Баялгийн санд орлого оруулах Стратегийн ордуудын танилцуулга энэ удаад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Төмөртийн овооны цайр, хар тугалгын ордоор үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгө, ЗХУ-ын зээлийн санхүүжилтээр хайгуул хийж нөөц тогтоосон уг одод эдүгээ Монголын “Металл импекс”, БНХАУ-ын “Өнгөт Төмөрлөгийн Гадаад Барилга, Зураг Төсөл” компанийн 50:50 хувийн эзэмшилтэй “Цайртминерал” компани үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Төмөртийн овоо Стратегийн ордууд дотроо хосгүй
Монгол орон ашигт малтмалаар баялаг ч монголчууд нүүрс, алт хоёрт л төвлөрч, бусдынх нь талаар ойлголт хомс байдаг нь нууц биш. Улс орон цэцэглэн хөгжихөд үйлдвэрлэлд хэрэглэгддэг бүр металл, эрдэс бодис бүр өндөр ач холбогдолтой бөгөөд тэр утгаараа гаднын өндөр хөгжилтэй улсууд уул уурхайн салбараа ашигт малтмалын төрлөөр нь солонгоруулахыг хичээдэг, Стратегийн ач холбогдлыг нь тогтоохдоо ч “Стратегийн орд” биш, “Стратегийн ашигт малтмалууд” гэж, металл, эрдэс бодисоор нь ангилдаг жишигтэй.
Энэ жишгээр авч үзвэл эдүгээ Стратегийн ордын жагсаалтад нүүрс /Тавантолгой, Нарийнсухайт, Багануур, Шивээ-Овоо/, уран /Мардай, Дорнод, Гурванбулаг/, төмөр /Төмөртэй/, зэс, молибден, алт /Эрдэнэт, Цагаан суварга, Оюутолгой, Гацуурт, Бороо/, фосфорит /Бүрэнхаан/, цайр, хар тугалга /Төмөртэйн овоо/, мөнгө /Асгат/ гэсэн найман төрлийн ашигт малтмал л орж буй.
Танилцуулгын эхэнд энэ талаар дурдсан нь Төмөртийн овооны цайрын орд Ашигт малтмалын жагсаалтад багтсан 16 орд дотроо хосгүй /Бүрэнхааны фосфоритын орд мөн ижил/, чухаг юм аа л гэх гэсэн санаа юм.
Цайр гэж юу вэ, юунд хэрэглэдэг, ямар үнэтэй металл вэ
Цайр нь дэлхийн царцдас бүрхүүлийн нийт элементийн тархцаараа 23-т ордог ховор элемент бөгөөд АНУ-ын Геологийн албаны судалгаанд 2023 оны байдлаарх нөөцийг 1.9 тэрбум тонн, хууль эрхзүй, эдийн засаг, техник, технологийн хувьд олборлох боломжтой үйлдвэрлэлийн нөөц 224 сая тонн гэжээ.
Цайрын хэрэглээний ихэнх буюу 47%-ийг цайрдахад буюу материалыг зэврэлтээс хамгаалахад зориулагдсан түрхлэг хийхэд, 19%-ийг хайлш үйлдвэрлэхэд, 14%-ийг цутгамал хийхэд, 7%-ийг нь барилгын үйлдвэрлэлд болон зай хураагуурын үйлдвэрлэлд ашиглаж байгаа бөгөөд өнгөт металлуудаас хэрэглээгээрээ төмөр, хөнгөнцагаан, зэсийн дараа 4-т ордог байна. Мөн цайрыг нарнаас хамгаалах бүтээгдэхүүний гол элемент болгон ашиглахаас гадна баттерей, дээвэр, суваг шуудууны материалд гол түүхий эд болгон ашигладаг байна.
Үнийн хувьд хэлбэлзэл өндөр ч дунджаар тонн тутамдаа 2,500 орчим ам.доллараар тогтож ирсэн байна. Энэ сарын 21-ний байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн боловсруулсан цайр 2,906 ам.доллар байв.
Нөөцийг БНМАУ-ын үед тогтоож, 1990-ээд оны эхээр ашиглахыг оролдож байжээ
Төмөртийн овооны цайр, хар тугалганы ордыг 1974 онд Монгол-Германы хамтарсан хайгуулын анги нээж, 1974-1979 онд хайгуул хийж дуусган, нөөцийг 1980 онд БНМАУ, БНАГУ, ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ ашигт малтмалын нөөцийн комиссын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж баталжээ.
Ордыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг 1980 онд ЗСБНХУ /хуучин нэрээр/-ын "Гипроцветмет" нэгдэл, 1988 онд Монгол улсын Геологи уул уурхайн хүрээлэнд тус тус боловсруулж, энэхүү ТЭЗҮ-ийг үндэслэн Төмөртийн овооны цайрын ордыг түшиглүүлэн уул уурхайн баяжуулах үйлдвэрийг 1989-1992 онд иж бүрнээр нь барьж байгуулах тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ 316-р тогтоол 1989 онд гарсан байна.
Цайрын үнэ ханш 1992-2024 /Тонноор/
Уг тогтоолын дагуу үйлдвэр байгуулах хүрээнд Баруун-Урт хотод 24 айлын гурван орон сууцны барилга, 140 хүүхдийн цэцэрлэг, ясли, уурын зуухны барилга, Төмөртэй овооны орд дээр уурхайг ажиллуулах ДГ-72 маркийн 3 агрегат бүхий цахилгаан станц, 10 машины гараж, уурхайн дотоод цахилгаан хангамжийн шугам зэрэг барилга байгууламжийг барьж байгуулах ажил эхэлсэн.
Орос, Япон, Швед, Чех зэрэг олон оронтой санал солилцож, тооцоо судалгаа хийж байсан бөгөөд Японы "Нише-Ивай" пүүс нь ордыг ашиглах ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, баяжуулах үйлдвэрийг жилдээ 57,8 мян.тн , 50% агуулгатай баяжмал гаргаж, 18 орчим сая ам.долларын орлого олж, оруулсан хөрөнгөө 6 жилд багтаан нөхөх боломжтой гэсэн тооцоо гаргасан ч баяжмал тээвэрлэлтийн өртөг өндөр, цайрын баяжмал дахь марганецийн агуулга нь стандартын хэмжээнээс илүү тул цаашид металл болгон боловсруулахад хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хамтран ажиллахаас татгалзсан аж.
Мөн Орос, Чех, Швед улсууд дэд бүтэц хөгжөөгүй гэсэн шалтгаанаар татгалзжээ. 1994 онд олон улсын тендер зарласан боловч нэг ч гадаадын пүүс, компани тодорхой санал ирүүлээгүй аж.
Ийнхүү уг ордыг түшиглүүлэн уулын баяжуулах үйлдвэр байгуулах ажлыг олон удаа гадаадын пүүс, компаниудад асуудал тавьж байсан боловч дээрх шалтгааныг мөн дурьдаж хамтран ажиллахаас татгалзаж байсан байна.
1994 оны эцэс гэхэд үйлдвэрийн барилгын ажлууд бүрэн зогсож, үйлдвэрийн түр захиргаа татан буугдсанаар төслийн ажил үндсэндээ зогсжээ.
“Цайрт минерал” ХХК-ийн эзэмшилд орж, баяжуулах үйлдвэр байгуулагдав
Монгол Улс газрын хэвлийн баялгаа ашиглахаар 1997 онд Ашигт малтмалын тухай хууль баталж, гадна дотнын ААН-үүдэд хайгуулын лиценз олгож эхэлсэн бөгөөд Төмөртийн Овооны цайрын орд газрын лицензийг "Металл Импекс" ХХК авч, Хятад улсын Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компанитай (товчилсон нэрээр NFC) хамтран ажиллах гэрээг 1997 оны арваннэгдүгээр сард байгуулжээ. Энэхүү гэрээгээр Төмөртийн овооны цайрын ордод нарийвчилсан хайгуулын ажлыг тус компани нь өөрийн хөрөнгөөр нэмж явуулах ба үүний үндсэн дээр уг ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж ордыг хамтран ашиглахаар тохиролцсон аж.
Монгол-Хятадын тал "Цайртминерал" хамтарсан ХХК-ийг үүсгэн байгуулж, Хятадын тал 51 хувь, Монголын тал 49 хувийг тус тус эзэмших ба зээлээ төлж дууссаны дараа дээрх хувь оролцоо 50:50 болж өөрчлөгдөх, жилдээ 300000 тонн хүдэр олборлож, 50 хувийн агуулга бүхий 70000 орчим тонн цайрын баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий уул уурхайн баяжуулах үйлдвэрийг NFC компани нь "түлхүүр өгөх" нөхцөлөөр барьж байгуулахаар тохиролцсон юм. Улмаар Ашигт малтмалын хуулийн дагуу Монгол улсын Сангийн сайдтай "Тогтвортой байдлын гэрээ"-г 1998 онд байгуулж, NFC компанитай хамтран БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад олгосон хөнгөлөлттэй зээлийг энэ төсөлд ашиглаж болох хувилбарыг сонгон авч холбогдох яамдад саналаа оруулсан байдаг.
Ордыг үйлдвэрийн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, холбогдох тооцоо судалгааг 1999, 2001 онд хуралдсан Монгол-Хятадын засгийн газар хоорондын комиссын VI, VII хуралдаанууд, 1999 оны 9-р сард хуралдсан Гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөлийн хуралдаан, Монгол улсын Засгийн газрын 1999 оны 10-р сар, 2000 оны 10, 12 дугаар сарны ээлжит хуралдаануудаар тус тус хэлэлцэж, нийтдээ 200 сая юаны хөнгөлөлттэй зээлийг Төмөртийн овооны цайрын үйлдвэрийг барьж байгуулах төсөлд зориулах шийдвэрүүдийг гаргаж байжээ.
Тодруулбал, уурхай, баяжуулах үйлдвэр барихад шаардагдах хөрөнгийн 50 хувийг БНХАУ-ын зээл, үлдсэн 50 хувийг NFC компани нь банкны зээлээр санхүүжүүлснээр 2005 онд бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, үйл ажиллагаа эхлүүлжээ.
Эргэлзээ буюу АМГТГ-ын дарга Д.Жаргалсайхан ордыг дарга нартай хувааж эзэмшсэн үү
“Цайрт минерал” бол Стратегийн ордуудаа хамгийн түрүүнд эргэлтэд орж, Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан компани. Гэвч үйл ажиллагаа нь эхэндээ шулуун дардан байгаагүй юм. Өмнө нь хэлсэнчлэн, санхүүжилтийн 50 хувь буюу үндсэндээ Монголын талын оруулах ёстой хөрөнгийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, БНХАУ-ын тал өөрийн оруулах ёстой хөрөнгийг банкны зээлээр санхүүжүүлэхээр болсон. Сангийн сайдаар томилогдсон Ч.Улаан гэрээнд “Энэхүү зээлтэй холбоотой зээлийн үндсэн өр, хүү болон аливаа төлбөрийг Монгол улсын Засгийн газар хариуцахгүй” гэсэн өгүүлбэр нэмж оруулаад уг зээлийг БНХАУ-ын талын хөрөнгө оруулагч болох NFC компанид шууд олгуулахаар болсон бөгөөд тэд авсан хөнгөлөлттэй зээлээ “Цайрт минерал” хамтарсан ХХК-даа арай өндөр хүүтэйгээр дамжуулан зээлдэхээр болсон гэдэг.
Ийм нөхцөл байдлаас болж БНХАУ санхүүжилтээ олголгүй хэдэн жил болж, сүүлд нь энэ болон бусад шалтгаанаар Тогтвортой байдлын гэрээг сунгасан байдаг. Хамгийн ноцтой нь, төсөл гацсан энэ хугацаанд ордоос олборлолт хийж БНХАУ руу гаргаж байсан гэх бөгөөд үүнийгээ ордын дээж гэж нэрлэдэг байсан гэдэг. Мөн АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан “Цайрт минерал” ХХК-д хувь эзэмшдэг, Сүхбаатар аймгийн харъяат Ч.Улаан баяжуулах үйлдвэр барихгүй саатаж байх хугацаанд тогтвортой байдлын гэрээг цуцлаагүй, зээлтэй холбоотой асуудалд Засгийн газрыг эрсдлээс хамгаалсан гэж харагдах ч бүтээн байгуулалтыг саатуулсан байж болзошгүй шийдвэрийг гаргасан зэрэг эргэлзээтэй асуудлууд бий. Нэгэнтээ нөөц нь тогтоогдчихсон ордын лицензийг ч хайгуулын хэмээх статустай олгож, Хятадын компани өөрийн хөрөнгөөр нөөц тогтоосон зэрэг нь мөнгө зарцуулсан болгож харагдуулах арга байсан гэж хардах ч үндэстэй.
Мөн Монгол Улсын Засгийн газар Тогтвортой байдлын гэрээг сунгахыг зөвшөөрснийг Монгол Улсын эрх ашигт хохиролтой туссан гэж үзэх үндэс бий. Эндээс "Металл импекс"-ийн ард Д.Жаргалсайханаас гадна өөр том албан тушаалтнууд байдаг юм биш биз гэх хардлага төрдөг.
Эхэн үедээ ийнхүү алдаа, оноотой урагшилсаар Тогтвортой байдлын гэрээгээ дуусгаж, Монгол, Хятадын компаниуд 50, 50 хувь эзэмших болсон энэ "Цайрт минерал" компани өдгөө Зүүн бүсийн хамгийн том татвар төлөгч, үлгэр жишээ ААН болжээ.
Баялгийн сангийн тухай хууль ёсоор тус компанийн 34 хувийг эзэмших ёстой. Ингэснээр наанадаа 2030 он хүртэл Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх боломжтой. Цаашид хайгуул хийж нөөцөө нэмсэн тохиолдолд нас нь уртсах боломж бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.195
Энэ хужаагийн эрлийз ихээхэн идэждээ.
Хариулах103.57.92.25
Бидний Монголчуудаа гэж үнэхээр арчаагүй юм даа улсад татвар төлөөд төлөөд улс эдгээр ордуудийг аваад аваад хэзээ ч ашигтай ажиллаж чадахгүй ямар ч сан хөмрөгө байгуулаад бүгд тонон дээрэмдэж дампууруулж байна даа дарга нар маань сайхан монгол орон минь сайхан монгол орны залуучууд ирээдүй болсон хүүхэдүүд минь ийм л битий байгаарай гэрэлт ирээдүй бидний ьа нарийг хүлээж байна итгэж найдаж байна
Хариулах