АНУ Х Богдыг тодруулахад ОРОЛЦСОН УУ-II

2023/03/16

Монголын бурхны шашны тэргүүн Богд Жавзандамбын Х дүр эх нутгаасаа тодорсон гэх албан бус мэдээлэл гарч, монголчууд шашны тэргүүнтэй болсноо мэдсэн долоо хоног өнгөрч байна. Энэ талаар хэвлэлүүд их бичсэн ч ихэвчлэн шашны талаас асуудлыг хөндсөн. 

Тэдгээр мэдээллийн доор уншигчид “АНУ-ын оролцоо байх вий”, “Геополитикийн эрсдэл нь юу юм бэ”, “Монголд яг яаж нөлөөлөх вэ гэдэг асуудлаар мэдээлэл тавимаар байна” гэж ихээр бичсэн байсан тул тодорхой төсөөлөл өгөхийг хичээн мэдээлэл цуглуулснаа хүргэж байна.

АНУ Буддын гэлтгүй бүх шашныг дэмждэг

Юм хоосноос үүсдэггүй. Тэгэхээр, сошиалд ч бай, “АНУ оролцсон уу” гэсэн асуулт яагаад гарч ирэв гэдэгт хариулах их чухал. Тэгвэл, ингэж асуух нэг бус шалтгаан бий.

Юуны түрүүнд, долоон жилийн өмнө Х Богдыг биечлэн тодруулж, сая олон нийтэд таниулсан XIV Далай лам Данзанжамц АНУ-ын тууштай дэмжлэгт байдаг.

 Хоёрт, Ерөнхийлөгчийн Соёлын бодлогын зөвлөх байсан яруу найрагч Ц.Хулан Х Богдыг тодорсон гэх мэдээлэл анх гарсны дараа Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцад хаягласан ил захидалдаа “Х Богдыг АНУ-ын оролцоотой тодруулж, суудалд нь залах аятай цагийг хүлээж байгаа” гэж бичээд сошиал орчинд янз бүрийн таамаг уралдуулчихсан юм. Ц.Хулан найрагчийг чухам энэ Х Богдын асуудлаар БНХАУ-тай хамтарсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан байна лээ. 

Сошиал орчин бол албан ёсных биш ч гэсэн тэнд иргэдийн байр суурь явж байдаг тул хариулт эрлээ.   

Буддын шашны бие даасан байдлыг хадгалахад АНУ-ын үүрэг нөлөө, тууштай дэмжлэг чухал байдаг нь бүгдэд тодорхой. 2020 онд АНУ-ын Конгрессоос баталсан “Tibetan policy and supporting act” хэмээх хуульд “Далай ламыг залгамжлагч, эсвэл хойд дүрийн талаарх бодлогын мэдэгдэл гэсэн бүлэг байдаг. Уг бүлэгт Хятад улсын Засгийн газар, эсвэл өөр улсын Засгийн газар XIV Далай лам болон ирээдүйн залгамжлагч эсвэл хойд дүрийг тодруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох нь Төвөдийн ард түмний шашны язгуур эрх чөлөөг зөрчсөн хэрэг болно” гэж заасан нь үүнийг тов, тодорхой илэрхийлдэг. 

Ер нь буддын шашин ч бус, бусад шашныг ч АНУ ингэж дэмждэг, шашин шүтэх эрх, эрх чөлөөг хангах асуудлаар олон улстай хамтардаг гэдгийг энд заавал хэлэх ёстой. Тэгэхээр, Буддын шашны аливаа чухал асуудал, Далай ламаас гаргаж буй шийдвэрт АНУ-ын нөлөө /хараат бус байдлыг нь хангаж өгч байгаа буюу эерэг утгаар/ дам байдлаар бий. Асуудлыг эерэг талаас харах уу, сөрөг талаас харах уу гэдгээс их зүйл хамаарна.

АНУ-ын нөлөөнөөс болгоомжлох үндэслэлүүд   

Монголын тухайд, сошиал орчинд байр сууриа илэрхийлэгчдийн ихэнх нь сөрөг талаас нь харсан байна. Тодруулбал, Богд тодруулах ажилд АНУ-ын оролцоо байх вий гэж болгоомжилсон, сөрөг байр сууринаас ханджээ.

Тэдний айдас нь БНХАУ-ын хариу үйлдлээс илүүтэй Вашингтоны явуулдаг “Талцал, тогтворгүй байдал экспортлох” бодлогоос үүдэлтэй юм.  

Барууны орнууд ОХУ-тай Украинд дайтаж буй энэ цаг үед АНУ дайснуудаа сулруулахын тулд дотроос нь задлах найдлага тавин, жижиг үндэстнүүдийн дотор салан тусгаарлах үзлийг хөөрөгдөж байгаа билээ. 

БНХАУ-ын Төвөд, Шинжаан Уйгур зэрэг мужийн хилийн чанад дахь Засгийн газар, төрийн тэргүүнүүдийг цахимаар хуралдуулж, ОХУ-аас жижиг үндэстний дүрвэгчдийг хүлээж авч буй.  

Тэгвэл өрсөлдөгчөө задлахаас гадна хил хязгаар нийлдэг улсуудыг нь талдаа татах, улмаар өөрт ямар нэгэн байдлаар ашиг хонжоо гаргах ажил мөн хүчтэй өрнөж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс үүнд чухал байр суурь эзэлдэг.

Далай ламыг ашиглаад Төвдийг БНХАУ-ын бөгсөн дээр гарсан “хатиг” болгох бодлого явуулж ирсэн АНУ-ын бодлого Монголыг ОХУ, БНХАУ-ын дундахь “Шүдний өвчин” болгох, улмаар стратегийн ашиг хонжоо үүсгэх вий гэж л болгоомжилж буй хэрэг. Ийм байлаа гээд буруутгах ч арга үгүй. Учир нь аль ч улс гүрэн өөрийн эрх ашгийг нь нэн тэргүүнд тавьдаг шүү дээ.

АНУ, БНХАУ-ын харилцаа, бие, биедээ гаргадаг сөрөг хандлагаа илэрхийлдэг газар нь Монгол болчих вий

Энэ асуудалд анхаарч үзэх нэг шалтгаан байгаа нь АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа юм. Хоёр улсын харилцаа урьд хожид байгаагүйгээр хүйтэрсэн тул цаашдаа манайх яахаас үл шалтгаалаад шашны асуудлаар тэнд АНУ нэг үг дуугарахад БНХАУ хариу реакц үзүүлээд байх гэм бий.  

2016 онд БНХАУ хилээ хаасэн үйл явдал ингэж болгоомжлох нэг шалтгаан. Тухайн үед БНХАУ айлчлалыг эрс эсэргүүцэж, цуцлахыг шаардаж байсан ч Далай ламын айлчлал болдгоороо болсон.

 Мөн Бээжин хариу үйлдэл үзүүлэлгүй харьцангуй тайван байсан бөгөөд ингээд өнгөрөх магадлал ч байсан байж магадгүй. Гэтэл АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женнифер Зимдал Галт Далай ламтай уулзсан зургаа Твиттерт жиргэж, түүндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг дурдсанаар Хятадууд хилээ хаах хүртэл хурц реакц үзүүлэхэд нөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл, манайхаас Бээжинд амалсан “Энэ айлчлал бол цэвэр шашны зорилготой, улс төрийн ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй, улстөрчидтэй уулзахгүй” гэсэн амлалтаа зөрчсөн болохыг зориудаар гэмээр илчилж, монголчууд амлалтаа зөрчсөн гэсэн мессежийг хятадуудад өгсөн гэж харагддаг. Эерэг талаасаа, “Энэ асуудалд АНУ зохих ёсоор анхаарал хандуулж байгаа” гэдгээ харуулсан гэж бас ойлгож болох ч үр дагаврыг нь бид л амссан билээ.  

Тэгэхээр, бид эндээ чимээгүй, ажин түжин баймаар байдаг, АНУ тэндээс нэг дуугарахад л бид Бээжингийн шахалтад орох нөхцөл байдал үүсч мэднэ гэсэн үг. Долоон жилийн өмнө Гадаад харилцааны яам ямар мэдэгдэл хийхэд хүрлээ, ирээдүйд түүнээс ч долоон дор мэдэгдэл хийхэд хүрч мэднэ гэсэн л санаа. Тэр нь монголчуудад таалагдаа ч үү, үгүй ч үү. Эндээс төр иргэний харилцан итгэлцэл сулрах эрсдэл бий. 

Х Богдын тухайд, монголчуудын зонхилох шашин болох шарын шашны тэргүүн мяндагтан, Монгол төдийгүй нийт Буддын шашны олонхыг дагуулах их үйл хэргийг залгамжлан авч байгаа нь маргашгүй. Эндээс олон эерэг үр дагаврууд гарна. Шашин соёлын аялал жуулчлал манайхыг чиглэнэ.

Далай ламын хойд дүрийг тодруулах үүрэг монгол хүнд ирснээр манай улсад давуу тал үүсэж болно. Гэхдээ энэ бол шашныг улс төртэй хутгасан дүгнэлт гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ер нь бол, даян дэлхийд улс үндэстэн, болон шашны эрх тэгш байдлыг дэмждэг гэдгээс өөрөөр Х Богдыг тодруулахад АНУ оролцсон гэх баримт одоогоор байхгүй. Энэ асуудлаар олон нийтэд хандсан хүн Тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа. Тэгэхээр энэ хардлага, болгоомжлол нь БНХАУ-аас угшилтай, монгол хүний санаа зовинол дээр үндэслэсэн суртал ухуулга ч байх талтай.

Тэгэхээр иргэдээс олон нийтийн сүлжээнд илэрхийлж буй “Х Богд хэрэггүй, АНУ-ын оролцоотой бол бүр ч хэрэггүй, гай л болно” гэх буюу “Х Богд тодруулсан нь цэвэр шашны асуудал” гэх эсрэг тэсрэг байр сууриудыг аль алиныг буруутгах аргагүй юм.

Эцэст нь хэлэхэд, Х Богд тодорсон гэх асуудлаар Далай лам ч, Монгол Улс ч, МБШТ Гандантэгчэнлин хийд ч албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа билээ.

Х Богдын Монголд авчрах ДАВУУ ТАЛ буюу шашны хүн ам зүйн ЗОХИСТ ХАРЬЦАА-I буюу өмнөх нийтлэлийг https://zuv.mn/ws0 линкээр уншина уу

  Т.Хэрлэн



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.80.64
    2023/05/21

    Ерөнхийдөө бол Бид ирээдүйг Зөгнөхгүй чадах ч үгүй болохгүй юмыг ургуулан бодож болчох гэж байгаа юм шиг өнгө аястай пост оруулаж иргэдийг мунхаруулах хэрэггүй.Бас Хэн нэгэн хувилгаан тодрох үгүйг бид хязгааралж үл чадна

    Хариулах
  • 66.181.160.11
    2023/03/17

    Ulaan orosiin erhsheeld 70 jil bolohod ard tumenii tarhiig hezeech arilahguigeer ugaasan ajee uund 1921onoos omno Mongol undesten mohoj sonoj baisan uunees buh zuil shineer ehelsen bla bla... gm shashind ch gesen mun adil

    Хариулах
  • 46.135.27.66
    2023/03/17

    Богд хаант Бүгд найрамдах Монгол ард улс мандтугай

    Хариулах
  • 213.87.151.28
    2023/03/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.185.158
    2023/03/16

    ЯАСАН ИХ ОлОН ТОДРООД улс орон хүн амд ямар ач холбогдолтой юм бол??? Хэнд хэрэг бна энэ мунхрал ядуу байхын НАМ мунхаг байхыг ЛАМ хөриуцья гждэг үнэн боллоо

    Хариулах
  • 150.129.143.217
    2023/03/16

    Маш зөв өнцөг бна.

    Хариулах