Хойд хөршид юу болоод байна вэ?

2020 оны 01 сарын 17

 

ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байгаа билээ. Энэ талаар ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан, ахмад дипломатч Н.Мишигдоржтой ярилцлаа.

-ОХУ-ын  Зас­гийн газар бүрэн бүрэл­дэхүү­нээрээ огцорлоо.  Гэнэтийн гэмээр энэ үйл явдлын тухай таамаг, яриа улс төрийн хүрээнд байв уу?

-Бидний хөрш, олон жилийн найрсаг харил­цаатай байж ирсэн ОХУ-д шинэч­лэлийн салхи сэвэлзсэн үйл явдлууд эрчимтэй өрнөж эхэллээ. Ерөнхийлөгч В.Путин Холбооны Дээд танхим, Төрийн Дум болон ард түмэндээ хандаж, Үндсэн хуульд  өөрчлөлт хийх зөвлөл байгуулсан тухайгаа мэдэгдэв.

Улмаар одоогийн  Засгийн газар буюу Дмитрий Медведевийн толгойлсон Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь  огцрууллаа.  Энэ бол өөрчлөлт шинэчлэлийн  цаг үе мөн.  Мөн энэхүү үйл явдлаараа дэлхий нийтэд улс төрийн реформ  гэж байдаг,  энэ нь тодорхой цаг үеийн асуудал биш, байн байн шинэчлэгдэж байх учиртай гэдэг санаа сэдлийг өглөө.

-Үндсэн хуулиа өөрчлөхөөр болсон талаар мэдэгдлээ.  Энэ асуудлыг та юу гэж харж байна вэ?

– ОХУ одоогийн Үндсэн хуулиа Ельциний хууль  гэх нь бий. Бараг 30-аад жилийн өмнө Төрийн думаа танкийн их буу хэрэглэн  буулгаж авсныхаа дараа баталж байсан.  Тухайн үед хэт нэг талыг барьсан агуулгатай хууль болсон гэж  шүүмжилж байв. Өнгөрсөн хугацаанд энэ хуульд В.Путины санаачилгаар хоёр удаа өөрчлөлт оруулсан  юм.   Ерөнхийдөө орчин цагийн шаардлагад нийцсэн шаггүй сайн хууль гэж үздэг. Харин В.Путин одоо гол төлөв дотоод бодлогын асуудлыг хөндсөн, ялангуяа иргэд рүү чиглэсэн заалтуудыг оруулж ирэх бололтой. Тухайлбал, иргэдийн орлого, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн асуудлыг хөндөнө гэжээ. ОХУ-д болж буй энэ үйл явдал нь Үндсэн хууль шүтээн биш, улс орны аливаа үйл ажиллагаанаас шалтгаалан хэдэн ч удаа өөрчилж болно гэдгийг харууллаа. Тэглээ гээд галав  юүлж, газар цөмрөхгүй. Мөн Үндсэн хуулийг үндсээр нь  өөрчлөх биш, зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах юм гэдгийг В.Путин онцолж байна. Уг хуулийн амин сүнс, араг ясанд гар хүрэхгүй гэсэн үг.

-Засгийн газрыг огц­руулах болсон шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй яаж уялдаж байгаа юм бэ?

-Аливаа  Засгийн газар янз бүрийн шалтгаанаар шүүмжлэлд хамгийн  их өртдөг.  Энэ бол хэвийн үзэгдэл. Сүүлийн 3-4 жилд Засгийн газрын тэргүүний байр суурь суларч, эдийн засгийн олон асуудлыг ерөнхийлөгч В.Путин гардан хариуцах болсон нь ажиглагдаж байв.  Тухайл­бал, Үндэсний томоохон төслүүд, гадаадын хөрөнгө оруулалт гэх мэтээс үүнийг харж болно. Мөн олон улсын байдал нь тогтвортой биш. Их, бага орнууд хуйвалдааны аргаар ОХУ-ыг шахах, ганцаардуулах оролдлого гаарч, энэ нь удаан үргэлжилж байна. Ийм нөхцөлд эдийн засгийн либераль удирдлага явуургүй болсноор барахгүй, үндэсний эрх ашигт  нь харшилж эхлээд байв. Мөн Засгийн газрын үйл ажиллагаанд хот, хөдөөд шүүмжлэлтэй хандах болсон. Энэ нь огцрох нэг шалтгаан болсон.

-Дараагийн Ерөн­хий сайдын нэрийг дэв­шүүлсэн байна. Михаил Мишустин гэж хэн бэ?

-ОХУ-ын Татварын  албаны дарга Михаил Мишустин инженер, эдийн засагч мэргэжилтэй, док­торын зэрэгтэй хүн. Татварын чиглэлд зургаан жил үр бүтээлтэй, ажилласныг ОХУ-ын хэвлэлүүд онцолж байна. Улмаар ирэх зургаан жил татварын шинэчлэлийн жил болно гэдгийг хэлжээ. Харин Ерөнхий сайд асан  Д.Медведев Үндэсний аюулгүй байдлын дэд даргаар очих бололтой. Энэ нь улсынхаа батлан хамгаалах асуудалд тэргүүн зэргийн анхаарал тавьж ажиллана гэсэн үг.

-Мөн л чухал албанд томилогдох бололтой?

-Тийм ээ.  Ер нь сүүлийн жилүүдэд ОХУ улс орныхоо батлан хамгаалах хүчийг зузаатгах, цэрэг армийг орчин үеийн зэвсэг, техникээр хангахад онцгой анхаарч мэдэгдэхүйц амжилтад хүрч байна. Энэ нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байх болно гэж В.Путин мэдэгдсээр байгаа. Барууны зарим орнууд, үндсэрхэг үзэлтнүүдийн зүгээс ОХУ-ын явуулж буй тэгш, тогтвортой, энх тайванч бодлогыг илт үгүйсгэж байна. Түүгээр ч  үл барам Европ, Азийн  ард түмнийг боолчлол мөлжлөгөөс чөлөөлсөн Зөвлөлтийн ард түмэн, улаан армийн хүндтэй гавьяаг бууруулан хараар бэхдэхийг оролдож байгаа нь үнэн.

-ОХУ-д эхэлсэн энэхүү үйл төрийн үйл явдал нь манай улс болоод тухайн улсын гадаад бодлого ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Монгол, Оросын сайн хөршийн уламжлалт харилцаа хэвээр үргэлжилж байна.  Миний  хувьд хоёр улсын харилцаанд сэтгэл хангалуун байдаг. В.Путин манай оронд хоёр удаа айлчлал хийсэн нь  үүний баталгаа мөн.

Өнгөрсөн есдүгээр сард хийсэн айлчлалынхээ үеэр Сибирээс байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих асуудлыг судалж үзнэ гэдгээ мэдэгдсэн.  Улмаар  үүний дараахан  Оросын “ГАЗПРОМ” компанийн удирдлагыг дуудаж шинээр тавих хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих үүрэг өгсөн. 

Энэ  ажил бодит болох цаг хаяанд ирлээ.  Энэ бол найрамдал итгэлцэл, хамтын ажиллагааны үр дүн юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.