болох мөрдөгч Дандар Хонгорзул бүсгүйтэй холбогдох хэргийг мөрдөхдөө үг солихоос илүүтэй бодол сэтгэлдээ өөртэйгөө ярьж, учир шалтгааныг хүн чанарын үүднээс хайж тогтоохыг эрмэлзэх нь сонирхолтой хүүрнэл болж. Үүнийг асуултын тэмдэг, анхаарлын тэмдгийн хэлбэр Хонгорзулын гансрал шаналангын “хэлбэр” болж буй шилжилтээр бэлгэдэн үзүүлсэн байх жишээтэй.

Сэтгэл, сэтгэлийн нүүдэл

Улмаар мөрдөгч бүгдийг мэдчихээд Хонгорзулыг дагуулан Ганданд очиж, өөрөө залбирсаныхаа дараа “Би таньд холдож өгье. Та залбир” гэж хэлэх, үүнийг сонссон бүсгүй асгартал уйлан нүглээ наминчилах, түүнийг нь харан нар зөв тойрч алхах мөрдөгчийн харц киноны гол санаа, тайлал байв. Жүжигчин Ц.Төмөрхуягийн бүтээж, сэтгэлд торж үлддэг олон сайхан дүрүүдийн нэг нь мөрдөгч Дандарын дүр болж чадсан байна. Эх хүний эгнэгт ч нуусаар явж чадах энэлэл шаналангаас хууль ёс ба ёс зүйн тухай гүн эргэцүүлсэн ухаалаг, өсөлттэй дүр аж. Энэхүү хүн чанар хэмээх сэтгэлийн нүүдлийг, 

"...Үүл үүлийн дундаас чиг

Үрлэн мөндөр шаагина даа..." хэмээх “Хулсан ташуур” гүн утгат ардын дууны аялгууг сүүлчийн хэргээ, гэхдээ хүн чанарын хэрэг мөрдөж буй Дандарын хэсэгт мөн учирлан дэвсэж өгсөн урлалаас харж болно. Түүнчлэн долоон ногоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр, 6666 дугаартай машин, удаа дараалан өндөг шарж идэх, томруулсан нүднүүд гээд дүр, дүрслэлийн бэлгэдэл шингэсэн олон илэрхийлэл бий.

Өөрөө хохирон байж сэтгэлт залуугаа муу бүхнээс хайрлах Содонцэцэг, мөн л муу бүхнээс хамгаалах гэсэндээ өөрөө зулбан байж охиноо, охиныхоо хүүхдийг хайрлан авч үлдсэн Хонгорзул бүсгүйн дүрүүд хүнлэг сэтгэлийн тухай өгүүлэмжээрээ “ерөөл учрал-ын холбоотой  мэт санагдана.

Эцэст нь тэмдэглэхэд

Найруулагч Ч.Жумдаан ч “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Л.Батцэнгэлд өгсөн нэгэн ярилцлагандаа: “Монгол морь ямар ч их эргүүлэгт живдэггүйтэй адил монгол хүн ч гэсэн хувь заяаны эргүүлэгт амьдралаа сүйрүүлэхгүй гэсэн ёгт санааг кинонд зангидаж өгсөн хэрэг л дээ”[1] гэжээ. Өдгөө бид яг л ийм эргүүлэгт буюу монгол кино хийгээд байна уу? монголын л кино хийгээд байна уу? Улмаар монгол жүжигчин дүр бүтээгээд байна уу? монголын л жүжигчин дүр бүтээгээд байна уу? гэсэн асар чухаг асуудлын эргүүлэгт урсчихгүйг хичээн толгойгоо шоволзуулан ажилласаар байнам шүү.

Уран зохиол судлаач Х.Чойдогжамц
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна