“Хагас кокс”-ыг БНХАУ-аас авч байгаагийн жинхэнэ шалтгаан

Х.Батсайхан
6 цаг 23 минутын өмнө

Нийслэлээс ирэх өвөл буюу утааны улиралд БНХАУ-аас боловсруулсан хагас коксыг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авч хэрэглэхээр болж байгаа билээ. Энэхүү мэдээллийн талаар иргэд, УИХ-ын гишүүд хүртэл “Нүүрс экспортлогч улс байж яагаад гаднаас хагас кокс худалдаж авах хэрэг вэ” хэмээн шүүмжлэлт байр сууринаас хандаж байгаа бололтой. Өнгөц харахад үнэхээр л тийм. Гэхдээ, асуудлыг арай гүнзгий судлаад үзэхэд огт өөр дүр зураг буух тул яагаад заавал урд хөршөөс хагас кокс авч байгаа шалтгаануудыг тоочих энэ нийтлэлийг гүйцэт уншихыг хүсэж байна. Шалтгаанаа тоочиж эхэлье.

ШАЛТГААН 1: МӨНГӨНД ХЭМНЭЛТТЭЙ, ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ

Эхний шалтгааныг дурдахаасаа өмнө танаас шууд “Хүний эрүүл мэнд, амь нас чухал уу, мөнгө чухал уу” гэдэг асуултыг асууя. Сонголт өгсөн учраас та аль нэгийг нь сонгож хариулах нь мэдээж. Тэгвэл БНХАУ-аас хагас кокс авч түлэх нь мөнгө, эрүүл мэнд хоёрыг хоёуланг нь өгнө гэдгийг шууд хэлье.

Нийслэлчүүд 2018 оноос сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн. Жилдээ 600,000 орчим тонн сайжруулсан шахмал түлшийг дунджаар нэг тонныг нь 150,000 төгрөгөөр худалдаж авсаар иржээ. Нийт мөнгөн дүн нь 90 тэрбум төгрөг. Энэ нь зөвхөн иргэдийн халааснаас гарах мөнгө бөгөөд дээр нь төсвөөс татаас авна. Хэдий хэрийн юм байсныг өнгөрсөн жил болсон Нүүрсний сонсгол дээр дурдагдсан мөнгөн дүнд үндслээд тооцож үзье. 2024 оны байдлаар нэг тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд 598,900 төгрөгийн зардал гаргаж байжээ. 600,000 тонноо үржүүлэхэд 359 тэрбум, 340 сая төгрөг. Дээр нь “Тавантолгой түлш” ХХК-д хулгай нүүрлэж, байгуулагдсан цагаасаа хойш нэг их наяд гаруй төгрөгийн өр хуримтлагдсан байсан. Дарга нарын баруун солгойгүй үрж, ууж идэж байсан мөнгө энэ дотор яваа.

Эрүүл мэндийн тухайд, утаанаас болж өвчлөх, амиа алдах нь багасна. Наанадаж нийтээрээ өвчилж зарцуулдаг эм тариа, цаанадаж угаартаж амиа алддаг хүний амь насны асуудал яригдана. Амь насыг үнэлэх боломжгүй.

ШАЛТГААН 2: БНХАУ ХАГАС КОКСЫН ИЛҮҮДЭЛД ОРЖ, ХААШ НЬ ХИЙХЭЭ МЭДЭХЭЭ БОЛЬСОН /ҮНЭ ЦААШДАА ХЯМДРАХ МАГАДЛАЛТАЙ/

Хагас кокс яагаад БНХАУ-д илүүдэл болсон талаар одоо тайлбарлая. Манай урд хөрш 2008 оны Бээжингийн олимпоос өмнө хагас коксын хэрэглээг нийслэл Бээжин хотдоо нэвтрүүлж эхэлсэн. Гэхдээ түүнээс ч өмнө нүүрс химийн үйлдвэрүүд байгуулсныг хоёр жилийн өмнө өөрийн биеэр очиж үзэж байлаа. Хэрэглээг нь өсгөөд, стандартаа сайжруулаад л яваад байсан байдаг.

Одоо бол урд хөршийн бүх нүүрсний уурхай олборлосон нүүрсээ угааж, нарийн тоосонцор хэлбэртэй бохирдлоос /!!!/ нь цэвэрлэдэг. Түүхий нүүрс гэсэн ойлголт байхгүй. Угаасан нүүрсээ автоматаар ялгаж технологид тохирсон хэмжээтэй болгоод хагас коксын үйлдвэр рүү өгнө. Хагас коксын үйлдвэр нь үнэндээ хагас коксын үйлдвэр биш, давирхай, хий ялгах үйлдвэр, цахилгаан станц, химийн үйлдвэрийн цогцолбор байдаг. Яагаад цогц байдлаар баригдсаныг үйлдвэрлэлийн явц, технологийг нь яг харсан хүн бол хялбархаан ойлгоно. Магадгүй, “Манайх нэг ийм юм хийчихэж болоогүй юм байх даа” гэж бодох болов уу.  

Угаах үйлдвэрээс ирсэн угаасан нүүрсийг эхлээд зориулалтын зууханд оруулж, Цельсийн 700 орчим хэмд халаадаг. Ингэхэд нүүрснээс метан хий, элдэв бусад химийн нэгдлүүд нь ууршина. Мөн химийн элдэв нэгдлүүд агуулсан давирхай ялгарч, доош гоождог. Ууршсан хий шууд хоолойгоор сорогдон хажууханд байх цахилгаан станцын зуух руу орж эрчим хүч болно. Харин давирхай нь мөн л зориулалтын конвейр бүхий хоолойгоор химийн үйлдвэр рүү очиж, тэнд олон янзын бүтээгдэхүүний түүхий эд болдог.

Үлдсэн нь одоо манайд хамгийн их хэрэгтэй байгаа хагас кокс. Энэ хагас коксын түүхий эдийг зуухнаас гаргаад өөр нэг үйлдвэрт оруулж, барьцалдуулаг болон ямар нэгэн орцтой тусгай “ШОРОО”-г /!!!/ нэмж,  хольж хэвэнд цутгаад л хагас коксон түлш бий болж байгаа юм.

БНХАУ-д нүүрс боловсруулалтаас ялгарсан хийгээр үйлдвэрлэх эрчим хүч, давирхайнаас гаргаж авдаг бүтээгдэхүүн чухал хэвээр байгаа. Гэтэл Бээжингээс эхлээд дараагийн үе шат буюу байгалийн хийнд эргэт буцалтгүй шилжиж эхэлсэн. Зогсоогдошгүй болсон. Нүүрснээс хий, давирхай ялгаж авч л байвал тасралтгүй бий болж байдаг хагас коксын түүхий эдээ яах вэ гэлэг асуудал тулгарсан. Тиймээс ч шорлогны нүүрс, хагас коксон түлш гэх мэт янз, янзын юм сэтгэж хийгээд шинэ зах зээл хайж байгаа юм билээ. Манайх хагас кокс нийлүүлэх зах зээл нь болсон хэрэг.

Битүүмжлэгдсэн ялгах зуухнаас хагас кокс конвейроор тасралтгүй урсан гарч, ар араасаа дугаарлан зогсох ачааны машины тэвш рүү гоожно...

Манайх шахмал түлш хэрэглэхдээ утаатай хэр нь жилдээ төсвөөс 300 тэрбум төгрөг тогтмол татаас хэлбэрээр гадагшилдаг. Дээр нь иргэд халааснаасаа 100 орчим тэрбум төгрөг гаргаж худалдаж авдаг. Ингэж их зардал гаргаж хийдэг, хортой шахмал түлшийг 226 тэрбум төгрөгийн хагас коксон түлшээр солино гэдэг эдийн засаг талаасаа бол ашигтай. Хоёр жилийн өмнө Хятадаас 177 тэрбум төгрөгөөр 115 мян.т хагас кокс худалдаж авах асуудал яригдсан ч дэмжигдээгүй. Сая зарласан тендерээс харвал БНХАУ үнэ ханшаа буулгасан бололтой. Тэр үедээ /2013 онд/ нэг тонныг нь байгалийн хийд хараахан шилжиж амжаагүй бүс нутгийн хэрэглэгчдэд нэг тонныг нь 1100 орчим юаниар борлуулдаг гэж байсан. Зах зээлгүй, тэгсэн хэр нь тасралтгүй бий болж байгаа дайвар шахуу болсон эд тул үнэ ханшаа бууруулсан ч байж мэднэ.  


2019 онд байгуулагдсанаасаа хойш улсын төсвөөс их наяд гаруй төгрөгийн татаас авч, мөн тэр хэмжээний өр үлдээсэн “Тавантолгой түлш” компани ноднин Нийслэлийн мэдэлд шилжиж ирсэн. Асуудал /утаа/ шийддэггүй, жил бүр 300 тэрбумын татаас авдаг, дээр нь нэмээд өр үйлдвэрлэдэг, ядаж байхад хулгай гардаг ийм компанийг цаашид авч явах нь Нийслэлд асар том дарамт болно. Улсаараа шахмал түлшний төлөө ажиллаж амьдрахад хүрнэ. Тийм учраас татан буулгаад, хоёр газар баригдаж байгаа хагас коксын үйлдвэрээ хүлээх нь дээр гэдэг шийдэлд Агаарын бохирдол бууруулах хорооныхон хүрсэн бололтой.

ШАЛТГААН 3: УТААГ АРИЛГАХАД НҮҮРС, ХАГАС КОКС БИШ, ШИНЖЛЭХ УХААН, МЭДЛЭГ ИЛҮҮ ЧУХАЛ  

Одоо хамгийн чухал хэсэг нь эхэлж байна. Уншигч хэрвээ анзаарсан бол нийтлэлийн эхэн болон дунд хэсэгт хоёр нэр үгийг хаалт дотор анхаарлын тэмдэг тавьж онцолсон байгаа. Нэг нь нүүрснээс угаагдсан нарийн ширхэгтэй бохирдол бөгөөд энэ нь бидний түлдэг шахмал түлшний үндсэн түүхий эд. Үндсэндээ хаягдал дээр гурил гэх мэт элдэв бусын юм нэмж барьцалдуулаад шатааж байсан гэсэн үг.

Хоёр дахь нь урд хөршийн үйлдвэрийн инженерийн тусгай орцтой “ШОРОО”  хэлсэн, хагас кокс дотор хольдог асаагч бодис юм. Нүүрс ч бай, хагас кокс ч бай, түлэхэд утаа гардаг. Хэмжээ нь харин асалтын хурдаас шалтгаалдаг юм байна. Ер нь асах хүртлээ утаа гарна гээд ойлгочиход болох юм билээ. Тэгвэл хятадуудын бүтээсэн асаагч хагас коксыг 5 минутад асаадаг байна /Ердийн зууханд түлж үзүүлсэн/. Өөрөөр хэлбэл, хог бохирдол, элдэв хольцтой хий, химийн бодистой давирхайг нь ялгасан түлшийг ингэж хурдан шатаах давуу тал нэмэгдэж байж жинхэнэ утаагүй түлш болдог ажээ.

Харин манай улсын тухайд, одоогоор эрдэмтдийн бүтээж чадсан хамгийн сайн асаагч хятадуудын хийсэн асаагчаас хоёр дахин удаан асааж байгаа гэдгийг тухайн үед ЭХЯ-ны мэргэжлийн хүмүүс ярьж байсан /Одоохондоо манайх энэ түвшинд арай хүрээгүй байна, ШУ-ы судалгааны ахиц дэвшилд хөрөнгө мөнгөнөөс гадна мэдлэг хуримтлагдаж нээлт болох цаг хугацаа хэрэгтэй гэдэг утгаар ярьж  байв/. Тэгвэл “хог бохирдолтой түүхий нүүрс” ч биш, нүүрсийг нь ялгаад авчихсан дан хог бохирдлыг хоёр дахин удаан шатаахаар юу болох вэ. Улаанбаатарт энэ жилийг хүртэл ийм л юм болж байж.

Өөрөөр хэлбэл, утааг арилгахад манайх нүүрстэй, нүүрс экспортлогч улс байх нь хамаагүй, харин шинжлэх ухаанч, мэдлэгийг тасралтгүй бий болгодог тогтолцоо, хог угаадсыг ч мөнгө болгож харах ашигч хандлага биш, цаг үеийн мэдээлэл, тооцоо судалгаатай хөдлөх нь илүү чухал юм. 

Тиймээс тэртэй тэргүй жил болгон л 300 тэрбум төгрөг татасанд өгч шахмал түлш түлүүлдэг юм чинь оронд нь 226 тэрбумыг төлөөд нэг өвөл ч гэсэн овор хэмжээ бага, илчлэг өндөр, утаагүй жинхэнэ хөх нүүрсийг иргэдэдээ хэрэглүүлье гэсэн Агаарын бохирдлыг бууруулах хороо, Нийслэлийн удирдлагуудыг дэмждэггүй юм аа гэхэд буруутгаж гүтгэхгүй байх нь шударга ёсонд нийцнэ.   



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.96
    41 минутын өмнө

    Нэгэнт л манай ШУА нэртэй юу ч мэдэхгүй мануухайнууд байж байхаар монгол ухаанаар хийсэн давхар шаталттай зуух бүтээсэн( ШБОС ) хүнийхээ зуушийг ёстой айл өрхүүд дээ үнэгүй өгөөд(226тэрбум) түүхий нүүрсээрээ(тэр үйлдвэрээ баритал) өвөлжвөл болдоггүй юмуу

    Хариулах
  • 124.158.108.205
    3 цагийн өмнө

    хэрэглэгчийн гар дээр очих бүх зардал нь орсон уу, дараа нь тайлан гаргах даа тээвэр, төлөвлөгдөөгүй бусад зардал гээд нэмэгдэх байх даа

    Хариулах
  • 202.126.89.78
    4 цагийн өмнө

    Өөрсдийнхөө нүүрсийг хямд өгөөд маш өндөр үнээр эргүүлэн худалдаж авч байна өөр юу ч биш

    Хариулах
  • 66.181.161.90
    5 цагийн өмнө

    За манайхаан Нямбаатартаа бүгдээрээ Хөдөлмөрийн баатар ,Улсын баатар алтан гадас,Улсын баатар ,МУАЖ МУГЖ МУСГЗ Улсын начин заан гарьд арслан аварга дархан аварга цолыг олгоёоо.Хамгийн сүүлд нь энх тайвны Нобелийн шагналд тодорхойльёо хотыхоо иргэдийн төлөө энэ дарга шиг тэмцэгч бүтээн байгуулагч алга байна шүү дээ.

    Хариулах
  • 122.201.31.64
    5 цагийн өмнө

    Маш зөв

    Хариулах