Өвлийн улиралд цасан шуурганаас амьд үлдэх арга

Х.Батсайхан
2023/11/14

Одоогоос яг долоо хоногийн өмнө манай улсын нутгаар баруунаас зүүн тийш шилжин өнгөрсөн хүчтэй шуулга, цасан шамаргын үеэр малаа маллаж явсан найман малчин шуурганд төөрч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл өнөөдрөөс яг ийм, цасан шуурга баруун аймгуудын нутаг руу орж ирж байна. Шуурга маргааш төвийн аймгуудын нутаг руу орж ирж, улмаар зүүн тийш шилжих төлөвтэй буй. Бид өнгөрсөн удаад гарсан эмгэнэлтэй явдлыг давтахгүйн тулд малчдадаа зориулсан зөвлөгөөг хүргэж байна. 

Гар утсаа үргэлж дүүрэн цэнэгтэй байлга, цаг агаарын мэдээллээ гар утсандаа хүлээж авч хэвш

Цаг агаарын төдлөв байдлыг урьдчилан магадлах нь мал аж ахуй эрхлэгчдэд маш чухал, эрсдлээс бага дээр нь зайлсхийх боломж байдаг. Олон улсын "Мерси кор" байгууллага, ОБЕГ хамтран малчдад зориулж цаг агаарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжийг бүрдүүлсэн. Та 130-105 тусгай дугаар луу өөрийн багийн кодоо бичээд зай аваад 1-14 хоорондох тоог оруулан илгээснээр хариу мессежээр цаг агаарын мэдээлэл хүлээн авна. Харин багийн кодоо https://www.zipcode.mn/zipcode... холбоосоор орж цээжлээрэй. 

Хэрвээ цаг агаарын байдал тааламжгүй, огцом өөрчлөгдөх, аюултай үзэгдэл болох төлөв бүхий мэдээлэл ирвэл малаа бэлчээрт гаргалгүй өнжөөх, гаргасан ч ойрхон бэлчээх хэрэгтэй. Ухаалаг хүн гэж эрсдэлтэй тулж давахаас илүүтэй, урьдчилан харж, зайлсхийж чаддаг хүнийг хэлдэг. Эр хүнтэй айл бол хүүхэд, эмэгтэйчүүдийг малд явуулах хэрэггүй. 

Битгий даар 

Цаг агаарын мэдээлэл гайгүй, ирж, та малаа элчээрт нь гаргахаар шийдлээ гэхэд, цаг агаарын мэдээ 100 хувь баттай байдаггүй гэдгийг тооцоолж, дулаан хувцас, бээлий өмсөж гараарай. 

"Төөрчихлөө" гэдгээ мэдсэн л бол шууд доорх аргуудыг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Юуны түрүүнд даарахгүй байхыг хичээх нь дараа, дараагийн аргуудыг хэрэглэх боломжийг олгох учраас хэрхэн арай дулаан газар бий болгох вэ гэдгийг бодох хэрэгтэй. 

Монголын нөхцөлд нөөлөг хунгар газар олж, цас ухаж орох арга байж болно. Байдлаа дордуулах сонголт хийж болохгүй. Автомашинтай яваа бол машиндаа шуурга намжихыг хүлээсэн нь ононо. 


Амин дэм, уураг, илчлэг өндөртэй хүнсний бүтээгдэхүүн авч гар

Шуурга 1-2 хоног үргэлжлэх магадлалтай /Цаг агаарын мэдээгээр/ тул гэрээс гарахдаа аль болох илчлэг өндөртэй хоол хүнсийг /Шар тосоор зуурсан арвайн гурил, өрөм, тос/ авч явбал зохино. Төөрч будилах нь гэдгээ эрт мэдэж, гэрийнхээ ойролцоо хоргодох газар олж чадаж гэмээ нь хоол хүнсний хүчээр эрч хүч, дулаанаа хадгална. Түүнчлэн, шүдэнз, лаа, жижиг хутга гэх мэт төөрсөн тохиолдолд зайлшгүй хэрэг болох эд зүйлсийг багтаасан жижиг хайрцаг бэлдэж авч явж байвал зүгээр.  

Эрч хүчээ бүү үр

Маш чухал дүрэм. Хүн хоол хүнсгүйгээр хэд хоног амьд байж чаддаг. Гэхдээ эрч хүч нь хэмжээтэй учир хэмнэх хэрэгтэй. Илүү дутуу хөдөлгөөн хийх хэрэггүй. Нэгэнт төөрсөн нь ойлгомжтой болсон бол  байгаа хоол хүнсээ аль болох удаан хүргэнэ гэж тооцон /Хэрвээ гэрийнхээ ойр байгаагаа багцаалж байгаа бол цаг агаар тогтворжиж, тусламж иртэл/ хуваарилж, хуваарийн дагуу идэх хэрэгтэй. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна