АЛДАГДСАН ОРДУУД 3: МАК-ийн Б.Нямтайшир хятадуудтай нийлж олон жил татваргүй ухсан Нарийнсухайт

Х.Батсайхан
7 цаг 49 минутын өмнө

Төрийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц тогтоогдсон ч хувьд шилжсэн Стратегийн ордуудын танилцуулга Нарийн сухайтаар үргэлжилж байна. Нарийн сухайт бол эргэлтэд орчихсон, Баялгийн санд шууд хөрөнгө төвлөрүүлэх боломжтой орд.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь олон хэсэгтэй учраас компаниуд дээр тус, тусад нь хэлэлцээр хийх шаардлагатай. Төвөгтэй нь, олон хэлэлцээр зэрэг явуулна, сайн тал нь жилд 20 гаруй сая тонн нүүрс экспортолдог 2-3 ААН-ээс өгөөж төвлөрүүлнэ.

ӨМНӨХӨӨС ҮЛДСЭН ӨВ, ТУУЛАХААС АРГАГҮЙ ЗАМ Ч СТРАТЕГИЙН ОРДУУД АЛДАГДСАН НЬ ҮНЭН

Стратегийн ордууд хувьд шилжих үйл явц хуулийн дагуу /Нарийнсухайт/, тухайн үеийнхээ хууль тогтоомжоос гадуур буюу хууль бусаар /Ухаа худаг/ гэх мэтээр янз бүрийн байдлаар явагдсан гэдгийг бид мэдэж байгаа. 

Тэгвэл энэ үйл явцад 2005, 2007, 2008, 2009, 2014, 2015, 2016 он чухал байр суурьтай бөгөөд эхний дөрөв нь Баялгийн тэгш хуваарилалт, иргэд байгалийн баялгаасаа хувь хүртэх үзэл санаа газар авч, улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусган, Парламент, Засгийн газар тодорхой шийдвэрүүдийг гаргаж байсан үе бол сүүлийн гурав нь дээрх шийдвэрээсээ ухран, олигархудад худалдагдаж, ард түмнээсээ урван иргэдээ молигодсон хар он жилүүд юм.  

Нарийнсухайтын орд, МАК-ийн тухайд, хувийн хэвшилд шилжсэн Стратегийн орд газруудаас хамгийн түрүүнд эргэлтэд оруулсан. Энэ утгаараа хөрөнгө зөөрөө хуримтлуулж, дээрх бүх үйл явцыг бүр эхнээс бүгдийг нь үзэж туулсан, магадгүй сүүлийн гурван жилд нь Ухаа худаг, “Энержи ресурс”-ийн хамт голлох үүрэгтэй байсан орд юм.

2005 он. Тавантолгойтой эн зэрэгцэхүйц, сайн чанарын эрчим хүчний нүүрстэй Нарийн сухайт ордыг БНМАУ 1971, 1992 онд нарийвчилсан хайгуул хийж, 125.5 сая тонн нүүрсний нөөцтэй болохыг тогтоож, Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Энэ ордын лицензийг одоогийн МАК 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эзэмшсэн. Улмаар БНХАУ-ын “Чинхуа МАК” ХК-тай хамтран 2005 онд “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г /Тогтвортой байдлын гэрээ/ Засгийн газартай 10 жилийн хугацаатай байгуулжээ.


2007 он. УИХ 27 дугаар тогтоол баталж, төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ашигт малтмалын ордуудыг Стратегийн ордын жагсаалтад оруулсан. “Монгол Улс уул уурхайд тулгуурлаж хөгжинө, төр өөрөө өөрийнхөө ордуудад хувь эзэмшиж, өгөөжийг нь иргэдэдээ хуваарилна” гэх, 2008 оны УИХ-ын сонгуулийг угтаж гаргасан энэ жагсаалтдаа аль хэдийнэ хөрөнгө оруулалт татаж, Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан Нарийнсухайтын нүүрсний ордыг багтаасан. 

Энэ нь төр ямар ч байсан хэзээ нэгэн цагт, бүр тодруулбал, Тогтвортой байдлын гэрээ нь дуусах 2015 оноос хувь эзэмшлээ тогтооно гэж төлөвлөж байсныг харуулдаг.

2008 он. Баялгийн хуваарилалт хийх амлалтаар сонгуульд ялах тактик боловсруулсан С.Баярын МАН иргэдэд 1.5 сая төгрөг “Эх орны хишиг” хэмээн хуваарилах амлалт өгснөөр Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах асуудал чухал болсон. Яг энэ үед буюу 2008 оны гуравдугаар сард Ухаа худаг ордыг “Энержи ресурс”-т шилжүүлсэн байдаг юм.

2009 он. Одоогийн Үндэсний баялгийн сангийн тухай хуультай төстэй “Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх…” зорилго бүхий Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдаж, яг одоогийнх шиг л “Төр Стратегийн ордуудад хувь эзэмшлээ тогтоох” бололцоо бүрдсэн. Гэвч асуудал хөндөгдөөгүй бөгөөд улс орны анхаарал тэр чигтээ Оюутолгой дээр төвлөрч, бүгд энэ сэдэвт анхаарал хандуулж байсантай холбоотой ч байж мэднэ.     

2014 он. МАН 2008-2012 онд иргэдэд 1.5 сая төгрөгийн эх орны хишиг олгох амлалтаа сар бүр 21,000 төгрөг тараасаар биелүүлсэн ч санхүүжилтийг нь БНХАУ-ын төрийн өмчит “Чалько” компаниас зээлж авсан тул ард түмний мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК хэдэн жил дамнан ашиггүй ажиллаж, зарим үед дампуурахдаа тулж байв. 

Иргэдийн амьдрал маш хүнд байсан бол “Ухаа худаг”, Нарийнсухайтын уурхай эсрэгээрээ хөгжин цэцэглэж, эзэд нь үндэсний хөрөнгөтнөөс олигархиуд болж хувираад байлаа. Яг энэ үеэс “Ер нь Стратегийн ордын жагсаалт гэж байгаад хэрэггүй”, “Монгол Улс хувийн өмч, хувийн хэвшилдээ тулгуурлаж хөгжинө” гэсэн суртал ухуулга газар авсан бөгөөд одоо эргээд харахад энэ нь 2015 онд Нарийнсухайтын орд дээр Засгийн газартай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ нь дуусах гэж байсантай холбоотой байж.

МАК, Ченхуа МАК нийлээд Нарийн сухайтын уурхайгаас зөвхөн 2010 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар буюу татваргүй ухаж байх үедээ 4.022.712.24 тонн нүүрс олборлож, экспортлон Монгол Улсын уул уурхайн салбарын 88 жилийн хөгжлийн түүхэн дэх нүүрс олборлолт, борлуулалт, экспортын дээд амжилтыг тогтоосон гэхээр оруулсан таван сая ам.долларын хөрөнгө оруулалтаа хангалттай нөхчихсөн байсан гэсэн үг. 


Өөрөөр хэлбэл, тогтвортой байдлын гэрээний хугацаа дуусмагц төр хувь эзэмшлээ тогтоох асуудал яригдах нь гарцаагүй болоод байв. Нэгэнтээ Нарийн сухайт дээр асуудал яригдвал Ухаа худаг дээр ч яригдах нь тодорхой байсан. Яригдсан ч бөгөөд иргэний нийгмийн байгууллага, УИХ-ын нэр бүхий гишүүд тэмцэж байсныг хэлэх хэрэгтэй. Гэсэн ч либерал үзлээр халхавчилсан авлигын өмнө сөхөрсөн юм.

Стратегийн ордуудын жинхэнэ хулгай, алдагдлын эх чухам энэ үед буюу 2014 онд “Стратегийн орд гэж байх шаардлагагүй” гэх “тархи угаалтаар” эхэлсэн бөгөөд “Энержи ресурс”, МАК тэргүүтэй олигархиуд 2015 онд Цагаан суваргын ордыг УИХ-ын тогтоолоор сугалж авснаар амжилт олсноо харуулж, 2016 оны хоёрдугаар сард Хүний хөгжил сангийн тухай хуулийг татан буулгаснаар ялалтаа зарлан тунхагласан юм /https://legalinfo.mn/mn/detail.../.

Хууль хүчингүй болсноор “Эрдэнэс Тавантолгой”-гоос бусад Стратегийн ордуудын өгөөжөөс ард түмэнд хуваарилах, түүнийг орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглах гэх мэт өнөөдрийн хуульд тусгалаа олсон олон асуудал мартагдаж, 2020-2024 оны парламент Баялгийн хуваарилалтын асуудлыг дахин хөндөж, хууль эрхзүйн орчинд шинэчлэл хийх хүртэл орхигдсоор өдийг хүрсэн билээ.

Олигархиуд хэзээ ч иргэдийг боддоггүй, либерал үзлээр тархи угааж өөрсдөө баяждаг

Төрөөс хувьд шилжсэн Стратегийн ордуудын таниллцуулгадаа зүгээр ч нэг “Алдагдсан ордууд” гэдэг “малгай” өмсгөөгүй гэдгээ эхлээд хэлье. Монголчууд хэдий чөлөөт өрсөлдөөнт эдийн засаг, ардчилал, түүний суурь ойлголтуудын нэг болох өмчлөх эрхийг хүндэтгэдэг ч Стратегийн ордууд үнэхээр алдагдсан, хулгайлагдсан, ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан, эрх баригчид хүсэл мөрөөдлийг нь аль эрт нөөц тогтоогдсон бэлэн ордуудад эзэн суусан баячуудад халтар төгрөгөөр арилжсан гэдгийг одоо ойлгох цаг болсон. 

“Хувийн хэвшил рүү дайрсан”, “Төрийн хэт оролцоотой эдийн засаг бий болгож дарангуйлал руу халтирах эхлэлийг тавьж байна” гэх мэт суртал ухуулга бол анхаарч харах нэг өнцөг болохоос үнэн биш. Одоо болж байгаа үйл явц бол 20 шахам жилийн өмнө эхэлсэн ч дунд нь олигархиудын явуулгаар тасалдсан үйл явц үргэлжилж байгаа л хэлбэр. Харин ч 34 хувийг эзэмшиж, 66 хувийг хувийн хэвшилд үлдээж байгаа нь менежментийг хувийн хэвшилд үлдээж байгаа нь хувийн хэвшлийн давуу талыг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг хэлбэр.

Монгол Улсын эдийн засгийн бүтэц өнөөдөр хөдөө аж ахуйн гэхээсээ илүү “Уул уурхайн орон” гэж хэлэгдэх хэмжээнд хүрсэн билээ. Өсөлт ч гарсан. Өдгөө манай улс нэг үеэ бодвол уул уурхайгаар дагнасан үндэсний компаниудтай болсон бөгөөд тэдэндээ тулгуурлаж цааш явах нь ч ойлгомжтой. 

Энэ бол “Соц нийгмийн үе” гэж ярьдаг БНМАУ-ын үед хийгдсэн ашигт малтмалын хайгуул судалгааны ач гавьяа.  Тэдгээр судалгаанууд байгаагүй бол уул уурхайн компаниуд хэзээ ч одоогийн хэмжээнд очихгүй байсан.

 Асар их хөрөнгө оруулалт шаарддаг салбарт эрсдэл гаргадаг дотоодын компани бараг л бий болохгүй байсан болов уу. Тиймээс дотоодын компаниуд эхэндээ бэлэн ордууд дээр ажиллаж байж томрох нь ойлгомжтой бөгөөд энэ бол БНМАУ-аас бидэнд үлдээсэн буян хишиг, өв байсан. Тэр өв дээр дотоодын компаниуд ажиллаж томорсон, бас төлөвшсөн. Одоо харин ард түмэн 34 хувиа заавал авах ёстой.  

Төр тэднийг хангалттай дэмжсэн. Жишээ нь, одоо танилцуулж буй Нарийнсухайт дээр гэхэд, АМНАТ-ыг 2.5 хувиар тооцож, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, орлогын албан татвараас эхний таван жил 100 хувь, дараагийн таван жилд нь 50 хувь чөлөөлж байв. Түүний ачаар МАК үндэсний хэмжээний том компани, Б.Нямтайшир толгой баян болсон. 

Төрийн тэр хайр ивгээлийн ачаар бий болсон хөрөнгөөр босоон компаниудаар Н.Цэлмүүн улсынхаа хөгжилд хувьд нэмрээ оруулж, Н.Номтойбаяр гадаад дотоодод боловсорч, либерал үзэлтэй, улсдаа хэрэгтэй дориун улстөрч болж төлөвшиж байгаа.  Тиймээс одоо хариугаа барих ёстой.

Хэрвээ төр 2015 онд тогтвортой байдлын гэрээ нь дуусахтай зэрэг МАК, “Чинхуа МАК”-тай хэлэлцээрийн ширээнд суучихсан бол, 2008 онд “Энержи ресурс”-тай ядаж тэдэнтэй байгуулсантай ижил гэрээ байгуулаад жишиг болгож хэлэлцээрийн ширээнд суусан бол Нарийнсухайт 2015 онд, Ухаа худаг 2018 оноос иргэдэд өгөөжөө өгөөд эхлэх байсан юм.

Төр хэрвээ яг энэ талаас нь, алсыг харж “Тав эсвэл 10 жилийн дараа 34 хувийг нь төр эзэмшинэ шүү” гэдэг ч юм уу нөхцөл болзолтойгоор Стратегийн ордуудаа хувийн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн бол өнөөдрийн нийтлэлд “Алдагдсан” ордууд гэх малгай тавигдахгүй ч байж болох байсан.

 Гэвч тэгээгүй, яг одоогийн “Баялгийн сан”-гийн тухай хууль биш ч гэсэн үндсэн агуулга нь туссан өөр хууль үйлчилсээр байхад амлалтаасаа буцан, ард түмнээсээ “урваж”, стратегийн орд эзэмшигчдийг давраасан.

МАК, Ченхуа МАК нийлээд Нарийн сухайтын уурхайгаас зөвхөн 2010 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар 4.022.712.24 тонн нүүрс олборлож, экспортлон Монгол Улсын уул уурхайн салбарын 88 жилийн хөгжлийн түүхэн дэх нүүрс олборлолт, борлуулалт, экспортын дээд амжилтыг тогтоосон, энэ үедээ Засгийн газартай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ ёсоор орлогын албан татвар огт төлдөггүй байсан гэхээр олигархиуд хэзээ ч иргэдийг боддоггүй, либерал үзлээр тархи угааж өөрсдөө баяждаг гэдгийг харуулж байгаа юм. 

СТРАТЕГИЙН ОРДОД ЭЗЭН СУУСАН ААН-ҮҮД, ӨГӨӨЖИЙН МЭДЭЭЛЭЛ

Өмнийн говийн нүүрсний асар их нөөцтэй сав газрын яг төв нь байрлалтай, Тавантолгой, Хөшөөтийн нэгэн адил нөөц нь үлэмж нэмэгдэх магадлал өндөр Стратегийн энэ аварга орд дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ченхуа МАК", үндэсний МАК компани л Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байсан бол өдгөө хэсэгчлэн хувааж, долоон компани тус, тусдаа  эзэмшиж байна. 

 Нарийн сухайтын ордод эзэн суусан ААН-үүдийн эзэмшиж буй нөөц, олборлолт, улсад төлсөн АМНАТ

Нарийн сухайтын бүлэг ордын бүртгэлтэй нийт нөөцийн 540 сая.тн буюу 46%-ийг "Монголын алт" (МАК) ХХК, 545 сая.тн буюу 46%-ийг "Саусгоби сэндс" ХХК, 71 сая.тн буюу 6%-ийг "Өсөх зоос" ХХК, 16 сая.тн буюу 1%-ийг "Хүрэн толгой койл майнинг" ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдэд ногдож байна. Мөн ЕАИ ХХК-д 4 сая.тн, Адилцаг ХХК-д 2 сая.тн бага хэмжээний нөөц байна.

Уг нь хууль дүрмээрээ ямар нэгэн стратегийн ордыг дур мэдэн хуваах эрх хэнд ч байх ёсгүй. Гэтэл энэ ордыг хэсэг хэсгээр нь тасалчихаад, өдөр шөнөгүй цөлмөж, Ашигт малтмалын хуулийн 5.4 дэх  “төрийн эзэмшлийг тогтоох” заалт хэрэгжилгүй явж байгаа юм.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.43
    13 минутын өмнө

    Ард түмэндээ бодох цаг ирсэн байхаа хангалтай баяжсан шүү

    Хариулах
  • 64.119.29.2
    1 цагийн өмнө

    Тодорхой ганц нэг эзэнтэй байсан нь дээр дээ. Төрд авч байна гээд хулгайд алдана. Бүтэн ордоор нь хулгайлж чаддаггүй юм гэхэд үр ашигтай ажиллуулж чадаж байгаа билүү бид. Баахан дарга, даамал л тэжээсээр нөөц нь барагдах вий

    Хариулах
  • 124.158.108.53
    1 цагийн өмнө

    өнөөдрийг хүртэл төрд буюу ард түмэнд ногдох хөрөнгийг нөхөн авч төлүүлэх үүрэг Засгийн газарт байгаа байх даа

    Хариулах
  • 104.35.230.28
    4 цагийн өмнө

    Одоо энэ асуудлыг Хууль зүй дотоод хэргийн Яам гартаа авч нэг мөр шийдээд шийдээд яваачээ. Бүх юм тодорхой тэр үеийн хэн хэн гэдэг удирдлага байсан хэн хэн нь авсан нь тодорхой байна шдэ

    Хариулах