"Монре Даатгал" ХХК-ийн удирдлагууд 420 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн гэв

2018/08/30
Авилгатай Тэмцэх Газраас энэ сарын 27-ны өдөр Монре Даатгал ХХК-ийн удирдах албан тушаалтнууд хуурамч бичиг баримт үйлдэж 420 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэмээн мэдээлсэн. Тодруулбал, АТГ-ын зүгээс ““Монре даатгал” ХХК-ийн удирдах албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх  замаар  удаа дараагийн  үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх үйлдэлд тус, тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” хэмээн мэдээлсэн юм.

Харин Монре даатгал ХХК-ийн зүгээс АТГ-ийн зүгээс хийсэн дээрх мэдээллийг няцааж,  “Зарим хэвлэл, мэдээллийн сүлжээгээр тус компанийг улсад болон иргэдэд 420 сая төгрөгийн хохирол учруулсан мэтээр бодит байдлыг мушгин гуйвуулж тус компаний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаад бид харамсаж байна” хэмээн мэдэгдэл гаргасан байна.

Бид уг асуудлаар АТГ-ын эх сурвалжтай холбогдож тодруулахад, “"Монре даатгал"-ын Нөхөн төлбөрийн албаны дарга А нь замын цагдаагийн албан тушаалтнуудтай хамтран үйлдсэн байж болзошгүй хэргийг АТГ шалгаж байгаа. Хэвлэлийн хурлаар хийсэн мэдээлэл нь худал ташаа биш. Тус компани бизнесийн эрх ашгийн үүднээс АТГ-ыг худлаа мэдээлэл гаргасан гэж мэдээлж, сэтгүүлчид рүү ярьж энэ тухай мэдээллээ устгахыг шаардаж байгаа юм байна. Дахин хэлэхэд, энэ бол худал мэдээлэл биш" гэх мэдээллийг өглөө. 

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна