Энэтхэгт туслах аянаар Монголын ард түмнээс 155 сая төгрөг цугларчээ

С.Гандэлгэр
2021/05/13

УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзаж Монголын ард түмнээс цугларсан хандивыг хүлээлгэн өгөв. 

Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг Бүлгийн дарга Б.Саранчимэг санаачлан #TogetherForIndia уриалга гаргаж, иргэн Г.Ганбат болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. Тэрбээр, “БНЭУ-ын Засгийн газраас цар тахлын хүнд цаг үед анхны 150 мянган тун “КОВИД-19”-ийн эсрэг Оксфордын AstraZeneca вакциныг буцалтгүй тусламжаар Монгол Улсад олгосноор дархлаажуулах ажил эхлэх боломжтой болсон. Энэтхэг Улсын ард түмний сайхан сэтгэлд монголчууд бид талархдаг. Хэдийгээр манай улсад цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа ч өнөөдөр БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрээд байна. Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байж, тусламжийн аян өрнүүлж эхэлсэн. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас Энэтхэг Улсад нэг сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мөн уламжлав.

Уриалгын хүрээнд өрнөсөн хандивын аянд нийт 968 иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон УИХ-ын гишүүдээс 155 сая 641 мянга 720 төгрөг цугларчээ.

Хандив хүлээлгэн өгөхөд иргэн Г.Ганбат, Энэтхэг судлалын төвийн тэргүүн, доктор О.Нямдаваа, Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч Б.Гантулга, “Будда тур” продакшны захирал Ц.Гүрсэд, "Жавзандамба хутагт төв"-ийн менежер Ч.Даваахишиг, Монголын Иогчдын холбооны тэргүүн Р.Байгаль, "Намасте" рестораны захирал Сүрэндра Кумар Бансал болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын төлөөлөл оролцлоо.


Хоёр улсын хооронд 1955 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Монгол, Энэтхэг хоёр улсын харилцааг одоогоос 3000 жилийн тэртээгээс эхтэй гэж түүхчид үздэг. Дипломат харилцаа тогтоосон цагаас хоёр орны найрсаг харилцаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, 2011 оноос хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрч БНЭУ-ын хөнгөлөлттэй зээл, тусламжийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад халдварын тоо өдөрт 400 мянга давж, БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна