Эрчим хүчний улс төрөөс хожигч нь эрх баригчид, хохирогч нь ард түмэн болж үлдэх нь

Х.Батсайхан
2024/10/21

-ЭХЗХ цахилгаан дулааны үнэ нэмэх шийдвэрийг өнөөдөр зарлана- 

Хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо өнөөдөр гаргаж магадгүй байна. Тус байгууллага нь эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний яамнаас хараат бусаар тогтоодог бөгөөд олон жил өртгөөс нь багаар тогтоож байсан жишгээ анх удаа зөрчиж, өртөгт нь ойртуулах гэж байгаа нь энэ юм. Яригдаж байгаагаар, эрчим хүчний тарифыг 64 хувиар, дулааны тарифыг 28 хувиар нэмэгдүүлнэ. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ГАДНЫН АГЕНТ ШИГ АЖИЛЛАЖ ИРСЭН

Монгол Улсыг нэгэн өрх айл гэвэл бид эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангаж чаддаггүй, гаднаас авч хэрэглэдэг айл. Хэрэгцээнийхээ 80 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж 20 гаруй хувийг импортоор авдаг.

Үнэ тарифын тогтолцоо нь эдийн засгийн гэхээсээ улс төрийн асуудал болж хувирсан. Нэг кВт эрчим хүчийг 281 төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэж, 140 төгрөг авдаг. Салбарын хэмжээнд 2020 онд 45 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай гэх мэтээр алдагдал нь жил бүр өсөж явдаг. 

Үнэ тариф тогтоодог Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний яамтай ямар ч хамааралгүй, "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнийн зохистой бодлого барих" гэх, мааст ихэд таалагдах чиг үүрэгтэй Засгийн газрын харьяаны агентлаг юм. Чухам энэ агентлаг тарифыг өртгөөс нь доогуур тогтоосноороо хувийн хэвшил орж ажиллах ямар ч боломжгүй болгож, өр авлагын гинжин хэлхээнд оруулж байсан гэхэд буруудсан болохгүй. 

Салбарын байгууллагуудынхаа хүсэлт шаардлагаар ЭХЯ-наас үнэ нэмэх санал өгдөг, ЭХЗХ татгалздаг. Салбар гал алдах дөхсөн цар тахлын үед ч ААН-үүдийн тарифыг бага зэрэг нэмээд 696 000 цахилгаан хэрэглэгч, 286 000 дулаан хэрэглэгч айл өрхийн үнэ тарифыг нэмэлгүй авч үлдэж байв. 

Эерэгээр хэлбэл, хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ч, нөгөө талаас харвал, Засгийн газар бол цаад утгаараа эрх баригч нам тул сонгуульд ялж, төрийн эрх мэдлийг үргэлжлүүлэн атгах хүсэлдээ хөтлөгдөн үнийг хүчээр барьдаг, өөрөөр хэлбэл эрх баригчдын талд ажилладаг байсан гэсэн үг. 

Энэ нь том утгаараа салбарыг өргөжих боломжгүй, алдагдалтай байлгаж, иргэдийг эрчим хүчний замбараагүй хэрэглээнд дасгаж байсан учраас гаднын агент шиг гэж байгаа юм. ЭХЗХ ч, салбарын яам ч Засгийн газарт харъяатай атлаа яамнаас гаргасан үнэ нэмэх хүсэлт ЭХЗХ дээр очоод унадаг, Засгийн газар зохицуулж чаддаггүй гэхээр энд нэг "но" байгаа биз.    

ДЦС, уурхай, эрчим хүч түгээлтийн компаниуд бүр болохоо байхаараа шаардлагатай хөрөнгөө тус байгууллагад хүсэлт тавьж, гуйж байж шийдүүлдэг, ЭХЗХ нь бас цаашаа Сангийн яамнаас гуйна гэх мэтээр их сонин. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ УЛС ТӨРӨӨС ХОЖИГЧ НЬ ЭРХ БАРИГЧ, ДАРГА НАР, ХОХИРОГЧ НЬ АРД ТҮМЭН

Гэхдээ энд нэг л зүйл тодорхой бөгөөд тэр нь ЭХЗХ иргэдийн төлөө гэхээсээ илүүтэй эрх баригчдын талд ажилладаг байсан явдал юм. 

Өдгөө бид 34 жилийн алдаа завхралыг засах хүрээнд /Засгийн газар сүүлийн үед ямар нэг хүрээ үүсгэж ажилладаг болсон, бас 4, 8 жилийн алдаа гэж байхгүй, бүгдийг нь 34 жил рүү чихдэг болсон. Хэдэн жилийн өмнө 30 байснаа одоо 34 болоод явж байна/ эрчим хүчний салбараа либеральчилахаар завдаж байна. 

Гэтэл одоо салбарын хэмжээнд өмнөх онуудын дамжуулан зээлдүүлэх өрийн үлдэгдэл нь 1.1 их наяд төгрөг. Урт хугацаат өр төлбөр нь 1.8 их наяд, 2023 оны алдагдал нь 370 тэрбум, 2024 оныхтой нийлээд 540 тэрбумд хүрчээ. Гаднаас авсан зээлийн ихэнхийг нь ам.доллараар /!!!/ авсан бөгөөд цаг хугацааны хувьд заримыг нь 1993 онд авсан, дээр нь богино хугацаат буюу нэн даруй төлөх учиртай, хугацаа тулсан өр төлбөр нь 381 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Энэ зээлийг авсан компаниуд нь алдагдалтай ажилладаг, хулгай зэлгий нүүрлэсэн, ТУЗ-даа эрх баригч дарга нарыг Япон, Солонгосоос ч өндөр цалинтайгаар суулгадаг байгаад, өнгөрсөн жилээс цэцэрсэн гэгдэх ТӨК-иуд. Эрчим хүчинд ажилладаг, том жийп унасан бандгар, бандгар дарга нарын баяжсан мөнгийг халааснаасаа төлөх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байгааг эрх баригчид эрх биш үгүйсгэхгүй байлгүй. 

Чуулган дээр эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудал орж ирэхэд Б.Жаргалан гишүүн "Ардчилсан нам 2016 онд МАН-д Засгийн газраа шилжүүлж өгөх үед эрчим хүчний салбар алдагдалгүй болчихсон байсан" гэж хэлж байна лээ. Үнэн бол үнэ үе шаттай нэмээгүй, тэрнээсээ улс төрийн ашиг хонжоо ологсод хэн бэ гэдэг нь тодорхой л байгаа юм.  

Үнэхээр, энэ хугацаанд үүссэн бүх өр төлбөрийг тариф нэмээд л шийдчих байсан гэхээр гомдолтой санагдаад болохгүй нь. Бүр тодруулбал, эцэстээ ард түмэн өөрсдөө төлөхөө мэдсэн бол өмнө нь бага, багаар төлөөд /үнээ бага, багаар чөлөөлөөд/ одоо ингэж шоокийн хэмжээний хүлээлт үүсэхгүй байсан шүү дээ. Эрчим хүчний салбар суурь үнийг тодорхойлдог учраас бүх салбарт нөлөөлдөг.  

Одоо бидэнд үнийн шооконд орж улсаа хямраачихгүй байх л сонголт үлдэж байна. Цагтаа Украин цахилгааныхаа үнийг гурван үе шаттай чөлөөлсөн ч хямралаас зугтаж чадаагүй юм шүү дээ. Тэрийг бодоод тэсэхээс өөр арга алга, яг л Үй Хуагийн "Амьдрахуй" романы баатрууд шиг. 

Эцэст нь хэлэхэд, хэдий хэцүү ч хямд тарифаар эрхэлсэн нь үнэн болохоор ард түмэн тэсээд гарч чадна. Харин, гоё, гоё юм амалж эрх барьчихаад, төсвийн хөрөнгө идэж уудаг, тендерийн мөнгө цавчдаг /Ганц эрчим хүч биш!!!/ тогтолцоогоо засахгүй юм бол, үнийн шоок иргэдийн уур бухимдлыг удаан хугацаанд дотроос нь өрддөг юм шүү гэдгийг эрх баригчдад сануулах гэсэн юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.33
    2024/10/21

    Үхсэний дарга анги хулгайч анги давхарга бий болсон шүү дээ

    Хариулах