Нэг сарын өмнө “Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” хэмээх 9 боть номын нээлтийг хийж байсан бол өчигдөр Чингис хаан Үндэсний музейгээс зохион байгуулдаг цуврал лекцийн Хүндэт зочин илтгэгч нь Польш улсаас ирсэн Варшавын Их сургуулийн профессор Агата-Барея Стажинска байлаа.
Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нар Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт Монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн 9 боть ном болгон хэвлүүлсэн.
Илтгэгч хэлэхдээ Монгол Улсын 1915-1916 оны хүн амын тооллогын материалууд нь Польш дахь Краков хотын архивд байгаа. Тэр архив нь Л.В.Котвичийн хувийн архив гэж хэлж болно түүнээс 3500 хуудсыг эргүүлж үзсэн. Л.В.Котвич бол олон жил Орос улсад санхүүгийн чиглэлээр ажилласан, монголч эрдэмтэн бөгөөд зарим материалуудаа монголоор бичсэн.Тухайн үеийн хошууны дарга түүний гэр бүл, засаг захиргааны байдал зэрэг 10 гаруй асуултаар хүн амын тооллогыг хийсэн байдаг. Хамгийн дэлгэрэнгүй 34 хуудас бүхий мэдээлэл нь Түшээт хан аймгийнх байсан. Уг хүн амын тооллогын баримтыг гурван хэсэгт хуваагдсан гэж үздэг, зарим материалууд устгалд орсон байх магадлалтай гэв.
Хүн ам статистикийн баримт цуглуулгууд нь Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт юм.
Дашрамд сонирхуулахад, илтгэгч Агата-Барея Старжинска нь Польш Улсын Варшавын Их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор бөгөөд Монгол-Төвөдийн соёл, утга зохиол тэр дундаа Буддын шашны тухай голчлон судалдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна