​Монгол, Австралийн эрдэс баялгийн салбарын яамд хооронд яриа хэлэлцээ тогтмол зохион байгуулна

Админ
2022/09/18

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жэйн Уркахартай хоёр талын уулзалт хийж, тус яамны харьяа Австралийн Газарзүйн шинжлэх ухааны агентлаг (Geoscience Australia)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Мөн өнөөдөр /2022.09.16/ Шадар сайд С.Амарсайхан Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Таниа Констэйбл, тус зөвлөлийн Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа эрхэлсэн захирал Дэмус Кинг, “Thiess” компанийн Азийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Клуни Рэндэлл, “Rio Tinto” компанийн Австралийн Засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн ахлах зөвлөх Пол Холланд, “Yancoal” компанийн Худалдааны асуудал хариуцсан захирал Майкл Нго, Австралийн Газарзүйн шинжлэх ухааны агентлагийн Эрдэс баялаг, эрчим хүч, гүний усны хэлтcийн дарга Эндрю Хип нартай уулзсан юм. 

Уулзалт, арга хэмжээний үеэр талууд Монгол, Австралийн эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа хоёр улсын бизнесийн түншлэлд тулгуурлан идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид салбарын хамтын ажиллагааг өргөн хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхлоо нотлов. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компанийн хамтарсан Оюу Толгой төсөл хоёр талын хүчин чармайлтын дүнд амжилттай хэрэгжиж байгаа нь эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, Австралийн уул уурхайн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, цаашид ногоон ус төрөгч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байна хэмээн хоёр тал үзэв. Монгол, Австралийн эрдэс баялаг, уул уурхай, геологийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор эрдэс баялгийн асуудлаарх хоёр улсын салбарын яамд хоорондын яриа хэлэлцээг тогтмол зохион байгуулахаар тогтов.

“Thiess” компани нь 85 жилийн түүхтэй, уул уурхайн салбарт инженеринг үйлчилгээ үзүүлдэг олон улсад нэр хүндтэй компани бөгөөд Оюу Толгой ордын гүний уурхайн нэвтрэх хоолойн төсөлд 2013 оноос эхлэн ажиллаж байна.

“Yancoal” компани нь эрчим хүчний болон металлургийн нүүрс олборлож, экспортлодог Австралийн уул уурхайн томоохон аж ахуйн нэгж бөгөөд 2021 онд нийт 38 сая тонн нүүрсийг Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Тайланд, Тайваньд экспортлосон. Тус компани нь нүүрсийг олборлох өртгийг хямдруулах чиглэлд шинэ технологи нэвтрүүлж буй компани юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.230
    2022/09/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах