Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тойрсон асуудал болон маргааш болох гэж байгаа олон улсын ардчиллын өдрийг тохиолдуулан АН-аас мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллийн үеэр,"АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж өнөөгийн улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэж байр сууриа нэгтгэж ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь Үндсэн хуулийн эхэд дүгнэлт гаргах бөгөөд ард түмний санал асуулгыг ямар эх хувиар явуулах юм бэ гэдэг дээр тодорхой шийдэл гаргах үүрэгтэй юм.
АН өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2 дахь хэлэлцүүлгийн төслийг бүрэн утгаар нь үгүйсгэж байгаа. Яагаад гэвэл анхны төсөл, Ерөнхийлөгч, АН-аас өгсөн саналууд тусгалаа олж чадаагүй. ҮХНӨ-ийн төсөл анхны зорилгоосоо ухарсан байдалтай, шаардлага хангасан төсөл болж чадсангүй гэж үзэж байна. Тиймээс энэ төслөөр санал асуулга явуулах гэж байгаа бол АН үүнийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлнэ. Бид аливаа асуудлыг мухардалд оруулахгүйн тулд эрх баригчидтай ҮХНӨ-ийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах загвар эх нь ямар байх юм, ямар хүрээнд байх юм бэ гэдгийг судалж эрх баригчидтай зөвшилцөхөөр энэ ажлын хэсгийг байгуулж байна.
Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гарч байгаа санал санаачлагыг АН-д хамаатуулах гэсэн оролдлого их гарч байна. Үүн дээр бид байр сууриа эрс хатуу илэрхийлж байгаа. 2018 оны 12 дугаар хуралдсан АН-ын IX Их хурлаар намын үзэл баримтлалаа эцэслэн баталж УДШ-д бүртгүүлсэн. Хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглалыг дээдэлсэн парламентын ардчиллыг улам төгөлдөржүүлэхийн төлөө баруун төвийн нам байна гэдгээ энэ үзэл баримтлалаараа баталгаажуулсан. Тиймээс энэ үзэл санаагаа цаашдаа ч хамгаалах бөгөөд тэр утгаараа парламентын ардчилал, сонгодог парламентыг хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ.
Тус намаас томилсон ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахлах бөгөөд дэд даргаар нь Х.Тэмүүжин, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гэхчлэн мэргэжлийн хуульчдаас бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Ажлын хэсгийн үндсэн үүрэг бол эрх баригчидтай аль болох зөвшилцөх, ард нийтийн санал асуулгын эх загварыг зөвшилцөх явдал юм.
Хоёрдугаар хэлэлцүүлгийн төсөл дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж байгаа шаардлага хангасан нэг ч асуудал байхгүй гэхэд буруудахгүй байх. Ард нийтийн санал асуулга явуулах зардлын тухайд гэвэл Сонгуулийн Ерөнхий хорооноос 12,5 тэрбум төгрөгт багтааж ард нийтийн санал асуулга явуулах боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд санал өгсөн юм билээ. Мөн цагдаа, бүртгэл зэрэг бусад нэмэлт зардалд 3 тэрбум төгрөг хэрэгтэй. Үндсэндээ 15 тэрбум төгрөгөөр санал асуулга явуулж боломжтой гэсэн санал ирсэн. Гэтэл эрх баригчид ямар үндэслэлээр үүнийг 2 дахин нэмэгдүүлж 29 тэрбум болгож байна вэ. Энэ нэмэлт 3 тэрбумтайгаа нийлээд үндсэндээ 32 тэрбум төгрөгөөр санал асуулга явуулна гэж ярьж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нөөц хөрөнгөөс энэ зардлыг гаргах боломжгүй гэсэн. Гэтэл Сангийн сайд нь төсвийн хэмнэлт гаргах замаар энэ мөнгийг гаргах боломжтой гэж байна. Энэ юу гэсэн үг юм. Цэцэрлэг барих болохоор мөнгөгүй, оюутны 70 мянгыг өгье гэхээр мөнгөгүй гэдэг мөртлөө улстөржсөн бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх болохоор төсвөө хэмнээд гаргаж болно гэдэг Сангийн сайдыг ойлгохгүй байна. Төсөв бол хөдөлшгүй баримт бичиг. Тийм ч учраас төсвийг 4 удаа хэлэлцэж байж баталдаг шүү дээ.
АН-ын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр ард нийтийн санал явуулахыг эсэргүүцэж байгаа. Ард нийтийн санал асуулгыг өөр нөхцлөөр, арай өөр шинэ саналаар явуулахаар эрх баригчтай зөвлөлдөх ажлын хэсэг байгуулж байгаа нь улс төрийг мухадалд оруулахгүй, санал асуулгыг үр дүнтэй болгох гэсэн зорилготой юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудаар АН өөрсдийнхөө саналыг хүргүүлж эрх баригчтай зөвшилцөнө. Хэрэв зөвшилцөж чадвал хэлэлцүүлэгт бид оролцоно, үгүй бол ийм улс төрийн жүжигт оролцохгүй" гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна