"Эх орноосоо урвасан" гэх З.Санждорж нарын хэргийн хурал хойшиллоо

Zuv.mn
3 цаг 10 минутын өмнө

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан  “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдсон ч хойшиллоо.

Уг хурлыг өнгөрсөн сарын 28-д болох ёстой байсан ч  шүүгдэгч З.Санждорж эрүүл мэндийн байдлаас шалтгаалж оролцох боломжгүй болсон тул хүсэлтийнх нь дагуу хойшлуулж, өнөөдөр 10.00 цагаас хэлэлцэхээр болсон юм. 

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь энэ оны аравдугаар сарын 29-нд хаалттай болж, нэг сараар хойшилж байв. 

Энэ оны гуравдугаар сард Тагнуулын Ерөнхий газраас гадаадын нэг тагнуул түүнд тусалсан гурван Монгол иргэнийг баривчилсан байдаг. Тухайн этгээдүүдийн дунд "Монголын бурхан шашинтны шинэ төв" хийдийн хамба лам З.Санждорж байсан юм. 

Улмаар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрсөн есдүгээр сарын 27-нд прокурорын байгууллагаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультай байдаг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна