Нийслэлийн сургууль 3 өдөр танхимаар, 2 өдөр цахим хэлбэрээр хичээллэнэ

2020 оны 07 сарын 29

Засгийн газрын хуралдаан өнөөдөр/2020.07.29/ болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бүх шатны боловсролын байгууллагад халдвар хамгааллын дэглэм баримтлаж хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангана.

Мөн томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болголоо.

Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр хичээл орно. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцлоо.

Мөн хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол 2 настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар шийдвэрлэлээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.

Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.