2020 оны долдугаар сарын 24-ны өдөр рэппэр М.Алтан-Оргил буюу Orice бүлэг залууст дээрэмдүүлж, улмаар таван давхарын цонхоор шидэгдсэн гэх хэрэг гарсан. Тэрээр ГГСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр нас барсан.
Үүнээс хойш талийгаачийн хэргийг шийдэж өгөлгүй өдийг хүрчээ.
М.Алтан-Оргилын гэр бүл найз нөхдийн зүгээс өнөөдөр мэдэгдэл хийж, талийгаачийн бичсэн өргөдөл алга болсон тухай мэдээлж, тухайн хэрэгт холбогдож буй иргэн Б.Нармандах болон цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг сэжиглэж байгаагаа мэдэгдлээ.
М.Алтан-Оргилын ээж: Урд өдөр нь хүү нь ээждээ хайртай шүү гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш би хүүтэйгээ уулзаагүй, нэг ч үг сонсоогүй. Шөнөжингөө утасдсан, миний хүүгийн утас холбогдоогүй. Орой 23.00 цагаас хойш утсаа ерөөсөө аваагүй. Утас нь дуудаж байгаад тасарсан, холбогдох боломжгүй болсон. Тэгээд өглөө 06.00 цагт цагдаагийн газарт намайг дуудаж, очиход миний хүү Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан.
Миний хүү хүнд зодуулсан нь үнэн, зодуулчихаад 102 дуудаад мэдүүлгээ өгчихсөн. Дээр нь өөрийнх нь гараар бичсэн өргөдөл нь байсан. Тэр өргөдөл нь алга болчихсон. Миний хүүг зодсон дээрэмдсэн нь үнэн. Дээрэмдсэн хүнийхээ тагтнаас унасан. Гурван үнэн зүйл байгаад байхад яагаад миний хүүг үгүйсгээд байна вэ.
М.Алтан-Оргилын найз: Хэрэг шалгах үедээ дээрэмдүүлсэн болоод зодуулсаныг нь нотлох талийгаачийн бичсэн өргөдөл алга болсон. Бид цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхнийг болоод Б.Нармандах гэдэг хүнийг шууд хардаж байгаа.
Б.Нармандах гэгч хүний гэрийн цонхны харалдаа миний найзын унасан газраас, хэрэгт холбогдох гар утсыг олсон. Гар утсыг олоод мөрдөгчид хүлээлгэж өгөхөд утсыг хүлээж авсан мөрдөгч Б.Нармандахын дагавар охиноос Б.Нармандахын дугаарыг авч утас руу нь залгахад миний олсон утас дугарч байсан. Миний олсон утас хэрэгт холбогдож байгаа хүний утас гэдэг нь батлагдсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна