Уганда улсын иргэд хуурамч вакцины хохирогч болжээ


Зүүн Африкийн Уганда улсын олон зуун иргэн коронавирусийн эсрэг хуурамч вакцин төлбөртэй тариулж, залилангийн хэргийн хохирогчид болжээ. Уг хэрэгт тус улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд холбогдсон байна.

Энэ оны тав, зургаадугаар саруудад Угандад коронавирусийн цар тахал оргилдоо хүрч, өдөрт 1,700 орчим тохиолдол бүртгэгдэж, вакцины олдоц муу байх үед уг хэрэг гарсныг засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлсэн байна. Харин өнөөдөр хүн амыг вакцинжуулах ажиллагаа үнэ төлбөргүй хэрэгжиж байгаа юм.
Одоогоор 800 орчим хүн хохирогч болсныг тогтоожээ. Тэдний заримд нь вакцины оронд ус тарьсан байна. Хэрэгт холбогдуулан эмнэлгийн хоёр сувилагчийг баривчилсан бөгөөд нэг эмчийг эрэн сурвалжилж эхэлжээ. 

Залилуулсан хүмүүсээс шинжилгээ авсны үндсэн дээр тэдний эрүүл мэнд хуурамч вакцины улмаас эрсдэлд ороогүйг баталснаа засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн  байна.

Гэмт этгээдүүд нэг хүнээс 80,000-500,000 шиллингийн ($25-$120) төлбөр авсныг шалгалтын явцад тогтоожээ. Зургаадугаар сарын 18-наас хойш Угандад өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдол буурсан ба Лхагва гарагт 252 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Тус улсад нийтдээ 91,162 тохиолдол батлагдсанаас 2,425 хүн нас баржээ.


                                                                                                                                                                      Б.Мягмарболор



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.234
    2021/07/22

    Шашин бол өөрийгөө таних ухаан

    Хариулах
  • 192.82.87.138
    2021/07/22

    Хятад вакцины оронд ус шахуулсан нь хамаагүй дээр

    Хариулах