Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Та бүхэндээ ээлжит дугаараа хүргэж байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн IV тойрог буюу Хойд бүс
Тус тойрогт Хөвсгөл, Орхон, Булган аймгууд хамаарна. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН Хөвсгөл, Булган аймагт ялалт байгуулсан бол Орхон аймагт тухайн үед бие даан нэр дэвшигч С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар ялалт байгуулсан. Харин орон нутгийн сонгуульд Хөвсгөл, Булган аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан.
Тэр утгаараа өрсөлдөөн ширүүн байх нь гарцаагүй. Тус тойрог найман мандаттай. Хөвсгөл, Орхон аймгууд гурван квоттой байх бол Булган аймаг хоёр квоттой байх болно.
Тус тойрогт МАН-ынхан "хальт" цус сэлгээд, хучин бүрэлдэхүүнээрээ шахам хүч үзэх бол АН-ын хоёр том кандидат Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар тойргоо эргэхгүй шахам байгаа. Нэг бол тойргоо солих, нөгөө бол жагсаалтад багтах асуудал дээрх эрхмүүдэд яригдаж байгаа бололтой.
Хөвсгөл аймаг
Хэдий Монголын ардчиллын нэгэн гал голомт гэгддэг ч Хөвсгөл аймагт МАН үеийн үед том дэмжлэгтэй байсан. БХБ-ын сайдаар ажиллаж байгаа Ц.Даваасүрэн 16 жил УИХ-ын гишүүнээр ажилласан бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 12 жил УИХ-ын гишүүнээр ажилласан. Харин Л.Мөнхбаатарын хувьд найман жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Ингээд харвал Хөвсгөлчүүд МАН-д итгэл хүлээлгэх магадлал өндөр.
Л.Энх-Амгалан УИХ-д байгаа "Эм Си Эс"-ийн гэх тодотголтой гишүүдийн нэг. Том бүлэглэлийн том төлөөлөл учраас дахин УИХ-д дэвших нь тодорхой. Боловсролын сайд болсонтойгоо холбогдуулан аймгийнхаа сургуулийн асуудлын тодорхой хэмжээнд шийдсэн. Тиймдээ ч аймгийн иргэд нь түүнд ам сайн байгаа. Харин Булган, Орхон аймгуудаар тийм ч их тойроогүй учраас дэмжлэг авах нь эргэлзээтэй.
Ц.Даваасүрэн мөн л дахин горилох нь тодорхой байна. Намынхаа бодлогын эсрэг дуугарч, ард түмэнд таалагдах зүйлс ярьдаг учраас популист нэр зүүдэг. Тиймдээ ч ард түмний дэмжлэг ихтэй. Хэдийгээр өөрөө сонгуулийн тогтолцоо солигдсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн удаатай ч томсгосон тойрог түүнд ашигтай гэсэн үг. Тодорхой төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцэж, гацаадаг учраас түүний амыг таглах зорилгоор БХБ-ын сайдын суудал өгсөн. Ер нь л 16 жил УИХ-ын гишүүн, хэд хэдэн удаа сайдаар ажилласан учраас Ц.Даваасүрэнд танигдалт гэх "зовлон" байхгүй. Харин иргэд түүнээс залхсан байх магадлалтай юм.
Л.Мөнхбаатар хоёр ч удаа УИХ-д сонгогдож, бүр УИХ-ын дэд даргын "сэтэр" авчихсан нэгэн. Нэг их олонд гарч үг хэлээд байдаггүй чимээгүй гишүүдийн нэг. Ер нь Хөвсгөлийн гурван гишүүнийг харвал гурвуулаа төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байгаа. Энэ хэрээрээ улс төрд нөлөөтэй байна гэсэн үг.
Харин Ардчилсан нам талаас Хөвсгөл аймгийн засаг дарга асан, Хөвсгөлийн АН-ын дарга Ш.Идэрбаясгалан, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, ҮБХ-ны гишүүн Х.Эрдэнэбаатар нар УИХ-д нэр дэвших магадлалтай байна.
Г.Мөнгөнхуяг, Х.Эрдэнэбаатар нарын хувьд МоАХ буюу Ерөнхийлөгч талын хүмүүс. Ер нь тус тойрогт Ерөнхийлөгч Х.Баттулгын "цэргүүд" голчлох оролцох чигтэй байна.
Х.Эрдэнэбаатарын хувьд аль 2020 онд нэр нь яригдаж байсан ч Халзан Д.Ганболдод тойргоо булаалгасан. ББСБ-аар хөрөнгөжсөн бөгөөд "Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ байгуулж, "Чинээлэг малчин хөтөлбөрийг санаачлан явуулж байгаа нэгэн юм.
Орхон аймаг
Хамгийн түрүүнд 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Батлут энэ удаа дахин УИХ-д хүч үзэх нь. Аймагтаа, тэр дундаа Эрдэнэтэд танигдсан байж болох ч томсгосон тойрогт тун эргэлзээтэй. Учир нь УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаандаа төдийлөн танигдаж чадаагүй, сул гишүүдийн нэг. Хааяа нэг үг хэлж харагддаг ч ер нь л "хэлд ороогүй" гишүүн гэхэд болно.
Дараагийн кандидатаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нэрлэгдэж байна. ШӨХТГ-ын дарга байхаасаа дуулиан шуугиантай ажиллаж, нээлттэй ажиллах концепцыг суулгаж өгсөн. Зохиомол хомстол үүсгэж байсан махны "магнат"-уудтай тэмцэж, E-Mart, Сүү ХК зэрэг компаниудыг хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн хэмээн удаа дараа торгож байсан удаатай. Түүнийг намаас нь ШӨХТГ-ын даргын үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн гэж үзэн БОАЖ-ын сайдаар томилсон. Орхон аймаг, Эрдэнэт хот БОАЖ-ын салбартай төдийлөн холбогдохгүй байсан нь түүнд сул тал болж байсан. Харин тойрог бүсчлэгдэн Хөвсгөл, Булган гэх байгалийн сайхантай, аялал жуулчлал голчилсон аймаг Орхон аймагтай нэг тойрог болсон нь БОАЖ-ын сайдын хувьд ашигтай туссан гэж болно.
Гуравдахь квотоор МАН-аас эмэгтэй хүн дэвшүүлэх чигтэй байгаа. Учир нь Булган, Хөвсгөлд эмэгтэй нэр дэвшигч байхгүй учраас эмэгтэй квотоор нэг хүн дэвшинэ. Хамгийн боломжтой гэж яригдаж байгаа хүн нь Эрдэнэт үйлдвэрийн Д.Үүрийнтуяа. “Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар ажилладаг. Ерөнхийдөө Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн асуудлыг яг таг мэддэг хүн гэлцдэг. Харин Д.Үүрийнтуяа саяхан бас нэг албан тушаалд томилогдсон нь Хойд бүсийн хөгжлийн төв ТББ-ын ТУЗ-ын дарга юм. Энэ албан тушаалд тавьсан нь ч УИХ-д нэр дэвшүүлэхтэй нь холбоотой биз.
Ардчилсан нам талаас Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нэр дэвшихгүй байх өндөр магадлалтай. Аль аль нь намын дарга Л.Гантөмөртэй жагсаалтын тохироо хийх чигтэй байгаа ч Х.Баттулга талын хоёр хүнд тийм ч амархан жагсаалт өгөхгүй биз. С.Ганбаатарын хувьд тойргоо сэлгэж, Хангайн бүсэд нэр дэвшиж магадгүй. Харин Н.Алтанхуяг СХД-рүү явж магадгүй гэх ч Орхон аймагтаа ч дэвших магадлалтай байна.
Уг нь Орхон аймаг Хойд бүсийн найман мандатаас гурван квоттой ч АН-ын гурван кандидат баттай тодроогүй байна. Өмнөх сонгуульд нэр дэвшин өвдөг шороодсон, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг УИХ-д нэр дэвшихээр аймгуудаараа тойрж байгаа.
Мөн түүнтэй хамт Орхон Чандмань ХХК-ийн захирал, ЖҮДО бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Өсөхбаяр дэвшиж магадгүй байна. Аав нь Булганых, Ээж нь Хөвсгөлийнх учраас Хойд бүсэд торойгоод гараад ирэх боломж тун өндөр. Орхон Чандмань ХХК нь Эрдэнэт хотод олон сүлжээтэй худалдааны төвийн үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.
Дээрх хоёр эрхэм аль аль нь Х.Баттулгын талын хүмүүс. Ардчилсан нам хуваагдаж байхад С.Эрдэнэ талаас Ц.Батхуяг, Д.Өсөхбаяр тэргүүтэй Х.Баттулгын хүмүүсийг АН-аас хөөж байсан нь үүнийг батлах биз.
Булган аймаг
О.Амартүвшинг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болоход Х.Баттулга нөлөөлсөн, дэмжсэн гэгддэг. Түүнчлэн Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд МҮХАҮТ, ЕТГ хэд хэдэн ажлыг хамтран зохион байгуулж байсан түүхтэй. Мөн түүний хувьд "Булган хан" бөхийн дэвжээг удирдаж байсан. Энэ нь ч түүнийг Х.Баттулгатай ойр гэдгийг илтгэж болох талтай.
Түүнтэй хамт Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд горилж байна. Булган аймгийн засаг даргаар ажиллаж байгаа түүний хувьд мөн л Х.Баттулгын "цэрэг". Жүдо бөхийн шигшэээ багийн тамирчин байхаасаа эхлээд л Х.Баттулгын хүн болсон. 2014 оноос Булган аймгийн МоАХ-ын даргаар ажилласан. Х.Баттулгатай хамгийн ойр байдаг улс төрчдийн нэг юм.
Дээрх хоёр горилгогчдоос гадна С.Гал-Эрдэнийн нэр яригдаж байгаа ч хүчирхийлэл, авлига зэрэг хэд хэдэн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа учраас мандат авах магадлал тун бага. Уг нь түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарын ард "хамраараа таслуулсан".
Харин МАН талаас Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ дахин нэр дэвшинэ.
Ж.Бат-Эрдэнэ 2020 онд бүрдсэн УИХ-д чимээгүйхэн ажиллаж, тойргоо усалсан. Энэ хугацаандаа элдэв хэрэгт холбогдоогүй бөгөөд өмнө нь ЖДҮ-ийн хэрэгт холбогдож байсан. Хоёр ч нээлттэй сонсголын түр хороонд багтаж ажилласан. Сүүлд Ногоон автобусны хэргийг шалгах түр хорооны даргаар сонгогдож, нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.
Ц.Анандбазарыг МАН-ын нэрээр УИХ-д нэр дэвшихгүй байж магадгүй гэх таамаг байгаа ч намын "том санхүүжүүлэгч" учраас тэр таамаг биелэх нь юу л бол. Шатахууны магнатуудын нэг, Өргөө кино театрын эзэн Ц.Анандбазар 2020 оны УИХ-ын сонгуулиар Булган аймагт "Өргөө кино театр байгуулна" гэж амлан УИХ-д сонгогдсон. Хөгжлийн банкны хэрэг, газрын наймааны асуудал, нүүрсний хэрэг, хүчирхийллийн гээд олон хэрэг дунд түүний нэр цохиж явдаг. Тухайн хэргүүд нь олон нийтэд зарлагдаж, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа ч тэгсхийгээд нам гүм болсон. Том тохироо хийж өөрт холбогдох хэргүүдээ дарсан байж болзошгүй гэх хардлага ч бий. Ямартай ч Ц.Анандбазар нэг бол Булганы квотоор МАН-аасаа дэвшинэ. Үгүй бол бие даан нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна