Б.Өвгөнхүү: Номыг зохиогч нь бус уншигч бүтээдэг


“Випашяна- Амин чухал эрдэнэ” номын орчуулгын редактор Б.Өвгөнхүүтэй ярилцлаа.

 -Бясалгалын их багш Саяажи У Ба Киний “Випашяна- Амин чухал эрдэнэ” номыг та бүхэн эх хэлнээ орчуулжээ. Хэр удаан орчуулав даа.  Бузгай орчуулгатай ном гэж зарим хүн ярьж байна?

-За мэдэхгүй, чи хэтрүүлж байна. Гараад удаагүй номыг, урьтаж дуулсан тууштай бясалгагчид л юу юм гэхээс олон хүн уншиж завдаагүй байгаа. Номыг зохиогч нь бус, уншигч нь бүтээдэг болохоор хүлээх л хэрэгтэй болдог. Давын өмнө хэлэхэд, хүнд ийм хэрэг тустай номтой тааралдалгүй уджээ.

Монголын Випашяна судлалын төвийн (МВСТ) багш нарын саналаар энэ болоод үүний өмнө Уиллям Хартын  “Амгалан амьдрахуйн арга ухаан” (The art of  living) номыг бид гурав англиас чадан ядан орчуулсан юм. Багш нарын хэн хэн нь эдгээр номыг орчуул хэмээн дурдатган барихдаа бясалгалын их мэргэдийн үлдээсэн үнэт эрдэнэ-энэ номын монгол орчуулга гологдох учиргүй шүү, хичээж л үзээрэй гэж захисан.

2600 орчим жилийн тэртээ Буддагийн тэр үеийн Энэтхэгийн аман ярианы хэл Пали хэлээр айлдсан номлол сургаалыг монгол хэлээр утга төгөлдөр яруу сайхан буулгаж болно гэж тэд итгэдэг юм билээ. Орчуулга удсан даа. Миний хувьд орчуулгадаа найдах аргагүй. Хамт орчуулсан бясалгагч хоёр нөхөр, ерөнхий зөвлөх Д.Бямбажав багшийн оролцоотойгоор жил тойрон барьж тавьж нухсаар сая гараас гарч буй нь энэ. Бид бас дор дороо ажилтай улс, тэр бүхнээ бөөцийлнө, явдал их бий.

-Буддагийн Дхамма номын онолын нарийн ухагдахууныг англиар тайлбарласан эх бичвэр байдаг гэсэн?

-Тийм ээ.  Үүнийг орчуулгатай тулгахад ёстой барьц алдаж байлаа. Энэ бүхэнд ёстой багшийн амыг л харахаас аргагүй байсан.  Бидний хувьд цаад утга санааг нь ойлгож хүчирдэг л юм бол мэргэжлийн редакторуудын хийх ёстой хэл найруулга цэгцлэх гэх мэт аар саар ажилтай багш нараа ноцолдуулж цагийг нь дэмий үрэхгүйг хичээсэн.

Пали, хинди, англи хэлтэй, Энэтхэг оронд сууж Дхамма-Номыг нухацтай үзсэн бясалгалын багш ямар ухагдахууныг монголоор яаж буулгах тухайд оновчтой үг хэлж, уншигчид, бясалгагчдын ой ухаанд яв цав буухаар даацтай сайхан засвар оруулж байлаа. Зарим үед ингэж хэлэх санаа толгойд минь яагаад орсонгүй вэ гэж халаглахад ч хүрч л байлаа.

Тэндхийн сургалтын онцлог ч тийм байдаг юм уу, Энэтхэгт суралцсан залуу багш У Ба Киний энэ номыг англиар нь цээжилчихсэн бололтой байх тул орчуулгыг шууд уншиж, энэ юусан билээ гэж эргэлзэж тээнэгэлзсэн газарт л тулгаж хараад алдаа мадгийг илрүүлж засдаг тул хурдтай, сайтар ариутган нягталж байлаа.

Уг англи эх маань Буддагийн сургаал номлолын утга санаа, Саяажи У Ба Киний үгийн утгыг төгс сайн гаргаж чадаагүй газарт пали, хинди хэлээр арай л гүнзгий гаргасан байдгийг номын ерөнхий зөвлөх маань хэлж засч залруулж өгч байлаа. Ер нь болзошгүй мэр сэр эндүүрлээс биднийг гэтэлгэж өгсөн дөө.

-Хамтран орчуулагч нар тань хэн байв?

-Н.Баярсайхан, Ц.Бат-Өлзий. Аль аль нь хатуужилтай бясалгагчид, барагтай юманд барьц алдахааргүй англитай. Намсрайн Баярсайхан бид хоёр МУИС хамт төгссөн, эдийн засгийн хэвлэлд насаараа цуг ажилласан юм. Сайн редактор даа. Баярсайхан бас нэг их хэрэгтэй номыг Монголын уншигчдад хүргэсэн хүн.

Тэр нь юу вэ гэвэл, тээр жил Энэтхэгт дамжаанд суралцах зуураа академич Ш.Бира гуайтай тааралдаж яриаг нь чагнаж суухдаа 1989 оны орчимд манайхан орос хэлнээс эх хэлээрээ орчуулан гурван ботиор гаргасан Жавахарлал Неру гуайн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номын удиртгал гэмээр нэг ном бий, түүнийг орчуулан гаргавал манайханд их тустай гэж ярьсныг Баярсайхан ихэд олзуурхсан байдаг.

Тэгээд мань хүн Дели хотын хуучин номын зах хэсэж хэдэн ч өдөр явсан юм бэ дээ, удтал эрж хайж явсаар Энэтхэгийн аугаа их  хүн Ж.Неру гуайн “Охиндоо бичсэн аавын захидлууд” номыг олж авчраад охинтойгоо хамтран орчуулж гаргасан юм билээ. Хожим 2010 онд бид нийлж англи монгол хадмалаар гаргасан.  Бизнесмен залуу Цэндхүүгийн Бат-Өлзий номыг орчуулахын зэрэгцээ хэвлүүлэх зардлыг дааж МВСТ-д олон зуун номыг өргөл болгож байгаа. Энэ нь өдий төдий хүнийг Дхамма-Номын зам мөрөөр замнахад нь тус болж буй юм. Бид даанч нэг нэгнийхээ ийм буянт үйлсийг төдийлөн тоохгүй хайх­рамжгүй өнгөрдөг нь гэм биш, зан.

– Випашяна гэж юу вэ?

-Випашяна бол Буддагийн төгс гэгээрэлд хүрсэн тэр бясалгал. Буддагийн заасан Дхамма-Ном бол жам ёс, ертөнцийн түгээмэл хууль. Будда тэгэхээр гагцхүү нийтлэг түгээмэл Дхамма-Номыг л айлдаж номлосон байна.

Хүн төрөлхтөнд Буддагийн оруулсан хосгүй гавьяа бол үнэнийг өөрөө таньж мэдэх зам мөрийг нээж, тэгснээрээ өөрөө таньж мэдсэн билгүүн эрдэм бхаавана-маяа-панняа-г хөгжүүлсэн явдал юм. Үнэнийг шууд таньж мэдэх энэхүү зам мөр нь Випашяна-бхаавана-гийн арга ёс болой хэмээн энэ ном барим тавим өгүүлж байгаа.

-“Випашяна-Амин чухал эрдэнэ” номыг Та давын өмнө хэн заавал уншаасай гэж бодож байгаа вэ?

-Болж өгвөл Монгол төрийн албан хаагчид бүгд уншаасай билээ гэж хүсэх байна.

-Яагаад тэр билээ?

-Саяажи У Ба Кин багш бол Бирмийн төрийн байгууллагыг Дхамма-Номоор, Випашяна бясалгалаар орвонгоор нь өөрчлөн шинэчилсэн хүн. Хорвоо дээр бас ийм үнэнч шударга төрийн зүтгэлтний туйл болсон хүн байсны жишээг энэ ном бэлхнээ үзүүлж байгаа. У Ба Кин Бирмийн төрийн дөрвийн дөрвөн өндөр албан тушаалыг зэрэг хашихдаа огтхон ч түүртэж үзээгүйгээ Випашяна бясалгалын ач тус гэж хэлсэн байна. Тийм учраас энэ номыг төрийн албан хаагчид уншвал тун зүгээр дээ.

-Монголын төрийн албан хаагчдын дотор Випашяна бясал­га­лыг сонирхсон хүн байдаг болов уу?

-Байдаг юм билээ. Төрийн өндөр албан тушаалтны дотор гэхэд хэд хэд бий, Энэтхэгт очиж ч бясалгалд суусан төрийн албаны хүмүүс ч байдаг. Будда анх чухам юу айлдсаныг, Випашяна-гийн мөн чанарыг таньсан хүмүүс олширч байгаа нь туйлаас сайн хэрэг.

-Будда анх сургаал номлолоо айлдсан Пали хэлийг хүмүүс сонирхдог болов уу?

-Бид бол англи хэлнээс орчуулж байгаа, зүй нь Пали эхээр нь Дхамма-Номыг үзвэл хичнээн сайхан байх билээ. Залуус ялангуяа, Випашяна бясалгалд урамтай урагшилж буй залуус Пали үзээсэй билээ. Өөр хэлээр дамжуулж бус, уг сурвалж хэлээр нь судалбал үнэнд илүү хурдан ойртоно.

Эрт буурал 2600 орчим жилийн тэртээ өөрийн аугаа их хүч чармайлт шамдлаар төгс гэгээрэлд хүрсэн Будда хүн төрөлхтөнд Номоо анх айлдсан тэр язгуур эртний Пали хэл соёл, уугуул сэтгэлгээнийх нь өвийг дам зуучлагчгүйгээр авч хэрэглэн сэргээх нь өнөөдөр юу юунаас чухал.

-Б.Өвгөнхүү гуай та энэ номын орчуулгын редактор. Редакторыг одоо үед төдийлөн хэрэгсэхгүй болсон юм биш үү.  Зарим зохиогч, орчуулагч эхнэр, хүүхдийнхээ нэрийг  редактор гээд тавьчихсан, зарим нь өөрөө бүтээгээд өөрөө редакторлосон нь ч номон дээр харагдаж л байдаг. Ер нь редактор ямар үүрэгтэй хүн бэ?

-Завхруулга бага сага байдаг л юм, бичсэн дээрээ өөрөө редактор гээд тавьчихдаг хүн бол биедээ  дэндүү эрдсэн, ёстой Эго нь дэндсэн хүн л байх ёстой дог. Номыг бүтээж буй ганц толгойноос хоёр толгой арай илүү байх тул редактор наад зах нь зохиогчийн бүтээлийн давс хужрыг тааруулахад их түшиг болдог.

Нэгэнт л редакторлах үүрэг хүлээсэн бол хүний бүтээлийн “Үг бүрийг үнэрлэж” бай гэж хашир редакторууд хэлдэг байсан. Хүний ном бүтээлд чин сэтгэлээсээ, өөриймсөг хандах учиртай юм. Энэ бол редакторын ёс зүй, бичигдээгүй үүрэг. Тийм болохоор энэ номын орчуулгад алдаа мадаг байх аваас тэр нь зөвхөн надад л ногдоно, надад л тохоорой гэж уншигчдад хандаж хүсэх байна.

-Эго гэж юу вэ?

-Эго бол товч хэлэхэд бардамнал. Өнөөдөр Монголыг Эго л баллаж байна. Өөрийгөө бусдаас дээгүүр үзэх нь хэтэрснээс болоод бусдыг муучлах үзэл дэвэрч байна. Өөрийгөө дээгүүр үзэх хийрхэл л эвдрэл хагарлын үүд хаалгыг нээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна