"Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон шүүгч нарыг шүүнэ

2020 оны 02 сарын 21

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.02.21/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд шүүгчээр Х.Одбаяр, шүүгдэгчээр Н.Мөнгөншагай нарын 15 хүн оролцоно. 

Хэргийг сануулбал, өнгөрсөн 2019 онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байсан 17 шүүгчийн зургаагийнх нь хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байгаа. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарт холбогдох хэрэг нь  прокурорт шилжээд байгаа юм. 

Эдгээр шүүгчдээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан өнгөрөгч есдүгээр сард БНСУ-д эмчлүүлэхээр яваад өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй учраас түүний хэргийг тусгаарлажээ. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1 сая 445 мянга 200 ам.доллар хураан аваад  байгаа. Шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг шүүгдэгчид тавьсан, шүүх хурлын танхимын багтаамж хангалтгүй зэрэг шалтгаанаар   шүүх хурал  хэвлэл  мэдээллийнхнээс хаалттай  эхэлж байна. 

Т.Хэрлэн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.