Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын урилгаар тус улсад айлчилж байна.
Айлчлалын урьдач үеийн нөхцөл байдал болон энэ удаагийн айлчлалын үеэр болох өндөр түвшний яриа хэлэлцээрийн үеэр хөндөгдөх сэдвүүдийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Юуны өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч 20 жилийн дараа Казахстан Улсад айлчилж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаа эрчимжиж байгааг харуулж байна. Учир нь, Казахстан улын Ерөнхийлөгч 2024 оны аравдугаар сард Монголд айлчилсан бөгөөд хоёр улсын төрийн тэргүүний айлчлалын давтамж 1.5 жил болж ойртож байгаа юм.
К.Ж.Токаевын айлчлалын үеэр хоёр тал Стратегийн түншлэл тогтоох тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан бөгөөд тээвэр, хөдөө аж ахуйгаас эхлээд дижиталчлал, эрчим хүч, соёл хүртэл янз бүрийн салбарт 11 хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үр дүн ч гарч, 2025 онд хоёр талын худалдаа 133 сая ам.доллараас давж, өмнөх жилүүдээс бараг гурав дахин өсжээ. 133 сая ам.долларын 123 сая ам.долларыг Казахстаны экспорт эзэлж байгаа бөгөөд худалдааны эргэлтийг цаашид 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан энэ үед манай улс тус улсад нийлүүлэх бараа үйлчилгээг нэмэгдүүлж, худалдааны балансыг тэнцвэржүүлэх тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байна. Евразийн эдийн засгийн холбоотой манай улсын байгуулсан Чөлөөт худалдааны түр худалдааг Казахстан улсын Парламент болон Ерөнхийлөгч соёрхон баталсан бөгөөд энэ нь хоёр улсын, тэр дундаа манай талд ногдох экпортын хэмжээг өсгөх хүлээлт үүсгэж байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч болоод дагалдан яваа сайд, бизнесийнхний гол зорилго энэ зүгт чиглэнэ.
Хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа энэ онд улам ч эрчимжиж, 2026 оны гуравдугаар сард Казахстан улс долоон жилийн хугацаанд анх удаа Монголд бизнесийн төлөөлөгчийн газраа нээсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотод 62.6 сая ам.долларын үнийн дүн бүхий худалдаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагджээ.
Хоёр улс тээвэр, ложистикийн салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байна. Далайд гарцгүй орнууд болох Казахстан, Монголын хувьд энэ нь зөвхөн эдийн засгийн асуудал төдийгүй стратегийн тэргүүлэх чиглэл юм. Казахстан улс нь Транскаспийн олон улсын тээврийн маршрут (Дунд коридор)-оор дамжуулан Монголын ЕАЭЗ, Кавказ, Турк, Европын Холбооны зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөхийн тулд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх сонирхолтой байна.
Энэ салбарт хийгдэж буй өөр нэг бодитой алхам эь “SCAT Airlines” компани ирэх зургадугаар сарын 2-ноос Астана, Улаанбаатарын хооронд шууд нислэг эхлүүлэх болсон явдал юм. Энэ нь бизнесийн харилцаа холбоог хөнгөвчлөх, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх төлөвтэй байна.
Мөн түүнчлэн, Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жилийн хүсэл болсон Баян-Өлгий аймаг болон Казахстан Улсын Өскемен хотын хооронд шууд нислэгийг сэргээх болон тус аймагт Казахстан Улсын консулын газар байгуулах асуудлыг хөндөнө гэсэн мэдээлэл байна.
Худалдаа, бизнесээс гадна стратегийн хувьд хоёр улс нэг, нэгэндээ онцгой ач холбогдолтой бөгөөд геополитикийн нөхцөл байдал үүнд чухал нөлөө үзүүлсэн хэвээр байна. Монголын гадаад харилцаа голчлон Орос, Хятад руу чиглэж ирсэн ч сүүлийн үеэд гуравдагч хөршүүдтэй харилцах харилцаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа бөгөөд Казахстан энэ зорилгод чухал ач холбогдолтой түнш болж буй юм.
Казахстаны тухайд, Ерөнхийлөгч К.Ж.Токаев Казахстан, Орос, Хятад, Монголыг нэгтгэх Транссибирийн яриа хэлэлцээг байгуулах санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн тээврийн холболтыг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд манай талын ашиг сонирхолтой нийцэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна