Гиннесс дэхь Монголын орон зай

Х.Батсайхан
2024/01/07

Дээд амжилт бүртгэдэг Гиннессийн ном, тэнд байх Монголын орон зайн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.  

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-ын тухай мэдэхгүй хүн ховор биз ээ. Харин хэрхэн үүссэн, ямар шалгуураар бүртгэдэг, бичигдсэн хүмүүст хэчнээн хэмжээний шагнал урамшуулал өгдөг гээд нарийн ширийн зүйлсийг нь мэдэхгүй л болов уу. Түүнчлэн, хүмүүсийн сонирхол төвлөрч байгаа цэгт Монгол гэдэг нэрийг аль болох олон, удаан байлгах нь нэг төрлийн "зөөлөн хүчний" бодлого билээ. 

Гиннесийн тухай 

Гиннессийн ном нь эхэндээ Ирланд, Шотландын уушийн газрууд, шар айрагт дурлагсдыг мэдээллээр хангах зорилго агуулж байжээ.

Ихэнх хүн “Гиннесс”-ийг уг номыг анхлан санаачилсан хүний овог гэж ойлгодог. Гэвч энэ буруу юм. “Гиннесс” бол шар айраг исгэдэг Ирландын компанийн нэр. Ном бий болсон түүх энэ компанитай холбоотой гэдэг нь харин үнэн. Компанийн тэргүүнээр дөнгөж сонгогдоод байсан Хью Бивер дээд амжилтын номыг анх санаачилсан байдаг. 


Гэхдээ эхэндээ дэлхийн дээд амжилтаас гадна Ирланд, Шотландын уушийн газрууд, шар айрагт дурлагсдыг мэдээллээр хангах зорилго агуулж байжээ. Түүний энэ санаа Крис Чатавей, ах, дүү Мак Уайртер нарын санаанд гойд нийцсэнээр 1955 онд анхны “Гиннесийн ном” хэвлэгджээ. Шинэ ном тэр дороо л уншигчдын талархлыг хүлээсэн бөгөөд хоёр дахь хэвлэлт нь таван сая хувиар борлогдсон гэдэг.

Хэрхэн бичигдэх вэ

Гиннесийн номд хэн ч нэрээ бичүүлж болох боловч дараахь гурван шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

-Хэмжих боломжтой байх -Байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх -Хожим хэн нэгэн эвдэх боломжтой байх

Таны сонгосон үзүүлбэр, ур чадвар дээрх шалгууртай зөрчилдөхгүй байвал мэдүүлгээ өгч болно. Биеэр очих албагүй. Гиннесийн албан ёсны цахим хуудас guinnessworldrecords.com-д хандахад л болно.  

Дээд амжилтын төлөө хэдийг төлдөг вэ  

Гиннесийн дээд амжилтын номд нэрээ бичүүлсний төлөө маш өндөр мөнгөн шагнал хүртдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч энэ нь буруу юм. Дээд амжилт тогтоосон хүмүүст батламжаас өөр юу ч өгдөггүй. Номд бичигдсэнээр олж авах алдар хүнд л тухайн хүний хүртэж буй хамгийн том шагнал юм. Гиннесийн номд бичигдэнэ гэдэг өөрөө асар их нэр хүндийг дагуулж байдаг. Үүнийг  хэдэн  зуун мянгаар хэвлэгддэг сонин, сэтгүүлийн тэргүүн нүүрт гарсантай харьцуулах ч аргагүй. Гиннес бол дэлхийн хамгийн өндөр борлуулалттай ном. Түүнд бичигдсэнээр алдар нэр өөрөө л хүрээд ирнэ. Харин түүнийгээ хэрхэн ашиглах нь тухайн хүний ухаан мэдэх хэрэг. Туршлагаас харахад, Гиннесийн номд би­чигд­сэн хүмүүс телевизийн шоу, арга хэмжээнд оролцох урилгаар тасардаггүй бөгөөд үүнийхээ төлөө багагүй урамшуулал хүртэж, амьдрал нь дээшилдэг байна.

Дэлхийн хамгийн олон хувь хэвлэгдэж, хамгийн олон хүнд хүрдэг, хамгийн алдартай энэхүү номд Монголын гэсэн тодорхойлолттой ямар дээд амжилтууд байгааг сонирхуулъя.     

Хамгийн олон морьтны жагсаал

Дэлхий дээр хамгийн олон морьд оролцсон  уралдаан болдог тэр өдөр мөн түүхэнд хамгийн олон морьтон оролцсон сүрт жагсаал Хүй долоон худагт болж Гиннесийн номд бичигдсэн. Жагсаалд 11.125 морьтон оролцсоны дотор хоёр ой, найман сартай Г.Үүрцайх, 90 настай Г.Дашчоймбол нар байв. 


Дашрамд дурдахад, ММСУХ анх 3000 морьдын уралдаан, 10 000 морьтны жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн ч хурдан морьдын уралдаанд 4249, жагсаалд 11.125 морьтон оролцож, төлөвлөгөө даван биелжээ. 

Хамгийн олон тэмээний уралдаан 

Гиннесийн дээд амжилтын номд одоогоор монгол­чуудын оруулсан хамгийн сүүлчийн хувь нэмэр нь хамгийн олон тэмээ оролцсон уралдааныг зохион байгуулсан үйл явдал билээ. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан уг уралдаанд 1108 хурдан тэмээ оролцож, дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Уралдаан 15 км-т зохиогдсон бөгөөд түрүүлсэн тэмээ 35 минут, 12 секундэд барианд оржээ.   


Дэлхий дээр 19 сая тэмээ байдгийн долоон сая нь Сомалид байдаг. Тиймээс хэзээ нэг өдөр хамгийн олон тэмээ оролцсон уралдааны дээд амжилт шинэчлэгдэж магадгүй. Гэхдээ хоёр бөхтэй буюу бактриан тэмээ оролцсон гэдэг дээд амжилт Монгол Улсад хадгалагдсаар байх нь дамжиггүй.  Учир нь дэлхий дээр хоёр бөхтэй тэмээ буюу бактриан хоёр сая шахам толгой байдгаас 367.9 мянган толгой нь Монголд бий. Түүх сөхвөөс, Монгол Улс 1954 онд 895.3 мянган тэмээ тоолуулж байжээ. 

Хамгийн том газар нутаг, хамгийн цөөхөн хүн ам

Агуу өвөг дээдсийн­хээ ач буянаар Монгол Улс “Хүн ам хамгийн сийрэг суурьш­сан улс” гэсэн бахар­хам үзүү­­лэлтээр шууд Гин­нес­ийн дээд амжил­тын номд нэрээ дархалжээ. Гэх­дээ зарим үзүүлэлт нь Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар бо­лон бу­сад байгууллагаас тог­тоо­сон албан ёсны ба­римтаас зөрж байгааг тэм­дэг­­лүүштэй. Албан ёсны цахим хуудсанд нь байгаа мэдээлэлд “Монгол Улс 2011 оны байдлаар 3.133.318 хүн амтай, 1.564.160 км2 нутаг дэвсгэртэй.


Нэг км2 тутамд хоёр хүн ногдож байна” хэмээн бичигдсэн байна. УБСЕГ-ын тооцоогоор бол монгол­чууд бид 2015 оны хоёрдугаар сард гурван саяуулаа болсон билээ. Өчигдрийн байд­лаар Монгол Улсын хүн ам 3.074.550 болоод байв. Газар нутаг ч 1.566.600, 1.564.116 гэхч­лэн янз янзаар бичигдсэн байна. Үүнийг хол­бог­дох байгууллагууд анхаа­­ралдаа авч, нэг мөр болго­гүй бол улсынхаа газар нутгийн хэмжээг ч мэдэх­гүй бүхэл бү­тэн үе өсч өндийж байна.   

Харийн спортоор дээд амжилтын номд 

М.Уранцэцэгээс өмнө Гиннесийн дээд амжилтын номд хоёрхон монгол хүн “ганцаарчилсан” тоглолт хийж нэрээ дархлаад байсны нэг нь мэргэжлийн сүмогийн их аварга Мөнхбатын Даваажаргал. Японы үндэсний спорт сүмо бөхийн жилд болдог зургаан тэмцээн, 90 барилдааны 86-д нь  давсан  гайхамшигт амжилтыг нь Гиннесийн дээд амжилтын номд албан ёсоор бүртгэсэн байдаг аж.  


Жүдо бөхийн дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг мөн ОУЖБХ-ны цуврал /Их дуулга, гран при, дэлхийн цом/ тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн /11 алт, 11 мөнгө, 13 хүрэл/ гэдэг үзүүлэлтээр дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номд бичигдсэн. 


Хамгийн эрсдэлтэй морин уралдаан 

Дэлхийн хамгийн хол зайд явагддаг морин уралдаан Монголд болдог. “Монгол дерби” гэж нэрлэгддэг уг уралдаан анх 2009 онд зохион байгуулагдсанаасаа хойш жил ирэх бүр оролцогчдын цар хүрээ нь нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн жил Төв аймгийн Эрдэнсант сумаас Хөвсгөл нуурын чиглэлд зохиогдоход морин спортын олон улсын 40 гаруй тамирчин оролцжээ.  Одоо энэ уралдаанд хамгийн залуудаа түрүүлсэн, хамгийн нстайдаа түрүүлсэн гэх мэтээр Гиннессийн номд бүртгэж байгаа нь энэ урлдаан хэр том, цар хүрээтэй болохын илэрхийлэл биз ээ. 


Хамгийн олон бөх оролцсон тэмцээн

Монголыг дэлхийд Чингис хаан, цэлмэг тэнгэрээс гадна бөхчүүдээр нь мэддэг. Улсынхаа нэрийн хуудас болсон тэдний орон зай Гиннест ч бас байна. “Хамгийн олон бөх оролцсон тэмцээн” зохион байгуулсан дээд амжилтыг Монгол Улсад, монголчууд тогтоосон байна. 

2011 оны есдүгээр сарын 17-25-ны хооронд болсон тэрхүү түүхэн үйл явдалд Монгол Улсын 18 аймаг, гурван хот, 325 сумаас 6002 хүчтэн ирж оролцжээ. Өмнөх дээд амжилтыг элэг нэгт өвөрмонголчууд 2004 онд 2048 бөх барилдуулан тогтоож байв. 


Гиннесийн номд манайхны энэхүү амжилтыг тэмдэглэхдээ “Оролцогсдын зарим нь 1700 км зам туулан ирсэн”-ийг онцлон дурджээ. Монгол Улсын аймаг, сум бүр Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг. Аймаг, хот, сум бүр баяр наадмаа тэмдэглэж бөх барилдуулдаг. Тэдгээрт зодоглосон бөхчүүдийн тоог гаргавал 20-30 мянга лавтайяа хүрнэ. Тиймээс энэ амжилтаа дахин шинэчлэх боломж бий.     

Хамгийн том хэмжээтэй оригами зураг

“Хобби” сургуулийн сурагчид 2017 оны есдүгээр сарын 18-ны өдөр Чингисийн талбайд 1,167.44 m² хэмжээтэй Монгол Улсын төрийн далбааг эвлүүлэн Гиннессийн дээд амжилтын номд бичигдэж байв. Зураг бүтээх ажилд Хобби сургуулийн 670 сурагч оролцжээ.


30 минутад хамгийн олон тэмдэгт цээжилсэн хүн монгол

 Монгол Улсын иргэн Энхтуяагийн Лхагвадулам 2018 оны арванхоёрдугаар сард Хонконгод болсон ой тогтоолтын ДАШТ-ий үеэр 30 минутын хугацаанд 5,597 тэмдэгт цээжлэн дээд амжилтын номд бичигджээ.


Хамгийн хүнд жин өргөсөн пара хүндийг өргөгч

МУГТ Энхбаярын Содномпилжээ 2019 оны долдугаар сарын 18-ны өдөр Казахстаны Нурсултан хотноо болсон ДАШТ-ий үеэр -107 кг-ын жинд өрсөлдөхдөө 247 кг-ыг өргөж Гиннессийн дээд амжилтын номд бичигдсэн юм.  


Нэг цагийн дотор хамгийн олон хөзөр дарааллын дагуу цээжилсэн монгол охин

Нармандахын Мөнхшүр 2017 онд БНХАУ-ын Шеньженд болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нэг цагийн дотор 1924 ширхэг буюу 37 багц хөзрийг дарааллын дагуу цээжилж дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Түүний ихэр Н.Энхшүр мөн энэ тэмцээний үеэр 30 минутад 5445 тэмдэгт цээжлэн дээд амжилт тогтоосныг дараа жил нь өөр нэг монгол охин Э.Лхагвадулам эвджээ.   


1308 хөөмийч нэг дор хөөмийлж дээд амжилт тогтоолоо

2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд 1308 хөөмийч нэгэн дор цугларан хөөмийлж, дээд амжилт тогтоосныг Гиннессийн дээд амжилтын номд бүртгэжээ.


Хамгийн олон удаа сонс эргэсэн дээд амжилтыг монгол гимнастикч эзэмшив

Соёл-Эрдэнийн Батцэнгэл хэмээх шөрмөслөг монгол залуу 2022 оны зургадугаар сарын 22-ны өдөр савлуурт 1111 удаа сонс эргэж, Гиннессийн дээд амжилтын бүртгэл дэхь Монгол Улсынхаа орон зайг тэлэв.  


Марафоны ДАШТ-д хамгийн олон удаа оролцсон тамирчин Монголынх

МУГТ, Азивийн аварга Бат-Очирын Сэр-Од марафоны төрлөөрөө ДАШТ-д 11 дэхь удаагаа оролцож, Гиннессийн дээд амжилтын номд бичигдэв. Тэрбээр 42 км 195 м зайг 2 цаг 08 минут, 50 секундэд туулж хувийн дээд амжилтаа тогтоосон нь зарим үед ДАШТ-д түрүүлэх медаль хүртэх хэмжээний үзүүлэлт юм. Өдгөө нас 40 хүрсэн ч хоёр жилийн өмнө Японы “Lake Biwa Marathon”-д  2:09:26 хурдалж, харих болоогүйгээ харуулжээ.   


“Барианд орсон бүхэн ялагч” гэж яригддаг, спортын хамгийн хүнд, хэцүү төрлөөр 20 жил тогтмол дээд түвшинд өрсөлдөнө гэдэг гайхалтай билээ.

ЮНЕСКО-гийн Энхийн төлөө шагнал хүрсэн анхны рок хамтлаг “Хү”

НҮБ-ын Шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО урлагийн салбараас оноцолж, “Энхийн төлөө” /Artist for Peace/ шагнал өгдөг юм байна. Одоогоор 25 улсын уран бүтээлч, уран бүтээлийн байгууллагад олгогдоод байгаа энэ шгналыг Монголын Хү 2022 оны арваннэгдүгээр сарын 22-нд хүртсэн нь рок урсгалаар уран бүтээл туурвигчдаас анхдагч нь болж Гиннесст тэмдэглэгджээ. “Анхны” гэдэг тодотголтойгоор Гиннесст тэмдэглэгдэнэ гэдэг бол тэндээ бичигдсэн хэвээр байна гэсэн үг билээ.

  Гиннессийн дэлхийн дээд амжилтын номд Монголчуудын тэмдэглүүлсэн дээд амжилтууд үргэлжилсээр. Зөвхөн монголчууд өөрсдөө ч биш, Монголтой холбоотой олон дэд амжилтууд Гиннеесийн номд тэмдэглэгдэж, тэр бүрд эх орны минь нэр олон улсад дурсагдсаар байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 185.95.201.60
    2024/01/07

    Хуучны бичигдсэн зүйлс алга байна. Миний аав БИТҮҮ АМЬСГАА-г европын хөгжмийн зэмсэгт тасралтгүй 30 минут тоглосон амжилтаар бичигдсэн байдаг. Би аавынхаа мэргэжлийг өвлөн авч үлдсэн нэгэн одоо тасралтгүй 30 минут үлээж амжилтыг нь давтхад бэлэн байна. Мэдээлэл дутуу гарсан байна

    Хариулах
    • 202.9.46.10
      2024/01/08

      Amjilt

  • 202.21.108.2
    2024/01/07

    Сэрэмж, болгоомжтой бай. Долларын эзэд, өгөр Юүдүүдийн цаасан малгай!!!

    Хариулах