1072 хувьцааны ногдол ашигт 56 тэрбум төгрөг тараана
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 30-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгохыг холбогдох байгууллагуудад нь үүрэг болгосон.
Тэртээ 2008 оны сонгуулийн амлалтаас эхтэй 1072 хувьцааны ногдол ашгийг уг нь өнгөрсөн оны сүүлчээр тараах тухай Засгийн газраар яригдаж байсан ч ажил хэрэг болж чадаагүй юм. Хүлээлт үүсгээд байсан хувьцааны ногдол ашгийг олгох тухай Ерөнхий сайд ийн захирамжилснаар иргэд ашгаа хүртэх, хувьцаагаа амилуулах өдөр ойртож эхэллээ. Үүнтэй холбогдуулан 1072 хувьцааны ногдол ашгийн задаргааг танилцуулъя.
Өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” компани 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Харин уг мөнгөнөөс хөрөнгө оруулалтын зардлаа тооцоход иргэдэд олгох ногдол ашгийн хэмжээ 56 орчим тэрбум төгрөг болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг 2.5 сая иргэн хүртээх юм байна.
Өөрөөр хэлбэл, иргэд “Эрдэнэс Тавантолгой“ компанийн 14.7 хувь буюу 2.2 их наяд төгрөгийн хувьцааг эзэмшдэг. Харин Засгийн газар 85 хувь буюу компанийн дийлэнх хувьцааг “Эрдэнэс Монгол” компани давуу эрхтэйгээр эзэмшдэг байна. Тус компанийн ногдол ашгийг 176 орчим тэрбум төгрөг болно гэж тооцжээ. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой”-д төлөх өр болох 73 орчим тэрбум төгрөгийг суутгуулах бөгөөд 1072 хувьцааны нэг бүрийг 26 төгрөгөөр үнэлсэн байна. Харин 56 тэрбум төгрөгийг 2.5 иргэнд ногдол ашиг хэлбэрээр тараавал иргэд дунджаар 27 мянган төгрөг авах аж
Ерөнхий сайдын захирамжилснаар хувьцааны ногдол ашгийг тус хугацаанд багтаан олгох боломжтой эсэхийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас тодруулахад, “Энэ оны гуравдугаар сард багтаан иргэдийн ногдол ашгийг тараах бүрэн боломжтой. “Эрдэнэс Тавантолгой”-д иргэдийн ногдол ашгийг тараах мөнгө нь бий. Хамгийн гол нь аудитын дүгнэлт хэр хурдан гарахаас шалтгаална” гэсэн хариултыг өгсөн юм.
Ямартай ч 1072 хувьцааны ногдол ашгийг энэ оны гуравдугаар сард багтаан олгоход асуудалгүй бөгөөд хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой”-н тайлан Татварын ерөнхий газраар шүүгдсэний дараа Үндэсний аудитын газраас гарах дүгнэлтийг л хүлээх үлдэж. Ингэснээр иргэд ногдол ашгаа хүртэж, хувьцаагаа амилуулах эсэх нь цаг хугацааны асуудал боллоо.
Нөгөөтэйгүүр, иргэд хувьцаагаа борлуулах сонирхол ихтэй байдаг. Үүнтэй холбогдуулан 1072 хувьцаа худалдан авна гэсэн зар цахим сүлжээгээр их тархах болсон. Тэгвэл иргэд хувьцаагаа борлуулж болох эсэхийг холбогдох байгууллагаас лавлахад эхлээд тус хувьцааг гаднын зах зээлд гаргасны дараа уг асуудал яригдана. Түүнээс өмнө хувьцаагаа борлуулах нь хориотой гэлээ. Тиймээс иргэдэд хувьцаагаа зарах эрх одоогоор үүсээгүй бөгөөд харин ногдол ашиг тарааж эхлэх хүртэлх хугацаанд брокерийн компанид хувьцааны дансаа зайлшгүй нээлгэх шаардлагатай юм байна.
Эх сурвалж: 24tsag.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна