Б.Батцэцэг: ЖДҮХС-д ирүүлсэн төслүүдийг 18,000 дататай тулгасан


ЖДҮХС-гийн эхний шатны сонгон шалгаруулалт дуусаж 534 иргэн аж ахуйн төслийг дараагийн шатанд шилжүүлэхээр болжээ. Энэ талаар ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-Эхний шатанд ямар шалгуураар хэдэн төсөл шалгарсан бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ирүүлсэн.

Эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 376 аж ахуйн нэгж, 158 иргэн буюу 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн хоёрдугаар шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна. Үүнээс 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжигдсэн байна.

Бидний зүгээс холбогдох дүрэм, журмын дагуу нийтдээ 18,000 гаруй мянган датаг Монгол банкны зээлийн мэдээллийн сан, ЗГ-н тусгай таван сан, АТГ, Татварын Ерөнхий газар, Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй мэдээллийг тулган нягтлан шалгасан. Ингэж эхний шатны сонгон шалгаруулалтыг хийгээд байна.

-Өртэй, зээлийн муу түүхтэй шалтгаанаар зарим төслүүдийг буцаасан гэсэн үг үү?

–  873 төсөл ирүүлэгчийн бичиг баримтын иж бүрдэл хангагдаагүй, татвар, нийгмийн даатгалд өртэй, Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг журмын дагуу төсөл ирүүлэгчид буцаахаар болсон.

-Хөдөө орон нутагт шалгаруулалт хэрхэн үргэлжилж байна вэ?

-Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1,330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна.

-Төслүүдийн эцсийн шалгаруулалтыг хэрхэн хийх вэ. Гадны нөлөө орохгүй гэсэн баталгаа бий юу?

-ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт дөрвөн үе шаттай явагдана. Эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр танилцуулах болно.

Мөн эцсийн шатны шалгаруулалтад тухайн төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаа, үр дүнг товч байдлаар өөрийн биеэр Хорооны гишүүдэд танилцуулах боломжийг мөн олгож байгаа.

Ингэснээр өмнөх жилүүдийн ЖДҮС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанаас онцлог, ил тод, олон нийтэд нээлттэй, хэн нэгэнд давуу байдал бий болгох, гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бий болгоно гэж үзэж байгаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна