УИХ-ын гишүүн, Зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын чуулганаас хамгийн хүлээлттэй байгаа хуулийн төсөл бол Татварын багц хууль. Хувийн хэвшил, бизнесүүдээ дэмжихийн тулд татварын орчныг шинэчлэх шаардлагатай хэмээн ярьж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ ?
-Миний хувьд байр суурь маш тодорхой. Татвар нэмэгдэж болохгүй. Бизнесийн байгууллага дээр ирж байгаа татварын дарамт маш их байгаа. Тийм учраас татварыг бууруулж, бизнесийн байгууллагуудаа дэмжих хэрэгтэй.
Харин татварын бааз суурийг нь нэмэгдүүлэх ёстой. Ингэж байж төсөв бүрдүүлэхэд оролцож байгаа бизнесийн байгууллагуудын хувь нэмэр нэмэгдэнэ. Ганцхан бүтээгдэхүүнээс хараат байгаад байж болохгүй.
“Засгийн газар өвдөлт мэдрэх хэрэгтэй”
“Эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотойгоор ард түмэн өвдөлт мэдэрч байна” гээд яригдаж байсан. Тэрэнтэй яг адилхан татварын тарифыг багасгаж, Засгийн газар тодорхой хэмжээгээр өвдөлт мэдрэх хэрэгтэй.
Ер нь татварын орчинд шинэчлэл хийж байж, бизнесийн байгууллагууддаа таатай нөхцөл бий болгож, бизнесийн орчныг эрүүл болгож байж урт хугацаандаа эдийн засагт үр дүн өгнө.
Одоо байгаа татварын тогтолцоог дүгнээч, яаж өөрчлөх нь зүйтэй вэ ?
-Татварын түвшнийг нэг болгох ёстой. НӨАТ-ыг харин ялгаатай тогтоох ёстой. Нөгөө талаар орон нутгийн татварууд шууд орон нутагт хуваарилагддаг болчих нь зөв. Хөдөө орон нутгийн санхүүгийн бие даасан байдал нь нэмэгдэхийн хэрээр улс орны эдийн засагт сайнаар нөлөөлнө шүү дээ.
Мэдээж дагаад хариуцлагын асуудал яригдана. Нэмсэн мөнгөөр нь найр наадам хийчихдэг гээд шүүмжлэл гарах байх. Хяналтаа л тавьчих хэрэгтэй. Төр нь татвар авахдаа хяналт тавьж чаддаг юм чинь зарцуулалт дээр нь хяналтаа тавьдаг байхад л болно.
“Монгол Улсын эдийн засаг маш олон нөхөөстэй хагарах шахсан бөмбөг шиг болчихсон”
Хамгийн гол нь улсын төсөв дээрээ хамаг мөнгө нь төвлөрөөд дахин хуваарилдаг энэ байдал болохгүй байна гэдгийг олон удаа илэрхийлж байсан. Монгол Улсын эдийн засаг бол маш олон нөхөөстэй хагарах шахсан бөмбөг шиг болчихсон байна. Тэгээд нэг асуудал гарахаар бодлогын томоохон өөрчлөлт хийхгүйгээр аргацаагаад явснаас өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн.
Татварыг бууруулсан тохиолдолд төсвийн орлого буурна шүү дээ. Энэ асуудлыг яаж зохицуулах боломж байгаа вэ ?
-Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад нэлээд хэдэн УИХ-ын гишүүн асуудал тавиад, төсвийн үрэлгэн байдлыг болих шаардлага тавьсан. Тэгтэл төсөв боож ирсэн Сангийн яамныхан “Болж байна. Та нар өөрсдөө таначих. Хаанаас нь татах юм бэ. Энд танах юм бол тийм асуудал, тэнд танах юм бол ийм асуудал гарна гэх мэтээр айлгах байдалтай хандсан.
Тийм учраас төсөв боохдоо ямар зарчих барих вэ гэдэг дээрээ хамгийн түрүүнд ажиллах ёстой юм байна лээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын шилжиж байгаа болон шинэ төслүүдээ санхүүжүүлэх хуульд заасан шаардлагуудаа биелүүлдэг баймаар байна.
Сахилга батын асуудал шүү дээ. Аливаа төслийг судалгаа, эдийн засгийн үндэслэл, ТЭЗҮ, зураг төсөв, аудит хийгдсэн эсэхийг нь шалгаж, эрэмбэлдэг бүх шаардлагыг нь хангасан тохиолдолд төсөвт суулгадаг байх нь зүй. Монголд төсөвтэй холбоотой хангалттай хэмжээний журам, хууль байгаа. Гол нь хэрэгжихгүй байгаа.
Гадаад валютын нөөц ихээхэн хэмжээгээр буурлаа, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уначихлаа. Төсөв тодотгох нөхцөл байдал үүсчихлээ хэмээн ярьцгааж байна ?
Хариуцсан хүмүүс нь одоохондоо төсвийн тодотгол хийх нөхцөл бүрдээгүй байна гэсэн. Харж л байя. Шаардлагатай бол улсын төсөвт тодотгол хийж таарна. Гэхдээ төсвийн захирал зарцуулж байгаа, төсвийг оруулж ирж байгаа хүмүүс нь эдийн засгийн уналтын өвдөлтийг мэдрэх хэрэгтэй л гэж бодож байна.
Тодотгол хийвэл хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтууд танагдах байх. Урсгал зардал бол хуультай учраас яагаад ч танагдахгүй. Өрийн босгыг нэмж, орлого нэмэгдүүлэх тал дээр л анхаарах байх гэж бодож байна даа.
Ярилцсанд баярлалаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна