-Монголын баялаг монголчуудын асуудлыг шийдэхэд зориулагдах ёстой-
Болгарын нэг онигоо бий. Нэг нөхөр хувь заяагаа үзүүлэхээр мэргэн хүн рүү очиход нэг нь мухар хоёр сонголт тулгадаг онигоо л доо. “Чамд хоёр зам байна. Баруун талынхаар нь явбал дуусна, Зүүн талынхаар нь явбал хоёр зам байна. Нэг нь цэрэгт явна, нэг бол явахгүй. Цэрэгт явахгүй бол дуусна. Цэрэгт явбал хоёр зам байна” гэх мэтээр дуусахгүй үргэлжилдэг.
Тэгвэл Нийслэлийн нөхцөл байдал одоо яг л ийм байдалд хүрчээ. Бидэнд “Зүгээр байх”, “Ямар нэг юм хийх” гэсэн хоёр зам байна. Зүгээр байвал дуусна. Жилд 30,000 хүүхэд төрдөг ч гурван жилд 5300 хүүхдийн сургууль барих төсөвтэй хот цаашид оршин тогтнохгүй. Ямар нэг юм хийе гэвэл хоёр зам байна. Нэг нь Үндсэн хуулийн 16-гийн 18-ыг өөрчлөөд хүн амаа нутаг зааж, аймгуудад жигд тараах. Хоёр дахь нь ямар нэг байдлаар санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж, асуудлаа үтэр түргэн шийдэх.
Эхний сонголтын хувьд, парламентад нэг нам 60 гаруй суудалтай байгаа тул боломжтой, Гэхдээ хүний эрх, арчиллын үнэт зүйлтэй зөрчилдөнө. Тиймээс хоёр дахь сонголт буюу төсөв бүрдүүлэлтийг оновчтой болгох, шинэ эх үүсвэр бий болгох, зээл авах аргууд л үлдэж байна. Энэ тал дээр харин бидэнд бодож боловсруулсан төлөвлөгөө бэлэн бий.
Хотын даргын “Альтернатив” шийдэл буюу 17 жилд 141 их наяд төгрөг босгох зорилт
Альтернатив гэдэг нь стандарт бус, өмнө нь байгаагүй шинэ гэсэн утга илэрхийлдэг. Түүнчлэн хоёр буюу түүнээс дээш хувилбараас гарцаагүй хийх сонголтыг нэрлэдэг. Төлөвлөгөө, шийдэлд бол ерөнхийдөө шинэ дүрэм зохиож, үүссэн асуудлыг үр дүнтэй шийдэх арга, аргачлалыг хэлдэг нэршил юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар их түгжрэл эхэлдэг өдрийн /VIII.21/ өглөө УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүдтэй хэвлэлийнхний өмнө нээлттэй уулзаж, өнгөрсөн 1000 хоногт хийсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэрхүү төлөвлөгөөг төсвийн орлогоор хэрэгжүүлэх ямар ч боломжгүй бөгөөд санхүүгийн шинэ эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Тэгэхээр, яг одоогийн байдлаараа нийслэл яагаад ч асуудлаа шийдэж чадахгүй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх нь шийдлээ хэрэгжүүлэх гараа, гаргасан шийдлүүдэд дэмжлэг болох учиртай.
Нийслэл түүхэндээ анх удаа дэргэдээ Бодлогын судалгааны хүрээлэн “Тинк танк” зөвлөл байгуулж ажиллуулж байгаа аж. ШУА-ийн харъяа 16 судалгааны хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн уг зөвлөл Нийслэлд тулгамдсан, одоо гамшгийн хэмжээнд хүрээд байгаа асуудлуудын судлаад 2040 он хүртэлх хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулжээ. Тодруулбал, Нийслэлийн өнөөгийн байдлыг “Эрүүл мэнд”, “Дэд бүтэц”, “Эдийн засаг“, “Нийгэм”, “Боловсрол”, “Засаглал” гэсэн зургаан төрлийн 86 үзүүлэлтийг “Тогтвортой байдал”, “Амьдрах орчны чанар”, “Хүртээмжтэй байдал”, “Өрсөлдөх чадвар” хэмээн дөрөв бүлэглэж, сайжруулах төлөвлөгөө боловсруулсан байна.
Тоо болгон нь тооцоо судалгаанд үндэслэсэн тэрхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 141 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна. Энэ бол мэдээж маш их мөнгө. Гэхдээ олж болно. Нийслэл энэ мөнгийг дараах аргаар олохоор төлөвлөжээ. Үүнд:
Төсвийн бүрдүүлэлтийг оновчтой болгох. Нийслэлийн төсвийн орлогын гол эх сурвалж Хүн ам, ААН-ийн орлогын албан татвар, торгууль, шийтгэврийн орлого дээр суурилж байгааг өөрчилж, дэлхийн томоохон хотуудын жишгээр үл хөдлөх хөрөнгийн татвар, өөрийн өмчийн газар, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр байдаг ерөнхий жишиг рүү ойртуулах. Татварыг оновчтой удирдаж, хот төлөвлөлтөд нөлөөлөх боломжтой.
Үнэт цаас буюу бонд гаргах. Орон нутгийн засаг захиргааны нэгжүүд төсөв даахгүй бүтээн байгуулалтын ажлаа оновчтой тодорхойлоод хөрөнгө оруулалт татаж, асуудлаа шийддэг жишиг бий. Манай хот одоо энэ жишиг рүү орно. Зориулалт дээр нь иргэдийн оролцоог хангах тал дээр анхаарууштай гэдгийг ЭХЯ-наас гаргасан "Хагас коксын 177.5 тэрбум"-ын санал харуулсан. Нэг талаараа сайн юм болж.
-Нийслэлийн өмчит уурхай буюу “Эрдэнэс Баянбогд” төсөл. Төсвөө оновчтой болгоод, бонд гаргаад ч бидэнд дахиад цаана нь мөнгө хэрэгтэй. Учир нь, төсөв хязгаартай, бонд бол дараа нь төлөх зээл шүү дээ. Тиймээс бидэнд нэмэлт эх сурвалж зайлшгүй хэрэгтэй. Энэ тал дээр Нийслэлийн гаргасан нэн шинэ, альтернатив нэрэндээ дүйцэхүйц шийдэл нь “Эрдэнэс Баянбогд” төсөл юм.
Монголын баялаг монголчуудын бэрхшээлийг шийдэхэд зориулагдах ёстой
Бидний зовлон үндсэндээ эдийн засгийн өсөлт нь хүн амын өсөлтөө гүйцэхээ байсантай холбоотой. Баялгийн хуваарилалт, далд эдийн засаг ч энд яригдах ёстой байх. Гэхдээ юу үнэн бэ гэвэл бид асуудлаа шийдэх ёстой. Улаанбаатар хотод жишээ нь, жилд 30,000 хүүхэд төрж байгаа бол цэцэрлэг, сургуулийн суудлын тоог жилд 30,000-аас илүү нэмж байж асуудлаа шийднэ.
Монголд төсвийн мөнгөөр шийдэх боломжгүй, том эх үүсвэр, тогтвортой санхүүжилт шаардсан ажлууд бий. Жишээ нь, Нийгмийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэхэд 14 их наяд төгрөг буюу дөрвөн тэрбум ам.доллар хэрэгтэй. Олоод хийчихвэл ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлдөг хүн бүрт маш олон давуу тал бий болж, амьдралын чанар нь эрс дээшлэх, энэ нь эргээд даатгал төлөх эрмэлзэл төрүүлж, шимтгэлийн бааз суурь нэмэгдэх гэх мэт эерэг нөлөөтэй ч “Төсөв даахгүй” гэдэг шалтгаанаар одоо болтол хийгдээгүй. НДС-гууд 2030-аад оны дунд хүртэл тэсчих найдвар байгаа учраас л мөнгөжүүлэлгүй байлгаад байгаа гэж харагддаг. Энэ хооронд хүмүүс хохироод явж байгаа гэж хэлсэн ч болно.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө дээрхээс 10 дахин их өртөгтэй. “Төсөв даахгүй” гээд яваад байвал Монгол Улсын хүн амын 51 хувийг бүрдүүлдэг нийслэлийн иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөрчүүлсээр л байх болно. Тиймээс нөөц бололцоогоо ашиглаад заавал шийдэх ёстой бөгөөд шаардлагатай бол “Эрдэнэс Баянбогд 2”, “Эрдэнэс Баянбогд 3”-ыг ч эргэлтэд оруулах ёстой гэдэг санаа юм. Ингэж байж л бид 30 жил хуримтлагдсан асуудлаа богино хугацаанд шийдэж чадна. Ажлын байр бий болж, эдийн засгаа ч тэтгэнэ.
“Салхит”-ыг эргэлтэд оруулахад иргэд цүнхний үнэ цэнийг мэдэж авсан. Цаашдаа хэрхсэн талаар сайн, муугаар ярьдаг ч энэ төсөл тухайн үедээ асуудлыг шийдсэн үү гэвэл шийдсэн. Алдаа оноотой энэ ажиллагаа “Эрдэнэс Баянбогд”-ыг эхлүүлсэн бол “Эрдэнэс Баянбогд” алдааг нь давтахгүй цааш үргэлжлээд “Нэрийн данс”-ыг мөнгөжүүлэх гаргалгаа болог.
Эцэст нь нэг юм хэлэхэд, сонгуулийн өмнө улс төрийн намууд, улс төрчид бүгд “Монгол орон баялагтай” гэж орилдог. Эрх барих эрхээ авчихаад баялагтай ч юм шиг, үгүй ч юм шиг болчихдог. Тэгвэл анх удаа дэргэдээ Тинк танк зөвлөл байгуулж шийдэл гаргуулаад, “Монголын баялгийг монгол хүний асуудлыг шийдэхэд нь зориулья” гээд орж ирж байгаа Д.Сумъяабазарыг бид дэмжих учиртай. Монголын баялаг монголчуудын асуудлыг шийдэхэд зориулагдах ёстой шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.150
Мөнгө олоод гялс хийгээч ээ
Хариулах