Орон нутаг зам ашигласны төлбөрөө нэмж, амины нэхэлтэй замаа засъя

Х.Батсайхан
5 цаг 51 минутын өмнө

Зуны сар дундаа орж, аялал зугаалгын улирал ид эхэлж буй энэ үед зөв.мн орон нутгийн удирдлагуудад “Замын аюулгүй байдалдаа анхаарах цаг болсон”-ыг сануулж байна.

Монголд жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алддагийн 60 гаруй хувь нь аялал зугаалгатай холбоотой гэдэг тоо баримт бий. Жил бүрийн зургадугаар сараас есдүгээр сар хүртэлх гурван сарын дотор гардаг нийт зам тээврийн ослын 90 хувь нь орон нутгийн замд гардаг гэсэн харамсалтай тоо ч байна. Цаанаа олон хүний амь нас, түүнээс ч олон хүний нус нулимс, зовлон зүдгүүрийг агуулж байгаа энэ ослуудын багагүй хувь нь орон нутгийн замын чанартай холбоотой.

Замын чанар сайжирвал осол аваарын тоо дагаад буурах нь өдөр шиг тодорхой зүйл учраас одоо замын чанарыг яаралтай сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Хуулиараа зам ашигласны төлбөрийг тухайн орон нутгийн ИТХ мэдэж зохицуулдаг. Тиймээс аймгуудын ИТХ-д хандаж, зам ашигласны төлбөрийг замаа засаж, аюулгүй байдлыг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд нэмэхийг уриалж байна.


Одоогийн байдлаар тээврийн хэрэгсэл эзэмшигчид орон нутгийн зам ашигласны төлбөрт 1000 төгрөг төлж байгаа. Энэ бол тийм ч их мөнгө биш боловч иргэд замын чанартай харьцуулж, огт хэрэггүй “агаарт замхардаг”, дарга нарын “иддэг” мөнгө мэтээр ойлгон өгөхдөө цааргалдаг нь оргүй биш.

Тиймээс одоо зам ашигласны төлбөрийг яаралтай нэмж, осол аваар гардаг, хүний амины нэхэлтэй орон нутгийн замаа засахыг уриалж байна.

Зам ашигласны төлбөр нь Авто замын сангийн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Тодруулбал, тус сан нь

а/ Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

б/Орон нутгийн авто зам, замын байгууламжаар тээврийн хэрэгсэл зорчсоны төлбөр;

в/ Улсын ба орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;

           г/ Авто замын тухай хууль зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийн тодорхой хувь хэмжээ;

            д/ Ханги хилийн боомтоор нэвтэрч буй хүнд даацын тээврийн хэрэгслийн хураамж;

            е/ Зээл, тусламж, хандивын орлого болон бусад эх үүсвэрээс санхүүждэг бөгөөд дээрх зургаан эх үүсвэрээс авто зам ашигласны төлбөр нь харьцангуй бага байгаа юм. 

Нийслэл тээврийн хэрэгслийн татварыг хэрэглээнд суурилсан татвар болгож, өөрчлөлт хийснээр авто замдаа дорвитой хөрөнгө оруулалт хийж, нэг үеэ бодвол нөхцөл байдал эрс сайжирч байна. Одоо харин орон нутаг энэ тал дээр анхаарах цаг болжээ. 

Гэхдээ, орон нутагт Нийслэл шиг онцгой нөхцөл байхгүй тул өөр засаг захиргааны нэгжийн дугаартай автомашиныг тухайн орон нутагт нь байх хугацаанд хязгаар тавьж төлбөр авах асуудлыг энд огт хөндөөгүй. Зөвхөн зам ашигласны төлбөрийг хөндөж байгаа. Төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор зарцуулалт ч нээлттэй, ил тод болох ёстой гэдгийг эцэст нь хэлье.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна