Ц.Гантулга: Хөршийн тэргүүн бодлого ярьж, Манай тэргүүн хөөстэй тоо ярив

Х.Есү
2024/01/04

Аливаа улс орны Төрийн тэргүүнүүд шинэ оны босгон дээр ард түмэндээ хандан хэлсэн үгэнд тухайн улс орны нөхцөл байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, ШИНЭ бодлого агуулагдаж байдгаараа онцлогтой. Энэ удаад ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ард түмэндээ хандан үг хэллээ. 

Төрийн тэргүүний хэлсэн үгийг Төр гэдэг утгаараа нь хүндэтгэн үздэг байсан бол энэ удаад ахмад буурлаас эхлээд балчир насны хүүхдүүд хүртэл эсэргүүцэн хүлээн авч байгаа нь нийгмийн амьдрал ямар байгааг төвөггүйхэн харуулна. Мэдээж хэрэг Монгол Улсын хувьд улиран одсон хуучин онд ололт амжилт, алдаа дутагдал бүгд байсан байх.

Тиймээс манай удирдагчдын хэлсэн үгэнд бүтээж босгосноороо бахархах зүйл байсангүй. Харин үе үеийн Засгийн газрын гадаад орчинд тавьсан өр дарснаа ярихын зэрэгцээ эдийн засаг өссөн гэх хөөстэй тоо л байв. Тухайлбал, У.Хүрэлсүх “Энэ жил манай улсын эдийн засаг 6.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, 16.5 хувьд хүрээд байсан инфляц 8.6 хувь болон буурч, төсвийн орлого нэмэгдэж, Монгол Улсын нэгдсэн төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарлаа” хэмээсэн. Энэ нь тоон талаасаа эерэг үзүүлэлт хэдий ч бодит амьдрал дээр нөхцөл байдал уруудсан болохоор Төрийн тэргүүний хэлсэн үг, хөөстэй статистикыг сонссон түмэн эсэргүүцэн хүлээн авсан биз ээ. Нөгөө талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс эх орон, ард түмнээ гэсэн агуулга харагдаагүйд дургүйцсэн байх. Нөгөөтэйгүүр, бондын өр, бусад зээл тусламжийг ямар шалтгаанаар аль Засгийн газар тавьж, улс орон, түмэн олонд ямар уршиг учруулсан гэдгийг ч ард түмэн мэдэж байгаа.

Ийнхүү манай эрхмүүд татвар төлөгч иргэдийн мөнгөөр өр тэглэснээ гайхуулж, хөөстэй тоогоор хөөрхий нийгмээ “нисгэж” байхад Хятадын Төрийн тэргүүн Си Жиньпин “Бид 2023 онд эрч хүчээ бүрэн дайчилж ажиллалаа. Урт хугацааны хичээл зүтгэлээр Хятад улсын инновацын хөдөлгөх хүч, хөгжлийн эрч хүч бүх талаар эргэн сэргэлээ. Том оврын С919 нисэх онгоцыг ашиглалтад оруулж, Хятад улсын бие даан зохион бүтээсэн аяллын том хөлөг онгоцыг амжилттай туршлаа. Мөн Шэньжөү сансрын хөлгүүдийг дараалан хөөргөж, “Фэнь Дөү Жэ” аппарат тэнгисийн гүнд шумбаж шинэ рекорд тогтоолоо. Хятад улсын зохион бүтээж үйлдвэрлэсэн брэнд бараа бүтээгдэхүүн олонд таалагдаж, бидний үйлдвэрлэсэн шинэ загварын гар утас, шинэ эрчим хүчний автомашин, лити батерей, нарны эрчим хүчний бүтээгдэхүүн зэрэг нь Хятад улсын боловсруулах салбарын шинэ өнгө төрх, шинэ тулгар цэг болсон юм. Хятад улс бие даан хөгжих үзэл баримтлалаар цаг мөчтэй уралдан шинийг бүтээсээр байна” хэмээн ярихаас гадна “Бидний зорилго аугаа том бөгөөд энгүүн байж, ард иргэдээ сайн сайхан амьдралтай байлгахын төлөө юм” хэмээн онцолсон нь газар тэнгэр шиг сонсогдоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд ч 2023 оныг Оросын нийгэм өндөр түвшинд эвсэн нэгдсэн жил хэмээн тодорхойлж, “Оросуудыг хагалан бутаргаж, улс орны хөгжлийг зогсоох хүчин байхгүй" хэмээн эх оронч үзэл санаа, ард түмнийхээ нэгдмэл байдлыг өндөр түвшинд авч үзсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.84
    2024/01/05

    Монголын төрийн тэргүүнүүд гэгч хүмүүс үнэндээ улс орныг удирдах авьяас ухаан нь хүрдэггүй нэгдсэн чиг зорилго байдаггүй нь хэлсэн үг үйл ажиллагаа нь харуулдаг учраас нийт юм боддог хүмүүс бүгд эсэргүүцлээ салаавчаар илэрхийллээ Тэд өөрсдөө юу ярьж байгаагаа мэддэгч үгүй юм байна

    Хариулах