Ц.Чулуунзагд: Мэдээллийн технологийн салбарт хүний нөөцийн эрэлт маш их байна

2020 оны 10 сарын 21

Өнөөдөр /2020.10.21/ Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо,  Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам  Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санамж  бичиг байгууллаа. 

Арга хэмжээний эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа  “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ирэх дөрвөн жилийнхээ бодлогын шинэчлэлийн хүрээнд  халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү  шилжихийг зорьж байгаа.  Энэ утгаараа бид боловсролын чиглэлд анхаарч ирээдүйд эрэлттэй байгаа салбарын боловсон хүчнийг бэлтгэхдээ ажил олгогчидтой хамтран ажиллаж эхэлж байгаа.

Үүний хүрээнд програмж хангамжийн салбар буюу Мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа залуусыг богино болон дунд хугацааны сургалтанд сургах, улмаар ажлын байранд зуучлах, ажил олгогчтой эрэлттэй нь уялдуулан хамтран ажиллахаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллахаар боллоо” гэв. 

Харин MOSA буюу  Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооы Ерөнхийлөгч  Ц.Чулуунзагд  "Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо бол мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй гишүүн байгууллагын төлөөлөл болж ажилладаг.

Бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед ажиллаж амьдарч байна. Өнөөдөр манай  төр, хувийн хэвшил  цахим шилжилт хийж байгааг та бүхэн мэдэж байгаа.  Мэдээлэл технологийн чиглэлээр хүний нөөцийн эрэлт хэрэгцээ маш их байна.  Үүнийгээ дагаад энэ салбар хүний нөөцийн хомсдолд орж байна.

Үүнийг шийдэх нэг арга нь Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлэл технологийн сургалтын хөтөлбөрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран  богино, дунд  хугацааны хөтөлбөр боловсруулаад хүний нөөцийг бэлдэх, ур чадвартай залуусыг илүү хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа.

Өөрөөр хэлбэл, программ хангамж, үйлдвэрлэлийн чиглэлийн компаниудад хүний нөөцийн асуудлаа шийдэхэд нь нэмэр болох, ур чадвартай залуус шинэ тутам хөгжиж буй мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах боломжтой” гэлээ. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.