Үнэмлэхүй олонхигүй Парламент, Эвслийн Засгийн газар...: ҮХӨ-ийн үр дагаврууд

Х.Батсайхан
2023/05/31

-Пропорциональ тогтолцооны онцлогууд-

Засгийн газраас санаачилж өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ эцэслэн батална. Өмнө нь бид 2012 онд пропорциональ тогтолцоогоор сонгуульдаж үзсэн туршлагатай. Гэсэн ч Үндсэн хуульдаа оруулж баталгаажаагүй учраас 2016, 2020 оны сонгууль мажоритар тогтолцоогоор явсан юм. 2012 оны сонгуульд пропорциональ хувилбарыг оруулж ирэх талаар яригдаж байх үед зарим хүмүүс “Цэц дээр унана”, “Ерөнхийлөгч хориг тавина” гэлцэж байсан нь 2016, 2020 онд ёсоор болсон хэрэг.  

Харин энэ удаад өөр, Үндсэн хуульд оруулж баталгаажуулах учир цаашид маш олон жил энэ тогтолцоогоороо явах боломж бүрдэж байна. Учир нь, пропорциональ тогтолцооны үед Парламентад олон нам орж ирэх боломж бүрддэг тул цаашид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах босгыг давах маш хүнд болох юм. Энэ нь нөгөө талаараа сул тал ч болдог. Өөрөөр хэлбэл, нэг нам үнэмлэхүй олонх болох магадлал багасаж, эвслийн Засгийн газар байгуулагдах магадлал өндөрсдөг, энэ хэрээр төр тогтворгүйтэх магадлал өсдөг.

Энэ тогтолцооны үед иргэдийн санал хаягддаггүй. Тэгэхээр нэг ёсондоо иргэдийн өмнө хагас хаалттай буюу санал нь орж ирдэггүй /2000 онд АН иргэдийн 40 хувийн дэмжлэг хүлээгээд ганцхан суудалтай болж байсан/ байсан Парламентын хаалга нээгдэж, иргэн бүрийн санал Парламентад тусгалаа олно гэсэн үг юм. Улсаараа маш том сонголт хийж буй энэ эгзэгтэй мөчид ирээдүйн үр дагаврыг нь зураглахыг оролдов.         

ӨМНӨХ СОНГУУЛИЙН ОНЦЛОГ, ИРЭХ СОНГУУЛИАР ҮҮСЭХ ҮР ДАГАВРУУД  

Жижиг намууд эвсэхгүй бол Парламентын босго давах магадлал бага. Жагсаалтад хамгийн сайн, лидер улстөрчөө бичих ёстой болдог нь сонгуулийн холимог тогтолцооны онцлог. Тиймээс намдаа нөлөөтэй олон улстөрчөөс 48-ыг шигших шүүлтүүрийн нүх том байх ёстой. Маш нарийн шигшиж, жинхэнэ чадварлаг хүмүүсээ үлдээнэ гэсэн санаа.

Гэтэл шүүлтүүрийн нүх жижигтэй, өөрөөр хэлбэл, лидер улстөрчид нь 48 байтугай 10 хүрэхгүй намууд бас байна. Гуравдагч хүчин гэж итгэж байсан улс төрийн хүчнүүд нь үнэн хэрэгтээ боловсон хүчнээр ямар дулимаг болохыг 2012 оны, пропорциональ тогтолцоогоор явуулсан сонгууль бидэнд харуулсан. Тэгэхээр хэдий намын нэрээр санал авах нь давуу талтай ч жижигчүүд эвсэж байж л амжил гаргах магадлал үүсдэг нөхцөл байдал нь хэвээрээ байна. Тэр тусмаа иргэд хүн хараад, намын мөрийн хөтөлбөрийг ойлгож тайлах чадвар сул хэвээрээ байгаа.        

Эвслийн Засгийн газар байгуулагдах магадлал өндөр. Пропорциональ тогтолцооны үед нэг нам дийлэнх олонхи болж чаддаггүй, ихэнхдээ эвслийн Засгийн газар байгуулагддаг. 2012 оны сонгуульд яг л ийм үр дагавар гарсан. Ардчилсан нам олонхи болсон хэрнээ нам, намын шантаажинд орж, засгаа унагасан нь эвслийн Засгийн газар бүрдсэнтэй их, бага ямар нэг хэмжээгээр холбоотой. Өөрөөр хэлбэл, засаглалын хямралын нэг шалтгаан нь пропорциональ хэлбэрийг сонгуулийн хуульд оруулж ирсэн явдал гэж үзэх бүрэн үндэстэй юм. 

Жагсаалтыг муухай харагдуулах нөхдүүд мэр сэр орж ирнэ. Энэ удаагийн тогтолцооны шинэчлэлт зөвхөн сонгууль бус маш өргөн утгыг агуулж байгаа. Үгүйдээн эрх баригчид тийм наймдлага төрүүлж буй. Тиймээс муу нэртэй, сангийн мөнгө "хусдаг" ёсзүйгүй улстөрчдөөс салах санаа зорилгыг сонгогчид агуулж буй. МАН, АН-д ч шинэ үе түрэн гарч, хуучнаасаа салахыг эрмэлзэж байгаа нь сайн хэрэг. Гэсэн ч жагсаалтад зарим нөхөд дээгүүр бичигдэж орж ирнэ, тэр бол тодорхой. 

Монгол Улс мажоритар тогтолцоогоор сонгуульддаг байх үед УИХ дунджаар 70 хувь шинэчлэгддэг жишиг тогтсон байлаа. Өөрөөр хэлбэл, 76 гишүүний 25 нь дараагийн сонгуульд улиран сонгогдож, 50 орчим нь парламентын гадна үлддэг байсан гэдгийг үе, үеийн парламентын бүрэлдэхүүнийг харахад тодорхой болно. 

2012 оны сонгуульд МАН-ын гаргасан жагсаалтын эхний 10-ын найм, АН-ын гаргасан жагсаалтын эхний 10-ын долоо нь парламентад 1-6 удаа сонгогдож байсан хүмүүс байсан.

Тэд бүгдээрээ сонгогдсон билээ. Ингэснээр 2012-2016 оны парламентын гишүүдийн ихэнх хувь нь 2-7 удаа сонгогдсон улстөрчид байсан. Сонгуулийн тогтолцоонд пропорциональ хэлбэр орж ирснээр байдал арай өөр болно гэж хүлээж байсан иргэдийн итгэлийг намуудын гаргасан жагсаалт нураасан. Өөрөөр хэлбэл, шинэ, нэр цэвэр хүмүүсээ жагсаалтын хойгуур, ямар ч шаансгүй газар бичсэн нь УИХ шинэчлэгдэх боломжийг хаасан байдаг.

Танихгүй нэг их олон хүнтэй парламент бүрдэж ч мэднэ. Ард түмний олонхи нь хамгийн боловсрол мэдлэгтэй хүмүүсийг парламентад оруулахыг хүсдэг. Үнэхээр чадалтай, мэдлэгтэй аавын хүү бол хэд ч сонгогдож болно гэсэн үг.

Гэтэл үнэхээр шилдэг нь байж чадаагүй, улс төрд байхдаа муу, муухай юм хийсэн улстөрч, мөн хэний ч танихгүй товарищууд намын жагсаалтаар шууд парламентад суух боломжийг пропорциональ тогтолцоо олгодог. 

Тэгэхээр, ард түмний хүсэл биелэх эсэх нь голлох намуудын нэр дэвшүүлэлт дээр шийдэгдэх юм. 

Шинэ эрх баригч нам тодрох бага боловч магадлалтай. Хүчирхэг эвсэл бүрдүүлж чадвал уьд өмнө засагдлаж байгаагүй шинэ улс төрийн хүчин олонх болох боломж бий.            

Лидерийн үүрэг өндөрсөнө: Жагсаалтад хамгийн сайн, лидер улстөрчөө бичих ёстой болдог нь сонгуулийн холимог тогтолцооны онцлог. Тиймээс намаа оройлж сонгуульд орох лидерийн үүрэг маш чухал. МАН, АН, ХҮН-ын хувьд лидерүүд нь тодорхой болсон. Харин нгуравдагч хүчнүүдийн тухайд нийгэмд нөлөөтэй, хүчтэй харизмтай лидер олохын төлөө маргаашнаас эхлээд өрсөлдөнө. 

  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.37
    2023/06/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах