АЛДАГДСАН ОРДУУД 2: Анхнаасаа “Эрдэнэт”-тэй андуурагдах хэмжээнд нөөц нь тогтоогдсон “Цагаан суварга”-ын орд

Х.Батсайхан
4 цаг 14 минутын өмнө

                         -“Баялгийн сан”-гийн ач холбогдлыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл...-

Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-аар өнгөрсөн жил батлагдсан Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн ач холбогдлыг мөнгөн дүнгээр илэрхийлэхийг оролдсон цуврал нийтлэлүүдийг хүргэж байгаа билээ. Энэ удаад Цагаан суваргыг хөндлөө.

Цагаан суварга дээр хэрэгжсэн “Оюутолгой”-н жишиг Азийн Катар болох мөрөөдлийг үгүй хийж, төрийг 15 тэрбум ам.долларын өрөнд оруулсан нь

Ер нь аливаа зүйлийн эхлэлийг тавина гэдэг “Жишиг тогтоодог” гэдэг утгаараа их чухал байдаг гэдгийг бид өмнөх нийтлэлдээ ч хөндөж байсан. Тэгвэл Цагаан суварга хувьд шилжих үйл явц Монголын төр Стратегийн ордыг эзэмших бололцоог маш хүнд байдал оруулах, бараг үгүй хийх жишгийг бий болгосон гэдгээрээ түүхэнд бичигдэнэ.

Яаж вэ гэдгийг тайлбарлая. Нэгд, УИХ 2014 оны долдугаар сарын 1-нд Цагаан суваргад хувь эзэмшихээс татгалзсан тогтоол гаргасан. Хоёрт, төр ямар нэг ордод заавал хөрөнгө оруулж байж эзэмших гэрээ хийснээр, Төр 350 сая ам.долларын хөрөнгө оруулж байж Цагаан суваргын 34 хувийг эзэмшихээр болгосон юм.

Тодруулбал, Уул уурхайн сайд Р.Жигжид, МАК ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт нар 2015 оны аравдугаар сарын 13-нд Цагаан суваргын ордын төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг  гэрээндээ “Улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий Цагаан суваргын төслийн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу санхүүжилтийн хэмжээ нь 1 031.0 сая ам.доллар буюу 1 963.0 тэрбум төгрөг болох тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байгаа”, “УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 54 тоот тогтоолоор Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн”, “Хөрөнгө оруулагч нь 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс Цагаан суваргын төслийн үйл ажиллагааг тусгаарлаж, өөрийн 100 хувийн эзэмшлийн “Эрдэнэс Цагаан суварга" ХХК-ийг үүсгэн байгуулсан. Цаашид төслийг “Эрдэнэс Цагаан суварга” ХХК хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

УИХ-ын тогтоол, гэрээний үр дүнд Стратегийн ордын жагсаалтад багтсан Цагаан суваргын орд 100 хувь МАК-ийн мэдэлд шилжиж, төр “хүсвэл” 350 сая ам.доллар төлж байж 34 хувь эзэмших боломжтой үлдсэн юм.

Тодорхой хэлбэл, үр дагавар нь 100 жилд ч арилахааргүй тогтоолыг УИХ баяр далимдуулж байгаад гаргасан гэсэн үг.

Ингэснээр, “Стратегийн орд”-ын жагсаалтад багтсан бусад ордод ч төр заавал хөрөнгө оруулж байж хувь эзэмшихээр болсон байдаг.  

Яг энэ, Цагаан суварга дээр хэрэгжсэн жишгээр тооцвол төр стратегийн есөн ордод 3,15 тэрбум, хавсралтад багтсан 39 ордод мөн энэ жишгээр хувь эзэмших бол 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулах нөхцөл байдлыг үүсгэсэн.

Тэгэхээр, Үндэсний Баялгийн сангийн тухай хууль батлагдсаны эхний ач холбогдол нь төр өөрийн хөрнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон орд дээр 34 хувийг хөрөнгө оруулалгүйгээр эзэмшихээр болсон явдал бөгөөд зөвхөн энэ заалт л 10 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэх ач холбогдолтой юм.  Баялгийн сангийн мөнгөн үнэ цэнийг хэмжихэд хамгийн түрүүнд энэ тоо дурдагдана гэсэн үг.  

Цагаан суваргыг МАК-д шилжүүлэх шийдвэр гаргаснаар 2008, 2012 оны сонгуульд боловсруулж орсон мөрийн хөтөлбөр, амлалтаа үндсээр нь зөрчсөн гэдгийг энд заавал дурдах ёстой. Монгол Улс уул уурхайн баялгаа ашиглаж хөгжих үзэл баримтлал анх гарсны дараа буюу 2007 онд эрх баригчид “Стратегийн орд газар”-ын жагсаалт баталж, “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан.

Стратегийн ордын жагсаалтад багтсан ордуудын 34-51 хувийн хувьцаа “Эрдэнэс Монгол”-д цугларч, тэндээс монголчууд ногдол ашиг хүртэх замаар “Азийн Катар болно” гэж ард түмэнд сурталчилж байлаа. Энэ суртал ухуулгаараа хоёр ч сонгуульд орж улс төрийн ашиг хонжоо олсон.

Гэсэн ч 10 хүрэхгүй жилийн дараа 180 хэм эргээд “Төр уул уурхайгаас болж өгвөл хувь эзэмшихгүй байх” талаар ярих болж, улмаар Цагаан суварга дээр төр Стратегийн ордуудаасаа татгалзах, хувь эзэмшье гэвэл заавал хөрөнгө оруулахаар болсон байдаг. 

Төр аж ахуйн ажлаас холхон байсан дээр гэдэг уг нь үнэн л дээ. Хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа татаад Стратегийн ордыг үйл ажиллагаанд оруулах нь төр мөнгөтэй болохоо хүлээж байснаас илүү хурдан. Гэвч төр хувь эзэмшихгүй байна гэдэг ард түмний хувьд муу мэдээ юм.

Цагаан суваргыг хувийн хэвшилд шилжихэд Үндсэн хуулийн цэц ч оролцсон

УИХ-ын тогтоол гарч, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа мэдээж, нэр бүхий иргэд ҮХЦ-д гомдол гаргасан.

Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэц “Цагаан суваргын ордыг МАК-д өгсөн нь Үндсэн хуулийн зөрчилгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. 

Тодруулбал, УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж “УИХ-ын 2014 оны 54 дугаартай тогтоол Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэг дэх Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэснийг зөрчөөгүй байна” хэмээх 07 дугаартай дүгнэлтийг гаргажээ. 

Өөрөөр хэлбэл “УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад хамрагдах буюу Цагаан суваргын ордыг улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй” хэмээсэн байна.

Ингэж стратегийн ордын 10 дээр бичигддэг Цагаан суваргын орд аажмаар, 2005-2014 оныг хүртэлх хугацаанд хувийн компанид шилжжээ. Гэвч өнөөдөр тэр орд Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад байсаар байгаа билээ. 

Цагаан суваргын орд “Эрдэнэт”-тэй жишигдэж, эргэлтэд ороход нь гол үүрэг гүйцэтгэж байв

УИХ 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын төсөл баталж, 39 ордыг хамруулахад Цагаан суваргын орд 10 дугаарт жагсч байжээ.

Түүнд “Цагаан суварга Зэс, молибдени Дорноговь, Мандах Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна” гээд цагаан дээр хараар бичээтэй бий.

Цагаан суваргын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авч байжээ.

Энэ баримтыг үндэслэн Стратегийн ордод бүртгэж авсан байна. Энэ тогтоолыг Ц.Нямдорж баталж гарын үсэг зурсан байдаг.

Өдгөө хэвлэл мэдээллээр МАК 2001-2007 онд нэмэлт хайгуулын ажил гүйцэтгэсэн гэж яригддаг ч эхнээсээ л “Эрдэнэт”-тэй андуурагдахуйц хэмжээний том орд гэдгийг тогтоосон байсан гэдгийг Уул уурхайн сайд асан Ч.Хурц гуайн яриа баталдаг. Тодруулбал, Эрдэнэтийн овоог түшиглэн Уулын баяжуулах үйлдвэр барих саналд ЗХУ хойрго хандаж байсан тул Ю.Цэдэнбал дарга “Монголын зэсийн том ордыг Япон улстай хамтарч ашиглах боллоо” гэдэг мэдээг хэвлэлд нийтлүүлж, үүнийг нь уншсан ЗХУ-ын эрх баригчид “Эрдэнэт”-ийг хамтарч ашиглах саналыг авч үзэн ажил хэрэг болгосон гэдгийг тодорхой дурдсан байдаг.

“Зууны мэдээ” сонинд ордыг нээж, нөөц тогтоосон он дарааллыг:

1964 он

Мандах сумын иргэн н.Насандэлгэр Геологи-хайгуулын удирдах газарт Цагаан суваргын ордыг зэсийн хүдэржилттэй байж болох талаар мэдэгджээ. 

1965 он Чойрын геологийн экспедиц хайгуулын ажлыг эхлүүлжээ. Түүгээр зэс, молибдений хүдэржилттэй болохыг тогтоожээ. 

1967 он Чойрын геологийн экспед эрэл-үнэлгээний ажлын дүгнэлтээрээ “Нөөцийн нь С2 зэргээр 1 357.2 мян.тн зэс, 31.55 мян.тн молибден байна”  гэж тооцсон. Үүнээс хойш геологийн зураглал, геофизикийн ажил, уул өрмийн ажил, технологийн туршилт зэргийг гүйцэтгэжээ.

1977-1978 он “Нөөцийг С1+С2 зэргээр 1280 мян.тн зэс, 43.9 мян.тн молибден байна” гэж тооцсон хэмээн бичсэн байна.

Эндээс харахад, Цагаан суваргын нөөц хангалттай тогтоогдсон байсан бөгөөд МАК хөрөнгө оруулагчдын хүсдэг Жорк стандартаар нөөц баталгаажуулсан дүр зураг харагдана. ЖОРК стандарт бол нэг талаар хөрөнгө оруулагчид өөрсдийн хайгуулын компаниудаа ажилтай болгох гэсэн арга. Тиймээс МАК-аас хайгуул судалгааны ажилд хөрөнгө гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ юу ч мэдэгдэхгүй хоосон газар дээр мөнгө гаргаж хайгуул хийх, хайгаад олчихсон орд дээр дахин баталгаажуулалт хийнэ гэдэг асар зөрүүтэй ойлголт юм.   

Татвар хураамжаар 18 жилд дөрвөн тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоотой орд

МАК 2001-2008 онд 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хайгуулын нарийвчилсан ажлыг гүйцэтгэж, улмаар 2008 онд Австралийн JORC стандартаар нөөцөө баталгаажуулжээ. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2009 онд энэхүү хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж, Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгэн авсан хэмээн эх сурвалжид бичсэн байна.  

Эдийн засгийн тооцооллын хувьд, жилийн борлуулалт урьдчилсан байдлаар 770 сая ам.доллар, үйлдвэрлэлийн шатанд улс болон орон нутгийн төсөвт жилд  төвлөрөх орлого /татвар, хураамж байдлаар/ 150 орчим сая ам.доллар байна гэжээ.

Ашиглалтын хугацааг /урьдчилсан байдлаар/ 18 жилээр тооцсон бөгөөд энэ хугацаанд Цагаансуварга төсөл нийт 4 орчим тэрбум ам.долларыг татвар болон бусад хэлбэрээр улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ гэснээс үзвэл, жилд 220 орчим сая ам.доллар төсөвт төвлөрүүлэх боломжтой. Төр хувь эзэмшсэнээр энэ хэмжээ мэдээж, нэмэгдэнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.26
    1 цагийн өмнө

    Миний ах аугаа их олигархи Нямтайшираас энэ ордыг авч алах вий амжих уу? таанууд монгол хүн баялгийн эзэн байна гэдэг нь үнэхээр ац боллоо эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс баялгийг дангаараа эзэмшиж төрд дунд хурууны нугалбар харуулдаг энэ жишиг үнэхээр аугаа шүү.

    Хариулах