Монголоос Хятад руу урсах нүүрс хэнийх байх вэ


  -БНХАУ Монгол дахь нүүрсний ордуудаа эргэлтэд оруулах уу-

Монгол Улс боомтынхоо тоог нэмж байна. Энэ бол сайн мэдээ. Цаана нь “Манай улсаас авах коксжих нүүрсний хэмжээ нэмэгдэнэ” гэсэн агуулга яваа. Гэхдээ баярлахад учир бий.

БНХАУ манайд эзэмшдэг ордуудаа эргэлтэд оруулна. Тэдэнд манай улсад асар их нүүрсний нөөц бий. Манайхан Гашуунсухайт руу тавьж байгаа төмөр замаа ашиглалтад оруулж гэмээ нь экспортын хүчин чадал 50 сая тоннд хүрнэ хэмээн яарч буй. Тэгвэл энэ хүчин чадлын хэдэн хувийг Монгол дахь Хятадын эзэмшлийн компаниудын олборлосон нүүрс эзлэх вэ гэдэг асуулт одоогоор хариултгүй байна.

БНХАУ МОНГОЛД БАЯЛАГ ЭЗЭМШИЖ ЧАДСАН 

Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс эхлэн “Гуравдагч хөршийн бодлого” хэрэгжүүлэх болсон. Цэрэг армиа хэд дахин цомхотгосон хэрнээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, дотоодын компаниуддаа татварын хөнгөлөлт үзүүлдэггүй хэрнээ гадаадуудад найр тавьж байгаагийн шалтгаан нь чухамхүү энэ гуравдагч хөршийн бодлоготой холбоотой.

Гэвч их гүрнүүдийн эрх ашгийг Монголд тэнцүү хэмжээгээр оруулж ирээд дунд нь тоглолт хийх энэ бодлого уул уурхайн салбарт төдийлөн амжилт олоогүй юм. Уул уурхайд гуравдагчийг оруулж ирэх гэсэн оролдлогыг БНХАУ няцааж, шаардлагатай гэж үзвэл үнэ цохин авдаг байв. Ер нь Хятадууд Монголд өөр улсын ашиг сонирхол орж ирэхийг үргэлж эсэргүүцдэг, энэ байдал нь уул уурхайн салбарт тод илэрч байсан юм.

Дорнодоос нефть олборлож байсан АНУ-ын “Соко ойл” компани газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авч чадалгүй, олборлолт хийх зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг Монгол” гэх компанид зарснаар энэ түүх эхэлдэг.

Гуравдагчууд нь яваандаа Монголд олборлолт хийх бус, тусгай зөвшөөрөл олж аваад БНХАУ-ын компаниудад дамлан зарах зорилготойгоор орж ирдэг болсон нь гашуун боловч үнэн. Тод жишээ нь Мардайн ураны ордыг Канадын “Хан Ресурс”. Энэ компани ОХУ-ын “Росатом”, БНХАУ-ын төрийн өмчит компанийг үнэ хаялцуулж, Хятадын компанид зарахыг санаархсан байдаг. Монголын тал Мардайг Дорнодын нефть шигээ алдчихгүйн тулд Канадын компаниас татгалзсан билээ. Манай Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалсны дараа “Хан ресурс” Монгол Улсыг олон улсын шүүхэд өгч байв.

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙ ДАХЬ ХЯТАДЫН НӨЛӨӨ 

БНХАУ-ын компаниуд Монголд ашигт малтмалын 300 гаруй орд эзэмшдэг гэсэн мэдээлэл одоогоос хоёр жилийн өмнө гарч байсан бол хайгуул, олборлолтын чиглэлээр олгогдсон нийт тусгай зөвшөөрлийн 70 орчим хувийг хянадаг гэсэн мэдээлэл олон улсад цацагдаж байна. Манайд өмчтэй болсон Канад, Америкийн компаниуд оруулсан хөрөнгөө хэд дахин нугалахуйц үнээр БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд худалдчихдаг энэ байдал тасралтгүй явагдсаар байгаа юм. Энэ байдлыг хязгаарлаж, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны тавдугаар сард батлагдахад БНХАУ нүүрсний худалдан авалтаа зогсоосон нь яавч тохиолдлын хэрэг биш. Энэ дарамтын улмаас УИХ аргагүйн эрхэнд дээрх хуулийг хүчингүй болгож байв.   Уг хуульд манай стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын ямар нэг компани хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь эзэмшихээр болбол Засгийн газраас зөвшөөрөл авах талаар тусгасан байсан бөгөөд “Стратегийн салбар” гэдэгт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд багтсан салбараас гадна уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүүгийн байгууллагыг хамруулж байсан юм. Дотоодын компанийн хувьцааны 49 хүртэл хувийг гадаадын компани эзэмших болбол Засгийн газар зөвшөөрөл өгнө. Хэрэв гадаадын компанийн эзэмших хувь хэмжээ нь 49 хувиас хэтэрч, хөрөнгө оруулалт нь 100 тэрбум төгрөгөөс давбал Засгийн газар асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ хэмээн уг хуульд заасан байлаа.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТОО, хөрөнгө оруулалтаар, 2022.I.31. Эх сурвалж: Геологи, хайгуулын хэлтэс, АМГТГ

Энэ хууль хүчингүй болсны дараа БНХАУ-ын Төрийн өмчит хөрөнгө оруулалтын сангууд Монголд ашигт малтмалын орд эзэмшдэг компаниудыг чөлөөтэй худалдаж авах боломжтой болсон гэж хэлж болно.

Улмаар хятад хөрөнгө оруулагчид манайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын хувьцааг цуглуулж эхэлсэн бөгөөд иймэрхүү маягаар цүнхний лицензээс хөрөнгө босгох ашигтай наймаанд манай улс төрийн эрх мэдэлтнүүд ихэд амташсан жишээнүүд бий.

Үүнээс өмнө манайд хөрөнгө оруулалтын салбартаа нэг улсаас хараат болохгүй гэсэн бага боловч дархлаа байсан. “Айвенхоу майнз” компани “Саусгоби сэндс”-ийн хяналтын багцаа “Чалко” компанид худалдахыг завдахад нийтээрээ эсэргүүцэн болиулж байсныг энд дурдаж болно. 

Харин үүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөж, эдүгээ БНХАУ уг компанийг мэдэлдээ бүрэн авсан байдаг. “Саусгоби сэндс”-ийг 100 хувь эзэмшдэг “Саусгоби Ресурс Лимитед” компанийн үндсэн гол хувьцаа эзэмшигчид нь Хятад Улсын төрийн өмчит “China Cinda Asset Management Corporation Limited” болон “China Investment Corporation” юм. Зөвхөн энэ компани Монголд зургаан  тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байна.

ОМПАНИЙН ЭЗЭМШДЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА

(2018 оны 1-р сарын байдлаар):

1. Тусгай зөвшөөрлийн дугаар: 012726 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Овоот толгой Талбайн хэмжээ: 9282.7 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2037 он

2. Тусгай зөвшөөрлийн дугаар: 016869 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр:  Өвөлжөө уул-1 Талбайн хэмжээ: 10992.9 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2041 он

3. Тусгай зөвшөөрлийн дугаар: 020436 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Өвөлжөө уул-1 Талбайн хэмжээ: 2473.39 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2046 он

4. Тусгай зөвшөөрлийн дугаар: Галын овоо-1 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Галын овоо-1 Талбайн хэмжээ: 8796.37 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2046 он

5. Тусгай зөвшөөрлийн дугаар: 020675 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Товон уул Талбайн хэмжээ: 780.5 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2046 он

6. Тусгай зөвшөөрлийн дугаар: 020676 Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл Байршил: … Газрын нэр: Хонгил уул-1 Талбайн хэмжээ: 169 га Ашигт малтмалын төрөл: Нүүрс Хүчин төгөлдөр хугацаа: 2046 он

Энэ мэдээллийг компанийн албан ёсны цахим хуудаснаас авсан болно. Дахин хэлэхэд, “Саусгоби сэндс” бол Монголын уул уурхайн салбарт БНХАУ-ын эзэмшилтэй компаниудын зөвхөн нэг нь юм. Хэдийгээр өөр улс гэж бүртгэгдсэн ч Хонконг, Сингапурын компаниудын ард хятадууд байдаг гэдэг мэдээлэл ч бий. 

БНХАУ бол манай сайн хөрш, тэд наашаа эргэж харж байгаа нь бидэнд завшаантай хэрэг мөн. Гэсэн ч бид бас өөрсдийнхөө бодлогыг хийх эрхтэй, бас үүрэгтэй. Уул уурхайн тэсрэлт үнэхээр болох гэж байгаа бол тэр нь БНХАУ, Монгол аль алинд нь ашигтай, гэхдээ Монголд арай л илүү байх учиртай.   

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ГАДААДЫН 100% ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТОО, хөрөнгө оруулагч улсаар

БИД ЯАХ ВЭ 

“Алаагүй баавгайн арьс хуваахын үлгэр” гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ л ярих ёстой нэг сэдэв нь баялгийн тэгш хуваарилалтын тухай. 2011 онд Монголын уул, уурхайд “тэсрэлт” /ДНБ 17 хувиар өссөн/ болоход жирийн иргэдэд юу ч наалдаагүй. Ийм байдал дахиж гаргуулж болохгүй. 

БАЯЛГИЙН САН БАЙГУУЛСАН Ч ЭХНЭЭС НЬ ЗӨВ ЯВЪЯ. ИРГЭДЭЭ БОДОЖ БАЙГУУЛЬЯ. Дани, Норвег зэрэг улсад бол уул уурхайн орлогыг юун түрүүнд төсвөөрөө дамжуулан иргэдэдээ нийгмийн үйлчилгээ байдлаар тараадаг. Норвегийн эзэн хаан, жирийн иргэн хоёр эмнэлэгт хэвтэхэд адилхан үйлчилгээ авдаг байх жишээтэй. 

Гэтэл манай ард иргэд бэлэн мөнгө буюу ногдол ашиг авахыг хүсдэг нь төсвөөс хумслагчид их, тийш нь оруулсан мөнгө “алга болдог” гэсэн ойлголт хүчтэй оршиж байгааг харуулдаг. Иргэдийн энэ ойлголтыг засах тал дээр эрх баригчид онцгой анхаарч ажиллах шаардлагатай. 

Энэ удаагийн “тэсрэлт”-ээр иргэдийн бодит мөнгөн орлого нэмэгдэхгүй бол бослого гарч магадгүй гэсэн болгоомжлол байна.    

Дараагийн асуудал нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хөрөнгө оруулагчидтай холбоотой. БНХАУ нэгмөсөн наашаа харж, манайхаас нүүрсээ авсан ч тэр нүүрсний багагүй хэсэг нь БНХАУ-ын эзэмшлийн ордуудаас гарч, эздэдээ ашиг өгөөжөө хүртээнэ гэдгийг уншигч авхай ойлгосон биз ээ.     

БНХАУ-ын Австралиас нүүрээ буруулсан үйлдэл нь одоохондоо “цүнхний” гэгдэж буй, Монгол дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд ажил хэрэг болж, томхон уурхайнууд дуу, дуугаа авалцан нээгдэх дохиог өгч  байна. Ийм үед бид доорх ажлуудыг дотооддоо зайлшгүй хийх ёстой.

Үүнд:

-Экспортын хэмжээг хэт нэмэхгүй байх.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниудын эзэмшилд мониторинг хийж, зохицуулах механизм бий болгох

-Байгаль орчин, орон нутагт ээлтэй байлгах тал дээр анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах эдгээр болно.

Монгол орон нүүрсээр баялаг ч БНХАУ-ын хэрэглээ маш их. Тавантолгойн орд БНХАУ-ын гурван жилийн хэрэглээг л хангаж хүчирнэ. Ойрын жилүүдэд БНХАУ манайхтай хуурай замаар шинэ боомтууд нээж, тээвэрлэлтийг үлэмж нэмэгдүүлэх магадлалтай. Монголд лиценз эзэмшдэг гуравдагч хөршийн компаниуд БНХАУ-ын зах зээлийг онилсон нь гарцаагүй бөгөөд тэд ч үйл ажиллагаагаа идэвхижүүлэх нь гарцаагүй. Баахан ордууд нээгдэнэ, экспорт гэрлийн хурдаар өснө. Энэ үед олборлолтыг зохистой хэмжээнд байлгах механизм хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуульд тухайн ашигт малтмалд нөөц ашигласны хувь хэмжээг тооцохдоо борлуулалтын орлого болон боловсруулалтын түвшнээс шалтгаалж хувь нэмж тооцдог зохицуулалт бий. Тиймээс хуулийн 47.5, 47.3.3-ыг мөрдүүлэх шаардлагатай. 

Гаднын хөрөнгө оруулалттай олон уурхай ажилласнаар байгаль орчинд сөрөг нөлөө үүсэх эрсдэлтэй. Тиймээс Ашигт малтмалын хуулиас хассан 29 дүгээр зүйлийн 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9 дүгээр заалтуудыг сэргээж, хөрөнгө оруулагч талтай хариуцлагын гэрээ байгуулдаг болох нь зөв.   

Мөн хэдий стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчингүй болсон ч орлох механизмыг бодож олох нь чухал болж байна. Учир нь, Монгол компаниуд ч хадгалсан лицензээ гадныханд худалдаж болох шүү дээ. Ийм үед төр ядаж мэдээлэлтэй байх ёстой шүү дээ.   

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.153
    2023/05/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах