"Тамын тогооны үлгэр"-ийг үргэлжлүүлэх гэж байгаа бол ЗОГС, хотын хоёр "Босс оо"

2023/11/30

Нийслэлчүүд бид 1.8 саяуулаа утаа, түгжрэлийн дунд "үхэцгээж байна". Хатуу боловч бодит үнэн ердөө энэ. Үнэндээ утааны хоруу чанар бидний амьгалах уушгийг "алж" байна. Худлаа гэвэл, эмнэлгүүдээр яваад үзээрэй. Цаана чинь  зуу, зуугаараа тоологдох хүүхэд эмнэлгээр дүүрсэн байна. Ханиалгаж бүгшүүлсэн, халуурч бүлээрсэн, эцэстээ уушгины хатгалгаа болсон хэдэн мянган хүүхэд нийслэлийн эмнэлгүүдэд багтаж ядан байж байна.. Ирээдүй болсон энэ Монголын үр сад хүүхэд ахуй насандаа хүнд хэлбэрийн уушгины үрэвсэлтэй болон үлдэж байна. Дээр өгүүлсэн бүхэн юунаас үүдэлтэй юм бэ. Яагаад өвлийн улиралд ийм хүндрэлүүд гараад байна вэ. Ганц шалтгаан нь ердөө утаа. 

Өнгөрсөн хугацаанд үе, үеийн Хотын удирдлагууд утаатай тэмцэнэ гэж "сүржигнэдэг". Гэвч хэрэгжүүлсэн ажлын үр дүн хаана байна. Хамар цоргисон хар утаанд дарлуулсан улаанбаатарчууд мянга, мангаараа амиа алдацгаасаар. Албаны эх сурвалжаас гаргасан статистик дүн мэдээгээр жилд дунджаар 1400–4000 орчим хүн утаанаас улбаатай амиа алддаг гэнэ. Хамгийн харамсалтай нь үүний 15 хувь нь буюу 210-600 нь хүүхэд байна.  Ийм л эмгэнэл энэ нийслэлд  нүүрлэсэн гэдгийг  Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар та мэдэж байна уу.  "Эрүүл аюулгүй орчинд амьдрах" үндсэн эрхээ ч эдэлж чадахгүй байгаа иргэдээсээ татвар авна, "Давс мэт шорвог шийдвэрүүд гаргана" гэж даналзаж байхаар ард түмнийхээ дунд орж, тулгамдаж байгаа асуудлыг нь анхаараад нэг үзээч. 


Нийслэлчүүдийн нервийг хөдөлгөдөг, хорт утааны угшлын багагүй хувийг бүрдүүлдэг нэг асуудал бол замын түгжрэл. Албаны эх сурвалжаас гаргасан судалгаагаар  "Замын түгжрэлд иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг зарцуулж байна" гэсэн дүн мэдээ бий. Та бод доо, жилийн 365-хан хоногийн 35-ыг нь түгжрээд өнгөрөөчихдөг гэхээр дэндүү харамсалтай. Хамгийн гол нь энэ хугацаанд иргэд стрессдэж эрүүл мэндээрээ хохирч байна. Түлш, шатахуунаа барж, эдийн засгаараа туйлдаж байна. Энэ асуудлыг хэзээ, хэн шийдэх вэ. Салбар хариуцсан сайдтай боллоо гээд сайжирсан зүйл алга. Шинээр томилогдсон Б.Дэлгэрсайхан та, метро ярьж "мөрөөдөж" суухаас өөр зүйлийг хийж байна уу. Хэтийн хэрэгжүүлэх ажлаа ярин хөөсөрч суухын оронд ойрын хугацаанд хэрэгжүүлж болох гарц шийдэл хайж үзэв үү. Хэдий болтол "Түгжрэл" гэх нэрийн дор төсвийн мөнгөөр тоглох гэсэн юм бэ. Та бод доо. 

2021 оны арванхоёрдугаар сард нийслэлийн түгжрэлийг бууруулахад 414 тэрбум төгрөг баталж байв. Зарцуулалтын задаргааг хараад үзвэл, нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум төгрөг, газар чөлөөлөлтөд 72.4 тэрбум төгрөг гэх зэргээр тэрбум, тэрбумаар түгжрэлийн эсрэг ажил хийгдсэн гэх. Гэвч өнөөдрийн байгаа байдлаа хар. Түгжрэл буурсан байна уу. 

Улаанбаатар хотын түгжрэл, утааны бодит байдал ийм л байна. Тиймээс өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, ойрын хугацаанд үр дүнгээ өгөх тийм ажлууддаа онцгой анхаармаар байна, Хотын хоёр "босс оо". Тэгэхгүй бол урьдын л адил утаа, түгжрэл нэрээр төсвийн мөнгө зувчуулдаг "Тамын тогооны үлгэр"-ийг үргэлжлүүлэх гэж байгаа бол яг одоо ЗОГС. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.218
    2023/11/30

    Өлзийбаяр аа!!!мэдээ бичихдээ тооцоо хийж бай.2.5 цаг гээд 365 аар үржүүлж харлуулах хэрэггүй. Мөн амралтын болоод бусад олон өдөр тооцоонд орохгүйг ойлго.Ер нь сэтгүүлч нэр зүүсэн тэнэгүүд мэдлэг чадвараа анхаармаар юм.

    Хариулах
    • 43.228.130.188
      2023/11/30

      үнэн шүү 35 өдрөөс илүү цаг гарздаж байгаа өөрөө хэнийг хамгаалах санаатай дутуу тооцоо хийгээд байнаа түгжрэлийн сайдын хамаатан юм уу цүнх баригч уу хаха

  • 66.181.185.36
    2023/11/30

    Утаанаас салах арга хоёр зүйлд анхаарах шаардлагатайг ухааруулна. Гэр хорооллын дулааныг шийдэх оновчтой арга олох ( цахилгаан ,хий , нарны энерги г.м);утаат автомашины тоог цөөлөх ийм хоёр зам байна.

    Хариулах