Ирээдүй рүү чиглэсэн, улам олшрох "буудалтууд"

Х.Батсайхан
2023/11/20

“Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй үе чинь их буугаар буудна” гэдэг үг бий. Тэгвэл сүүлийн үед энэ үгийг яг эсрэгээр нь хэрэглэчихмээр санагдаад байх болов. “Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал эргээд их буугаар буудна” гэж... 

Ардчилал, чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэний дараа эцэг, эхчүүд нэг хэсэг мөнгөний төлөө улайрсан. Үр дүнд нь мөнгөний үнэ цэнийг ойлгодог, хүч чадлыг нь мэдэрдэг нэгэн үеийнхэн өсөж өндийлөө. Олох аргыг нь зөв заагаад өгчихвөл энэ үеийнхэн Монгол Улсын гол баялаг, ардчиллын бий болгосон бас нэг давуу тал  мөн үү гэвэл мөн. Гэтэл мөнгөний үнэ цэнийг ойлгож, ид ажиллаж хөдөлмөрлөх ид үед нь “Мөнгө олох хамгийн амархан арга бол улс төр, улс төрийн нам бараадах явдал юм” гэсэн ил, далд сурталчилгаа өргөн дэлгэр явагдаад байвал юу болох вэ.

Одоогийн тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгоход онцгой гавьяа байгуулсан гавьяатай Д.Сүхбаатар, Х.Чойбалсанг гутаах аян нэг хэсэг Монголд өрнөсөн. Д.Сүхбаатарыг мөрийтэй тоглоомчин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, Х.Чойбалсанг тэнэмэл лэнсий амьтан байсан болгож харагдуулах гэсэн нийтлэлүүд өдөр тутмын том гэгдэх сонин хэвлэлээр гарч байлаа. Одоо ирээдүй үе рүү чиглэсэн далд сэнхрүүлэг, сурталчилгаа явуулж байгааг харахаар энэ бүхэн бага залууст өнгөрсөн үеийг нь шившиглэж бахархалгүй болгоод “намчин” болгож хүмүүжүүлэх зохион байгуулалттай ажил байсан юм биш байгаа. Х.Чойбалсанг гутаасан нэгэн нийтлэлд “Х.Чойбалсанг ер нь л хүнд гар байсан гээд ойлгочих хэрэгтэй” гэх мэт үг, хэллэг хэрэглэснээс харахад яах аргагүй залуу, олон улсын нэршлээр Жензэт /Generation Z/ үе рүү чиглэсэн шинжтэй.  

Уншигч танд “Далд сурталчилгаа гэж юуг хэлээд байгаа юм бэ” гэж асуулт төрж байж болох. Нам дагасан бүхэн албан тушаалд тавигдаж, өнгөжиж, мөнгөжиж байгаа нь өөрөө залуусыг нам шүтэгч болгох далд сурталчилгаа гэж хэлэх гээд байна. Сая АТГ-ын Олон нийтийн зөвлөлд оруулсан хүмүүс хамгийн ойрын жишээ. Зөвлөлийн гишүүн цалингүй. Гэвч тэр хүмүүс олон нийтэд нэр хүнтэй байх шалгуурт нь нийцэж байсан байж болно, үгүйсгэхгүй. Гэхдээ сонгуулийн үеэр нэг намыг илтэд дэмжиж, сурталчилгаанд нь явж, бүр зарим нь өөрсдөө улс төрийн намуудаас нэр дэвшсэн хүмүүс. Ийм хүмүүсийг оруулах нь зөв үлгэр дуурайл уу. Дэмждэг намынх нь гишүүнтэй холбоотой асуудалд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүний хувиар яаж хандах юм бэ гээд асуудал гарна. Үнэндээ энэ бол ирээдүй рүү хийсэн буудлага болчихлоо. 

Жензэт /Generation Z/ үеийнхэн бол асуудалд маш бодитой ханддаг, энэ нь нэг талаараа аюултай. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаяр сургалтын төлбөрийг тэглэнэ, Ц.Элбэгдорж “Оюутныг цалинтай болгоно” гэж амлахад “Н.Энхбаяр ялбал аав, ээжид ашигтай, Ц.Элбэгдорж ялбал надад ашигтай” гэсэн дүгнэлтийг шууд хийсэн гэж байгаа юм. 

МАН-ын “60 тэрбум”-ын дуулиан дэгдэж, миний бие бухимдахад  Z үеийн нэгэн төлөөлөл “Харин боломж юм биш үү. Бухимдахын оронд хэдэн цаас хуримтлуулж нэг албан тушаал олж аваач” гэж зөвлөж байсан удаатай. 

Одоо үндсэндээ сонгуулийг эргүүлэх хүч энэ үеийнхэнд байна. Улс төрийн намууд үеийнхэндээ нөлөөтэй залуучуудыг сурталчилгаандаа ашиглаад байгаа нь үүнтэй мэдэж холбоотой. Гэхдээ энэ үеийнхнээр хамаагүй оролдвол аюултай шүү. Улстөрчдөд дандаа ашиглуулаад байхгүй, эргүүлээд ашиглаж ч чадна. Ерөнхийлөгчийн зарласан баярын хурлыг шингэн тамхины далд сурталчилгааны тайз болгож хувиргасныг санах нэг нь санаж байгаа биз. 

Одоо 10 жилийн ахлах ангийн хүүхдүүд шингэн тамхи хэрэглэж, Солонгосын сүлжээ дэлгүүрт чөлөөтэй хулдалдан борлуулж байна. Асар их нөлөөг нь ашигласан бол зөв залаад зөв байдлаар ашиглаач гэж эрх баригчдаас шаардаж байна. Дүр эсгэсэн ардчилал хамгийн аюултай гэдэг. 

Харамсалтай нь “Нам дагавал алзахгүй” гэдэг санаа залуусын оюун санаанд гүн бат сууж байна. Илтгэл тавьдаг залуусын реалити шоу нэг телевизээр явсан. Одоо төрийн дунд шатанд дандаа илтгэл тавьж уран яруу ярьдаг залуус ажиллаж байна. Тэглээ гээд ажлын үр дүн ямар байгааг ард түмний амьдралаас харчих боломжтой. Ер нь ирээдүй рүү чиглэсэн аливаа буруу ажиллагаа эргээд төлөөсөө авч байдаг гэдгийг л эрх баригчид ойлгомоор байна.  

Одоо залуусыг архичин, ажилгүй гэх тодорхойлолт дагах болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт дээр “Буянгийн” гэгдэх Б.Жаргалсайхан энэ санааг нь тоть шиг давтаж, харин ч эрүүл саруул залуус эсэргүүцэж байгаа харагдсан. 

Зөв ашиглавал залуус үнэндээ л том хүч. Гаднын улс оронд ажил зуучилсны хөлс 10 хувь байдаг. Энэ бол жишиг. Гэтэл яг одоо олон барилга дээр үндсэн ажилтан өдрийн 90 000-100 000, цагийн ажилтан өдрийн 50 000 төгрөгөөр цалинжаад яг ижил ажил хийж байна. Өдрийн 50 000-иа авч л байвал тэр газрын ажил урагшилна уу байна уу, улс орон хөгжинө үү байна уу хамаагүй гэсэн үзэл санаа цухалзуулсан хэсэг бүлэг бий болж байгаа нь ирээдүйд мөн адил хорлонтой юм шүү. Ер нь жижиглэн худалдаа эрхлэгчид нь нэгдэж байгаад төр засгаасаа “Жижиглэн худалдааны хуулиа батлаад өгөөч” гэж гуйдаг, Хадгаламж эзэмшигчдийн холбоо нь хэвлэлийн хурал зарлаад “Бидэнд өндөр хүү хэрэггүй ээ, бага хүүтэй зээл хэрэгтэй” гэж банкны эздээс гуйдаг өөр улс байдаггүй л байх. Чадварлаг, нэр хүндттэй залуу үеэ ашиглая, гэхдээ зөв зүйлд ашиглая. Тэгэхгүй бол энэ бүхэн явсаар нам хамгийн сайхан оромж, улс төр сайхан гэдэг далд сурталчилгаа болж ирээдүй үеийн оюун санааг хордуулж байна. Бурууг жигшье, зөвийг илүү сурталчилья. Ил,  далд аль, алинаар нь сурталчилья.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.161
    2023/11/21

    Olon Namiin togtoltsoo. Hodolmorloson huniig l burhan hamgiin iheer shagnana

    Хариулах