Хуулиар хамгаалсан авлига буюу Монголын мухардал

Х.Батсайхан
6 цаг 55 минутын өмнө

Монголд өнөөдөр авлигатай тэмцэх боломж байна уу?

Үнэхээр яг одоо Монголд авлигатай тэмцэх, илчлэх ямар ч боломж алга. Эрх баригчид нь ч эгэл доодос нь ч эвлэрч, өгдөг, авдаг нь догширч цагаандаа гарчихсан ийм улсад авлига устдаггүй. Устахгүй учир тэмцэх шаардлагатай. Гэхдээ орчин байхгүй учир тэмцье гэсэн хүн эрх мэдэлд л хүрэхээс бус устгаж чадахгүй. Яагаад гэвэл дээр хэлсэнчлэн, авлига устгах  орчин нь байхгүй. Нөгөө талаар, эрх мэдэлтнүүд бүгд адилхан идэж уусан авлигачид байсан тохиолдолд нэгнээ барьцаалаад шийтгэж чаддаггүй тал бий. Ийм үед хэрэг үүсгэж, шалгаж "жүжиглэх" боловч шийтгэж чаддаггүй. Т.Бадамжунайн хэргийг жишээ нь, 2024 оны сонгуулиас өмнө шийдэх нь юу л бол.   

Энэ янзаараа байвал Монгол улам авлигажсаар сөнөж мөхөх л тавилан хүлээж байна. Авлигыг хууль эрх зүйн орчин бүрдүүлж устгадаг болохоос дарга тэмцээд устдаггүй юм. Яг одоо үйлчилж байгаа хууль эрхзүйн орчинд Монголд авлигатай тэмцэх гээд үзье л дээ.  

Хууль эрх зүйн орчин авлигыг дэмжиж байна

Монголд өнөөдөр авлига авсан, өгсөн, зуучилсан, илчилсэн, мэдсэн ч илчлээгүй гээд ийм төрлийн хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон этгээд бүгд эрүүгийн хуулиар шийтгүүлэх зохицуулалт үйлчилж байгаа.

Хэрвээ та авлига авсан бол Эрүүгийн хуулийн 22.1.1-22.1.6 дугаар заалтаар 15 хүртэлх жил хоригдох ял шийтгүүлнэ.  

Авлига авах бол аль ч улсад хамгийн хүнд шийтгэлтэй зүйл анги. Харин манайд хамгийн дээд тал нь найман жил хорих ялаар шийтгэдэг /өндөр албан тушаалтан, бүлэглэж үйлдсэн тохиолдолд 12-15 жил хүртэл ногдуулах заалт бий/. Гаднын улс орнуудад зөвхөн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт л тав хүртэлх жил, авлига, хээл хахуулийн хэрэгт маш хүнд шийтгэл ногдуулдаг. Монголоос ялгаатай нь яг хуульд заасан дээд хэмжээгээрээ шийтгэж чаддаг. Харин бид үгүй. 

Манайд дээр дурдсанаас гадна торгох, нийтийн албанд ажиллах эрхийг хасах гэх мэт хөнгөн шийтгэл бий. Нэг хэрэгт хэт ялгаатай ял шийтгэл ногдуулахаар хуульчилна гэдэг өөрөө авлигыг өөхшүүлэх нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, манай улс авлигыг хууль тогтоомжоороо дэмжиж байна гэсэн үг.

Авлига өгсөн этгээдийн тухайд Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт байгаа “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэсэн заалт л  авлига илрэх ганц учиг болж үлдсэн. Харамсалтай нь, энэ учгаа “Иргэн өөрөө хүсээд, санаачлаад, зохион байгуулаад төрийн албан хаагчид хээл хахууль өгч ажил хэргээ бүтээсэн бол, албан хаагч хуулиар олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлсэн бол энэ заалтад хамаарахгүй” гэдэг агуулгаар хаачихсан. 

Авлига өгөөд ажлаа бүтээсэн хүн хуулийн байгууллагад хандахын тулд хясан боолгосон гэдгээ батлах шаардлагатай бол авлига авсан этгээд авлигынхаа хариуд өөрийнхөө эрх мэдлээс хэтэрсэн буюу хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй бол зүгээр өнгөрнө. Яагаад гэвэл энэ тохиолдолд авлига өгсөн хүнд Авлигатай тэмцэх хуулийн 22.5.3 дугаар заалт үйлчлэхээ больж шийтгэл хүлээх учраас тэр юм. 

Ер нь тэгээд авлига өгөөд хэргээ бүтээлгэсэн хүн хуулийн байгууллагад хандана гэж байдаггүй. Авлига авдаг этгээд нөгөө хүнийхээ хэргийг бүтээж өгөөд л байвал баригдахгүй нь баталгаатай гэсэн үг.

Монголд авлигыг бий болгож байгаа нэг эх сурвалж бол хууль сахиулах үүрэгтэй цагдаа байдаг. Сэм сэмхэн авлига авдаг, иргэдийг өнгө мөнгөөр ялгаварлаж харьцдаг, шударга биш ханддаг гэх шүүмжлэлийг бид цагдаа нар руу хайр найргүй илгээдэг. Мэдээж хэрэг, цагдаа нар бүгд тийм биш ч “Нэг эврийн үхэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгч болж байгаа нь тэр. Гэхдээ энд бас тогтолцооны буруу бий.

Цагдаагийн байгууллага Нийслэлд хөрөнгө төвлөрүүлдэг болж таарч байна. Замын цагдаад хураалгасан мөнгө замын санд ордог. Цагдаа нар “Сануулах” гэдэг үгийг шийтгэлийг мартаад удаж байна. Цагдаагийн байгууллага бол иргэдтэй нягт харилцаатай ажиллаж байж амжилтад хүрдэг онцлогтой. Гэтэл нэр хүндгүй бол яаж иргэдийн итгэлийг хүлээж хамтарч ажиллах юм бэ. Зөрчил гаргасан иргэнийг “хүсэлтийнх нь дагуу” арай бага мөнгөөр торгоод торгуулийн хуудсаа өөртөө үлдээж үзээгүй цагдаа Монголд олдохгүй л болов уу. “Хэн хэндээ ашигтай” ийм механизм ажиллаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрвөл Монголын цагдаа нар бүгд бохир. Жолоодох эрхээ хасуулж 400 000 төгрөгөөр торгуулах шийтгэлээс мултарч байгаа хүн 400 000 төгрөгийн авлига өгөхөөс гар татах уу. Мултарсан хойноо хуулийн байгууллагад мэдэгдэх үү. Мэдэгдлээ гэхэд өөрөө шийтгүүлнэ шүү дээ.  


Одоо үйлчилж байгаа хуулийн зүйлчлэл хууль хэрэгжүүлэгчид хэтэрхий их эрх мэдэл олгосон. Жишээлбэл, ЭХ-ийн 22.4.1-д “...хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байх жишээтэй. Энэ тохиолдолд авлигын гэмт хэрэгт холбогдсон хүний хувь заяа шууд мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гарт очиж байгаа. Тухайн хүнийг торгоод явуулж ч болно, нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж болно, эсвэл бүр олон жилээр хорьсон ч болно. Хууль сахиулагчдад ийм их эрх мэдэл төвлөрсөн нь авлига цэцэглэх нэг суурь болж байгааг үгүйсгэхгүй.   

Засах боломж. Хуулиа илүү тодорхой, нарийвчлалтай болгох боломж бий. Угтаа гэмт хэрэг хийсэн хүний хувь заяа эрх мэдэлтний бус, хуулийн гарт байх ёстой юм. Ийм хэрэг үйлдвэл ийм л ял авна. Тэдэн төгрөг хулгайлбал төчнөөн хэмжээний ял авна гэх мэтээр нарийвчилж өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэг сая төгрөгийн авлигыг нэг жилийн ялтай дүйцүүлж, нөхөн төлсөн тохиолдолд буцааж хөнгөлөх санал гаргаж байсан удаа бий. 100 сая төгрөгийн авлига авсан бол автоматаар 100 жилийн ял онооё, бүгдийг нь нөхөн төлбөл 95 жилийг хөнгөлье гэдэг ч юм уу. Хувь хэмжээ чухал биш, зарчим чухал юм. Өөр гэмт хэрэгт ч адилхан, аль болох нарийвчилчихвал гэмт хэрэгтэн ч хуулийнхны гар харж авлига өгч ялаа нэмүүлэхгүй шүү дээ. Авах, өгөх аль, аль талыг л хамгаалж байгаа хэлбэр.     

Сонгууль дагасан хуулиар хамгаалагдсан нийтийн авлига

Улс төрийн сонгуулийн үед сонгогчдод мөнгө тараах нь авлигын хэргээс ч давсан, “Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” онц хүнд гэмт хэрэг. Тэгвэл энэ гэмт хэргийг улс төрийн намууд, нэр дэвшигчид бүгд үйлддэг ч бүгд их, бага хэмжээгээр оролцчихсон учраас өөрсдийгөө хуураад өнгөрдөг эмгэнэлтэй жишиг тогтлоо. Харамсалтай нь, “Авлига” гэж хэлж бүрэн болон энэ үйлдлийг илчлэх боломжийг мөн хуулиар хориглочихсон. Учир нь, иргэн энэ үйлдлийг нь батлахын тулд ТЕГ, Мөрдөн байцаах албаны хэмжээнд ажиллах хэрэгтэй болсон. Яг энэ хэмжээнд ажиллаж, баттай нотолж чадахгүй бол өөрөө хэрэгт орно. Монголд авлига авч, өгөлцөх нь илчилж илрүүлэхээсээ хэцүү байгаа биз.

Ийм байхад яаж авлига багасах юм бэ.Сүүлийн жилүүдэд Монголд авлигатай тэмцэгч удирдагч нэг бус тодорсон. Гээд багассан уу гэвэл тийм биш.

Олон улсын болон дотоодын байгууллагуудаас гаргасан тайлангаас гадна улс орон авлигад идэгдсэн үү, үгүй юу гэдгийг илтгэх шинжүүд байдаг аж. 100 хувь баталгаатай гэж хэлж болох энэ хэв шинжүүд Монголд байна.

Монголд хоёр өрөө байр авах мөнгөөр АНУ-д 5-6 өрөө байр авч болж байна. Тансаг брэндүүд ээлж дараалан дэлгүүрээ нээж байгаа нь Монгол далд эдийн засаг маш өндөр хувьтай оршин байгаагийн илэрхийлэл.


Авлигын гэмт хэргийн нийтлэг тодорхойлолтод “Эрх мэдэлтнүүдийн оролцсон гэмт хэргүүд хvчирхийлэл, далайлган сvрдvvлэх, хясан боогдуулах аргаар vйлдэгддэг” гэж тодорхойлжээ. Өнөөгийн манай төрийн өндөр албан тушаалтнууд эхний хоёрыг нь байг гэхэд сүүлийн аливаа асуудлыг “хясан боох” гэдэг аргыг нь хангалттай хэрэгжүүлж байгааг бид харж байна. “Салаа утгатай хууль” батлах юм уу, нэг хуулийн заалтыг нөгөөгөөр нь үгүйсгэчихээд “хясан боож” суух нь өнөөгийн төрийн өндөр албан тушаалтнуудын нийтлэг хэв шинж. Энэ маань цаагуураа “авлига байгаа” гэдгийг батлаад байгаа юм. Банкны дампуурал, мөнгө угаах гэмт хэрэг нь авлигын гэмт хэргээс ангид явагдах бараг боломжгүй гэж Олон улсын Авлигын эсрэг байгууллагаас гаргасан тодорхойлолтод бичсэн байна. Манай улсад Хадгаламж зээлийн хоршоодыг дампууруулсан хэргээс эхлээд “сэжигтэй” олон л дампуурал, “мөнгө угаалт” гарсан. Үүний цаана авлига байгаа гэж үзэх бүрэн үндэстэй. Гэмт этгээдvvд буруу аргаар олсон орлогынхоо бараг талыг өөрсдийнхөө аюулгvй байдлыг хангах,байр суурийг бэхжvvлэх, өргөжvvлэхэд зориулдаг, ингэхдээ мөн л авилгын замаар хэрэгжvvлдэг аж. Үр дүнд нь иргэд ядуурч байна. Дашрамд дурьдахад, иргэд ядуурч байгаа нь бас л Монгол улс авлигад идэгдсэний шинж юм шүү. “Ядуурч байгааг нь яаж нотлох юм” гэх хүн гарч магадгүй. Шашны сэргэн мандалт, сугалаанд азаа сорих нь ядуурлыг барьж өгдөг шинж ажээ.  

Тэгэхээр Монголд одоо авлигатай тэмцэх үү, авлига үүсгэх боломжийг хааж, үр дагавартай биш, үүсгэгчтэй нь тэмцэх үү гэсэн сонголт тулгараад байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.25
    2023/07/24

    Amerikt Tim hyamdhan 5-6 Eree Baird Ali hot mujid baidgiig helj ugvel sard hamgiin bagadaa2000 nogoonii tureesiin bairand suudag nutag negtnuuded chini buyan bolno shuu

    Хариулах