Ц.Бадарч: Спорт, сэтгэхүйн тоглоом сайн тоглож байх хэрэгтэй

Ахмадын өдөрт зориулж өдгөө 85 насыг зооглож буй өндөр настан Ц.Бадарч гуайтай цөөн хором хуучиллаа. Тэрбээр, явган аялал, граундгольф, шатар, дардас гэхчилэн олон төрөл спортыг сонирхож хичээллэх дуртай нэгэн аж. 
 
- Сайн байна уу. Танд ахмадын баярын мэндийг хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
 
- Баярлалаа. Намайг Цэдэнгийн Бадарч гэдэг. 1935 онд Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн. Эхээс арвуулаа. Одоо 85 нас хүрч байна. Улаанбаатар хотод орж ирээд 62 жил амьдарч байна.
 
- Залуу насандаа юу хийдэг хүн байв?
 
- 1957 онд хотын барилга трестэд нормчиноор ажилд орж байлаа. Үүнээс хойш улсдаа тасралтгүй 34 жил ажиллаж байгаад 1991 онд тэтгэвэртээ гарсан. Ажиллаж байхдаа техникч, мастер, өрлөгчин, мужаан, чулуучин гээд олон янзын ажил хийдэг байсан. Тэр үед нийслэл Улаанбаатар хот маань жижгэвтэр хүн ам цөөнтэй байсан. Одооных шиг машин техник хөгжөөгүй кран гэж байхгүй ховор үед цемент, шавар зэргийг гараар зөөж, ачдаг байлаа. Хуучин залуучуудын соёлын ордон гэж баригдаж байсан одооны драмын театрыг барилцаж байв. Дандаа мөрөөрөө элс, цемент зөөдөг байсан. Мөн хятадууд ажилладаг байсан. Хятад хүмүүс цагийг маш нарийн барьж ажилладаг.
 
- Тухайн үед ямар боловсролтой хүн байсан бэ?
 
- Говь-Алтай аймгийн Цогц суманд долоодугаар ангийн боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш сургууль соёлд яваагүй. 1957 онд хотод ирж ажиллахад барилгын 10-ны даргын курс гэж байсан. Тэр курст сураад барилгын 10-ны даргаар ажилласан. Мөн 1971 онд барилга техникийн оройн ангийг суралцаж төгссөн. Тэр үед оройн сургуульд явахад нэг цагийн өмнө ажлаас чөлөөлдөг, цалин бүтнээр нь олгодог иргэнээ маш сайн дэмждэг байсан. Улсаас амьдарч, ажиллах, сурч боловсрох бүх талаас дэмжлэг үзүүлдэг байсан юм. 
 
- Ам бүл хэдүүлээ амьдарч байна вэ. Хэдэн хүүхэдтэй вэ?
 
- Найман сайхан хүүхэдтэй. Хоёр нь тэнгэрийн оронд очсон. Хань маань Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн. Чоймбалын Нацаг гэх хүн байсан. Ханьтайгаа 56 жил  амьдралын жаргал зовлон бүхнээ хамтдаа туулж өнгөрүүлсэндээ. Хань маань их тэвчээртэй, ухаалаг сайхан хүн байсан. 
 
- Та одоо юу хийдэг вэ?
 
- Галынхаа зээг гурван настайгаас нь цэцэрлэг, сургуульд нь зөөдөг байлаа. Энэ жилээс охин маань том болсон болохоор “чөлөөлөгдөж” байх шиг байна. /инээв/ Бусад цагт дардас, гольф, шатар гэх мэтчилэн тоглодог. 
 
- Танд их олон өргөмжлөл медаль байх юм. Тэмцээн уралдаанд оролцдог юмуу?
 
- Энд гүйлт, явган аялал, дардас, граундгольф гэхчилэн тэмцээн уралдаанд оролцож тодорхой байр эзэлж байсны өргөмжлөл медалиуд байгаа. Би залуудаа волейбол, сагс, шатар тоглох их дуртай байсан. Гэвч ажил ихтэй байсан учраас зав чөлөө бага гардаг байлаа. Гэхдээ цаг зав бага гээд зүгээр суугаагүй фото зургийн сургалтанд сууж гэрэл зураг дардаг болсон. Тухайн үед хар зураг угаадаг сүүлдээ өнгөт зураг угаах гэж өдөр шөнөгүй оролддог байлаа. Янз бүрийн бодист найруулдаг байсан. Одоо бол их амар болждээ. Гар утсан дээрээ зураг дараад угаалгадаг болсон байна. Энэ зангаараа зүгээр сууж чадахгүй гурван жилийн өмнөөс граундгольф сонирхох болсон. 



- Яагаад энэ спортыг сонирхох болов?
 
- Энэ спорт нь насны хязгаар ялгаа гэж байхгүй. Эрүүл мэндэд тустай. Хөдөлгөөний дутагдалд орохгүй, хамт олонтой болж байна. Мөн хөдөө орон нутгаар явж агаар салхинд гарах нь сайхан байдаг. Энэ спортыг сонирхож тоглож байгаагийн хувьд хэд хэдэн тэмцээн уралдаанд оролцож чамлахааргүй амжилтуудыг үзүүлээд байгаа. Архангай аймагт болсон тэмцээний үеэр аварга болж байсан гэхчилэн олон амжилтууд бий. 
 
- Энд их олон цохиур байна. Граундгольфийн цохиур уу?
 
- Тиймээ. Граундгольф нь японоос гаралтай спорт. Японоос цохиур болон бусад хэрэглэлийг авна гэдэг үнэтэй. Зөвхөн нэг цохиур гэхэд л 450,000 төгрөг байдаг. Тиймээс өөрийнхөө хэмжээнд гар доорх материалаар граундгольфийн цохиур хийж 10,000-20,000 төгрөгт зардаг. Энэ спортыг сонирхож эхэлж байгаа хүүхэд залуучууд авдаг юм. 
 
- Граундгольф спорт нь монголд хэр өргөжиж байгаа вэ. Сонирхдог хүмүүс хэр олон байдаг вэ?
 
- Одооноос дэлгэрч байгаа спортын төрөл. Ноднин жил азийн аварга шалгаруулах тэмцээн монгол улсад болсон. Тэмцээний үеэр 10 гаруй орны тамирчид ирж оролцсон байдаг. Энэ жилийн олон улсын тэмцээнд 9 гаруй орны тамирчид ирж оролцсон. Чингисийн хүрээ амралтын газар 300 гаруй тамирчид өрсөлдсөн. Сүүлийн үед маш их хөгжиж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр хар усан тохойд явган аялагчдын тэмцээн болсон. Тэмцээний үеэр 9 баг оролцох байсан бол нийт 11 баг орж тоглосон. 
 
- Тэмцээндээ амжилт гаргасан уу?
 
- Нийт долоон төрлийн тэмцээн явагдсанаас граундгольф, волейболоор гуравдугаар байранд орсон. Граундгольф спортыг сонирхож эхэлснээсээ хойш энд тэнд болдог уралдаан тэмцээнээс хойш суугаагүй идэвхтэй оролцдог. Одоохондоо нийслэлд граундгольфид зориулагдсан талбай гэж байхгүй байна.
 
- Та бүхэн тэмцээний өмнө бэлтгэлээ хаана хийдэг вэ?
 
- Уг нь хөл бөмбөгийн талбайд хийвэл их тохиромжтой байдаг. Манай хороонд хөл бөмбөгийн талбай байдаг. Гэвч Сонгинохайрхан дүүргийн 13-р хорооны ИТ-ийн дарга биднийг бэлтгэлээ хийхэд дургүйцдэг. Хиймэл зүлгийг нь цоолж, торыг нь урж байна гэдэг. Хүүхдийн конвенцыг санаатайгаар ноцтойгоор зөрчиж байна гэх юм. 
 
- Энэ талбай нь нийтийн эзэмшлийн талбай баймаар юм. Гэтэл яагаад та бүхнийг бэлтгэл хийхэд дургүйцээд байдаг юм бол. Та бүхэн үнэхээр орчин тойрныг нь сүйтгэдэг юм уу?
 
- Урж тасдах ямар ч нөхцөл байхгүй. Бид өөрсдийн зориулалтын багаж хэрэгсэлтэй, цоихуртай, тусгай суурин дээрээс цохидог гэхчилэн. Харин ч бид бүхэн хог шороог нь шүүрдэж цэвэрлээд онгойж цоорсныг нь нөхөхийг л бодно. Энэ бол хэдэн хөгшчүүлийг боож хаасан явдал гэж ойлгодог. Төрдөө 34 жил ажиллаж хөдөлмөрөө үнэлүүлсэн өдий 85 нас хүрчихээд байгаа би гадаа гарч бэлтгэл сургуулилтаа хийхдээ хэн нэгэнд хавчигдаж явмааргүй л байна. Бидэн дунд тамхи татдаг нэг хүн ч байхгүй. Энэ хөлбөмбөгийн талбай дээр өөр дүүрэг, хорооны иргэн орох эрхгүй гэсэн. Өөр хороо дүүргийн хүн байтугай гадаад улсын иргэн ч орж тоглосон болмоор л юм. Бид мөрийтэй тоглох, архи дарс уух гэхчилэн зохисгүй үйлдэл гаргадаггүй. Гэтэл дотор нь ороод архи пиво ууж, хог тарьж байгаа хүмүүст ямар ч арга хэмжээ авдаггүй. Тэмцдэггүй. Тэгсэн хэрнээ граундгольфийн бэлтгэл хийж байгаа хэдхэн хөгшчүүлийг “ад” үзэх юм. Миний спортын багаж хэрэгслийг хоёр удаа хурааж авч, хашаанаас гаргаж шидэж байсан. Намайг зүй бус үгээр доромжилдог гэхчилэн гомдолтой байдаг.  
 
- Та их хөнгөн шингэн харагдаж байна. Анзаарч байхад нүдний шил зүүхгүй юм. Үг хэллэг их тод байна?
 
- Хүн амьдралдаа зөв хэвшлийг бий болгож буруу зуршлыг хаях хэрэгтэй. Жишээлбэл, архи тамхийг би огт хэрэглэж байгаагүй. Хотын агаарын бохирдлоос хүн бүр сэргийлээд дор бүрнээ арга хэмжээ авч байхад амандаа тамхи зуучихаад утаа баагиулаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй юм. Хоёрдугаарт, архийг хэрэглэсэн ч хэмжээтэй байх ёстой. Тааруулж хэрэглэдэг байх нь чухал. Одоо цагт эрэгтэй эмэгтэй, хөгшин залуугүй л хэрэглэдэг болж. Гуравдугаарт хоол хүнсийг тааруулж хэрэглэх ёстой. Яг цадсан бол больчих хэрэгтэй. Тэгэхгүй сэтгэл нь ханахгүй их идсэнээс илүү жин, таргалалттай болдог байх. Энэ нь эргээд өвчний эх үүсвэр болно. Дөрөвдүгээрт, спорт, сэтгэхүйн тоглоом сайн тоглож байх хэрэгтэй. Би залуугаасаа шатрыг их хорхойсч тоглодог байсан. Хүнийг буурьтай суурьтай, тэсвэр тэвчээртэй болгодог оюуны тоглоом доо. Волейбол ч гэдэг юмуу хөдөлгөөнтэй спортоор сайн хичээллэж өөрийгөө аль болох хөдөлгөөний дутагдалд оруулахгүй байх хэрэгтэй.
 
- Таны амьдралдаа зарчим юу байдаг вэ?
 
- Ямар ч хүн байсан хамаагүй хэн нэгэнд тусалдаг сэтгэлтэй байх ёстой. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг. Олонтойгоо байж, зөв шулуун шударга байх гэсэн зарчимыг амьдралдаа баримталсаар ирсэн. 
 
- Найман сайхан хүүхэдтэй гэсэн. Үр хүүхэддээ юуг хэлж захидаг вэ?
 
- Ажил хийвэл дуустал хийх нь чухал. Аль болохоор ажлыг голж болохгүй. Хийсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж бусадтай эвтэй сайхан харьцдаг байх хэрэгтэй. Мөн бусаддаа тусалдаг сэтгэлтэй бай гэхчилэн захих зүйл олон байдаг даа. Манай хөгшин хийсэн ажилдаа зүтгэлтэй, надаас илүү шударга хүн байсан шүү. 
 
- Улсаас ахмад настнуудад үзүүлдэг тусламж үйлчилгээ гэж байдаг уу?
 
- Хааяа нэг амралтанд явнаа. Гэхдээ тэр тасалбарыг нь олж авах хэцүү байдаг. Сарын 1-нд ирээд л дуусчихдаг юм байналээ. Өөрөөр тусламж гэх юм байхгүй. Гэхдээ төр засаг маань улсдаа 34 жил ажилласан хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж 2011 онд "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалгасандаа баяртай байдаг. 
 
- Таньд ямар нэгэн хоч гэж байдаг уу?
 
- Анх барилгад дөнгөж ирж ажиллаж байхад ажлын хувцас гэж улаан комбинзон тавьж өгч байсан юм. Тэгээд нөгөөхөө өмсчихсөн, ажлаа их дайчин хийдэг байв. Түүнээсээ болж “Улаан Бадарч” гэдэг нэр авсан. /инээв/ Мөн цэрэгт байхдаа “Угалз” гэдэг хочтой болсон. Цэргүүд ар гэрийнхэндээ, хайртай хүндээ захиа их бичүүлдэг байлаа. Тэр үед бичиг үсэггүй хүн байдаг байсан. Намайг их сайхан бичигтэй гээд “Угалз” хочийг өгч байсан. Одоо бол манай граундгольфын залуучууд “Багш” гэдэг болсон.
 
- Таны бичгийн хэвийг харж болох уу?


 
Ярилцсанд баярлалаа.  

Т.Дашмаа
 
Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.01
66.181.161.59
zochin

Saikhan yriltslaga bn Amjilt husiy