Солонгосоос илгээмжээр 9 яст мэлхий, 2 могой хууль бусаар хил нэвтрүүлжээ

Х.Есү
10 цаг 59 минутын өмнө

Улс хоорондын шуудан илгээмжээр БНСУ-аас илгээгдсэн “сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом, чимэглэл” гэж мэдүүлсэн илгээмжээс гаалийн хяналт шалгалтаар 9 яст мэлхий, 2 могой илрүүлжээ. 

Гаалийн албан хаагчид зориулалтын бусаар, олон хоног тээвэрлэгдэж ирсэн амьтдыг яаралтай эмчийн үзлэгт хамруулж, хамгаалах арга хэмжээг авсан байна. 

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тухайн амьтдыг “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” (CITES)-ийн 2 дугаар хавсралтад бүртгэлтэй амьтны төрөл зүйл болохыг тодорхойлсон. 

Тус конвенци болон холбогдох хууль тогтоомжид экспортлогч, импортлогч талуудын холбогдох байгууллагуудаас “зөвшөөрөл” авсан байх шаардлагатайг тодорхой заасан байдаг. Гаалийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбоотойгоор прокурорын байгууллагын хяналтан дор “зөрчлийн хэрэг” нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэрээр амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын лабораторид түр хадгалуулах арга хэмжээг авч хэмжээ авч ажиллаж байна. 

Иймд иргэд, ААН та бүхнийг зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, гаалийн байгууллагад мэдүүлж, хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна