Говь-Алтайн дарга нар Нарансэвстэйг нээхээр улайрч, Засгийн газрыг хуурахдаа тулсан уу

Zuv.mn
2024/12/09

-ИТХ Нарансэвстэйн асуудлыг хэлэлцэхээс зайлсхийж, өмнөх ИТХ-ын үед баталсан тогтоол Засгийн газарт хүргүүлсэн гэх мэдээлэл байна-

Говь Алтай аймгийн ИТХ Говийн их дархан газрын чанх урд байх Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудлаарх байр сууриа 2022 оны буюу өмнөх ИТХ-ын үед гаргасан тогтоолоор Засгийн газарт илэрхийлсэн байж болзошгүй байна. Тодруулбал, 2022 онд буюу одоо бүрэн эрх нь дууссан өмнөх ИТХ-ын үед гаргасан тогтоолыг Засгийн газарт хүргүүлэхээр болсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол тус аймгийн удирдлагууд бүрэн эрх нь дуусгавар болчихсон өмнөх ИТХ-ын тогтоолыг нутгийн өөрөө удирдах байгууллагын одоогийн байр суурь мэтээр Засгийн газарт ойлгуулахыг оролдсон хэрэг болох юм.

Нарансэвстэйн асуудлыг Аймгийн ИТХ-аар зайлшгүй хэлэлцэх ёстой

Засгийн газарт хүргүүлэхээр болсон гэх тогтоолыг тус аймгийн ИТХ 2022 онд гаргаж байжээ. Тухайн үед аймгийн ИТХ-д Ардчилсан нам олонх, 41 суудлын 28-ыг дангаараа бүрдүүлж байсан үе. Гэсэн ч МАН, бие даагчаас ч төлөөлөлтэй ИТХ үйл ажиллагаа явуулж байлаа. Гэтэл 2022 оны зургадугаар сарын 13-нд хуралдсан гэх долдугаар хуралдаанаас гаргасан, Аймгийн ИТХ-ын дарга Т.Даваадоржийн гарын үсэгтэй 19 дүгээр тогтоолд хурлын ирцийг тусгаагүй.


Нарансэвстэйн асуудал шиг эмзэг, аймгийн нийт ард иргэдийн санал заавал тусах ёстой чухал асуудлаар ИТХ-аас гарч байгаа тогтоол уг нь “Хуралд тэр намын бүлгээс тэд, бие даагч тэдэн гишүүн оролцож, тэд нь татгалзлаа” гэж маш тодорхой гарах ёстой. Нарийн яривал, ИТХ-ын төлөөлөгч бүр тойргийнхоо иргэдэд асуудлыг танилцуулж, ямар санал өгөхөө шийдүүлчихээд хуралдаа очиж, иргэдийн өгсөн даалгаврыг яг биелүүлж саналаа өгөх ёстой юм.

Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар бүхэл бүтэн аймгийн байр суурийг илэрхийлэхэд бүрэн эрх нь аль хэдийнэ дуусаад тарчихсан ИТХ-ын “Олонх дэмжсэн...” гэсэн тодорхойгүй тогтоол хангалтгүй. Хэрвээ энэ тогтоолыг Засгийн газарт явуулахаар болсон нь үнэн бол Говь Алтайн иргэдийн одоогийн байр суурийг илэрхийлж чадахгүй тогтоолоор Засгийн газарт буруу мэдээлэл өгсөн хэрэг болох юм. Учир нь, энэ асуудлаар аймгийн иргэдийн байр суурь хуваагдмал, гэхдээ эсэргүүцсэн дуу хоолой нь илүү чанга байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Түүнээс гадна, Нарансэвстэй боомтыг нээх асуудал сүүлд буюу 2024 оны наймдугаар сард, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад л анх хөндөгдсөн асуудал. Түүнээс өмнө гарсан "Алсын хараа 2050" тэргүүтэй урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд энэ асуудал огт тусгагдаагүй. Энэ талаас нь бодсон ч ИТХ асуудлыг шинээр авч үзэх шаардлагатай. 

Тиймээс Говь Алтайн ЗДТГ, ИТХ энэ асуудлыг онцгойлон авч үзэж, мэдээллээр сайтар хангасны үндсэн дээр ард нийтийн санал асуулга явуулах хэмжээнд асуудлыг зохион байгуулахад ч буруудахгүй санагдана.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.73
    2024/12/10

    Нэгнийхээ зовлонг ойлгооч дээ Амгаланбаатар энэ боомтыг нээнэ гээд гйтай нараас их мөнгө хуссан байгаа байх шүү хөөрхий одоо энэ боомтыг нээхгүй л бол Амка хэн ч биш болно гитайчууд энэ гөлөгт хулхидуулна гэж байхгүй.Наадах чинь бүүр энэ боомтыг нээлгэхгүй бол засаг даргаар чинь батламжахгүй гээд дөвчигнөөд яваашт

    Хариулах