Төр бүтэн, хувийн хэвшил тал эрхтэй Монгол

Zuv.mn
2024/05/30

“Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг АТГ-аас баривчлан саатуулжээ. Түүнийг “Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаах буюу, тухайн зээлийг гадаад улсуудад үл хөдлөх хөрөнгө болгон бусдын нэр дээр нуух, мөнгө угаасан байж болзошгүй, лицензүүдийг хууль бусаар авсан, ингэхдээ Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй” гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм байна.

Хуулийн байгууллага ажлаа хийх нь зөв өө. Гэхдээ, төрийн байгууллагууд хуулиар далайлгаж хувийн хэвшлийг буруутгасан, шантаажилсан мэт үйлдэл байнга гаргаж, тэрэнд нь Ц.Гарамжавтай ижил олон ААН өртөж байгаад анхаарал хандуулах цаг болсон санагдана.    

Хөгжлийн банкны буруу шийдвэр ААН-үүдийг "Зээл зориулалтын бусаар зарцуулах" хэрэгт түлхсэн 

П.Гарамжавыг “Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаах буюу, тухайн зээлийг гадаад улсуудад үл хөдлөх хөрөнгө болгон бусдын нэр дээр нуух” хэрэгт сэжиглэжээ.

Хуулийн хэрэгжилтийг хангадаг субъект нь төр мөн. Гэхдээ, хууль бодит байдалд нийцсэн байх ёстой. Чухам тийм учраас байнга шинэчилж сайжруулдаг юм. Өөрөөр хэлбэл, хууль бодит амьдралтай нийцэхгүй, асуудлыг зохицуулахаас илүү хохироох хэрэгсэл болоод эхэлбэл хуулийг нь өөрчлөх талаар эхлээд бодох ёстой гэсэн үг.  

Зээлийг зориулалтын бусаар зарцуулах бол Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон зээлдэгчдийн гаргасан хамгийн түгээмэл зөрчил байсан гэдгийг эхлээд онцолъё. Тэдгээрийн дунд зээл авмагцаа үнэтэй машин авч унасан хүн байсан ч ихэнх нь өөр банк, санхүүгийн байгууллагад тавьсан өндөр хүүтэй өр зээлээ дарсан байдаг. Түүнчлэн, өөр банкинд хугацаатайгаар хадгалуулсан нь ч байв.

Төсөл бол тодорхой үе шаттайгаар хэрэгждэг. Зээлийг ч үе шаттайгаар олгодог. Гэтэл Хөгжлийн банк мөнгийг бөөнд нь өгсөн. Гэнэт бөөн мөнгөтэй болсон компаниудын нэг хэсэг нь өндөр хүүтэй зээлүүдээ дарсан бол зарим нь Хөгжлийн банкны зээлийнхээ хүүнд “шатахгүйн тулд” хадгаламжид хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дараа зарцуулах мөнгийг хий дэмий хадгалахгүйн тулд хадгаламжид хийсэн гэсэн үг.  

Нэг үгээр хэлбэл, Хөгжлийн банк өөрсдөө зэээлийг үе шаттай биш, нэгмөсөн олгож алдаа гаргаснаараа бизнесмэнүүдийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт түлхсэн.

Төрд эрх мэдэл олгосон хуулийн заалтууд

“Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэдэг заалтыг мэдэхгүй хүн ховор биз. Гэтэл төрийн хуулинд орсон ганц үг бүгдэд ижил тэгш үйлчлэх боломжийг хааж, үзэмжээр хандах боломжийг эрх баригчдад олгодог ажээ. Тэр бол хуульд “...болно” гэсэн байдлаар орсон байдаг үг.

Энэ үгээс болж хохирсон аж ахуйн нэгжүүдийн дотор Ц.Гарамжав, “Монполимет” ч бий.  

“Монполимет” группын охин компани болох “Монцемент бюлдинг материалс” ХХК нь 2006 оноос өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших “Сэнжит Худаг” шохойн чулууны ордыг түшиглэн  олон улсын стандартыг хангасан цементийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлсэн бөгөөд төслөө Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын 2.1, 2.1.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж,  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т заасны дагуу импортын албан татвараас чөлөөлөгдөхийг хүсч, Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргасан аж. Гэтэл Гаалийн ерөнхий газар 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 03-1/2258 тоот албан бичгээр хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж, харин ч гаалийн татвар ногдуулах, улсын байцаагчийн акт тогтоохоо мэдэгдсэнээр маргаан эхэлсэн байдаг.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 гэдэг нь “Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно: 11.2.1.барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэсэн заалт л даа.

Харин Гаалийн ерөнхий газар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт нь гаалийн албан татварыг шууд чөлөөлнө гэсэн заалт биш, чөлөөлж болно, чөлөөлөхгүй ч байсан болно” гэж маргасан.

Нийтлэлийн эхэнд дурдсан эрх баригчдад үзэмжээрээ хандах боломж олгосон заалт чухам энэ бөгөөд “Төр тоног төхөөрөмжийн импортын татварыг тэглэж ч болно, авч ч болно, НӨАТ-ыг 0-лэж ч болно, 0-лэхгүй ч байж болно” гэсэн салаа утгатай заалт юм.

Нэг талд Монцемент яах аргагүй импортыг орлох, экспортын чиг баримжаатай буюу дэмжлэг авах төсөл хэрэгжүүлсэн, оруулж ирсэн тоног төхөөрөмж, барилгын материалаа хугацаанд нь зориулалтын дагуу ашигласан байдаг. Нөгөө талд төрийн эрх мэдлийг хангасан үг өгүүлбэр хуулийн заалтад орчихсон байдаг. Анхан шатны шүүх энэ хэргийг “Монцемент бюлдинг материалс” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах болон хяналтын шатны Шүүх хариуцагч Гаалийн Ерөнхий газрын талд шийдсэн юм.

Тухайн үед, Монгол Улсад МАК, Монполимет ХХК-иуд шинээр үйлдвэр барьж, төрийн өмчийн “Хөтөлийн цемент шохой” технологио шинэчилсэн. Төр харин Хөтөлийг гаалийн татвараас чөлөөлөөд хувийн хэвшлийн хоёроос нь татвараа авахаар шийдсэн байдаг.  

Төр бүтэн, хувийн хэвшил тал эрхтэй Монгол

Өнөөдөр төрийн албаны дарга нэр хүндтэй, хувийн хэвшлийн компанийн захирал, татвар төлж, төсөв бүрдүүлж байгаа хүмүүс нэр хүнд муутай болжээ. Ингэж харагдуулж байна. 

Өнөөдөр ер нь бол "... болно" гэсэн салаа утгыг бүх хуулиас авч, цэвэрлэвэл зохих үедээ ирсэн байна. Ингэхгүй бол авлигатай тэмцэж байгаа гэж хэлээд хэн ч итгэхээгүй болжээ. 

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, стратегийн томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийнэ гэдэг хоёулаа чухал. Угаас “Жижиг дунд үйлдвэр ажлын байр бий болгодог бол том компаниуд хөгжил дэвшлийг бий болгодог” гэдэг үгтэй юм. Төрөөс зарим салбарт жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн татвараас чөлөөлдөг. Тэгвэл стратегийн салбарт хөгжил дэвшил бий болгож байгаа үндэсний ААН-үүдээ мөн адил дэмжих, ядаж төрийнх, хувийнх гэж ялгамааргүй байна.

Тоног төхөөрөмж, барилгын материалыг импортын татвараас чөлөөлөх дэмжлэг хүртэх боломжтой салбарын жагсаалтад уг нь уул уурхай ордоггүй. Гэтэл нэг удаагийн хууль гаргах замаар асуудлыг шийдсээр буй. Энэ нэг удаагийн хууль нь гэхдээ төрийн өмчит компаниудад л зориулагдаж гарч байгаа юм. Оюутолгойг бүх татвараас чөлөөлсөн. Дорноговьд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортын гаалийн татварыг 100 хувь хөнгөлөх хуулийг УИХ 2019 оны арваннэгдүгээр сард гаргасан байх жишээтэй. Төрийн өмчит компанид ингэж давуу эрх эдэлдэг хэрнээ хэд нь ашигтай ажиллаж байгаа билээ. Жижиг дунд үйлдвэр шиг ажлын байр бий болгохоос хэтрэхгүй, ашиг олохоос илүү алдагдалтай ажиллаж, төсөвт дарамт учруулж байгаа нь олон. Гэтэл ачааны хүндийг нуруун дээрээ үүрч байгаа хувийн хэвшилдээ хатуурхаж, “Дэмжсэн ч болно, дэмжихгүй байсан ч дур” гэсэн агуулгатай хууль баталчихаад тохуурхаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Монгол Улс уул уурхайн эдийн засгаас төрөлжсөн эдийн засагтай болох гэж чармайж байгаа улс. Стратегийн салбарт амжилттай ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн бол угтаа төрийн энэ зорилтыг биелүүлэхэд тусалж байна гэсэн үг мөн. Тиймээс хуулиар олгосон боломжуудаа ашиглаж, дэмжлэг авахыг хүсэх эрхтэй. Энэ эрх хуулийн салаа утгатай заалтаас болж алдагдах ёсгүй юм. Аж ахуйн нэгжүүд салбарынхаа эрхзүйн орчныг сайжруулах, хуулийг тодорхой болгох, салаа утгатай, тэгш бус байдал бий болгож буй зүйл заалтыг өөрчлөхийг төрөөс шаардах, эрхээ эдлэх боломж олохын тулд Шүүхэд хандах эрхтэй.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 94.254.130.11
    2024/05/31

    , балай хар авгай авсан зээлээ төлөөгүй л байгаа юм уу. Дэлхийд байхгүй үнээр цемент зарсан байж шуналтай авгай зээлээ төлдөггүй ээ

    Хариулах
  • 103.80.211.42
    2024/05/30

    Hogjliin banknaas zeel avsan ,zeelee tolson ,uildveree hiisen kompaniudiig 80 dotor oruulj shalgaj horij zovooson doo,ene ulsad tatvar tolj heret orj bie zovooh shaardlagguig l oilgoson.Ene teneg baliar zasag ulsiig suiruulj baina shuu

    Хариулах