Ж.Чинбүрэн: Вакцин ямар ч гаж нөлөөгүй, буруу ташаа мэдээлэл авч хүүхдээ эрсдэлд оруулахгүй байхыг хүсье

Zuv.mn
5 цаг 31 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар чухал шийдвэр гаргалаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хоёр хуралдааны үеэр улаанбурхан өвчний тархалтын талаар ярьсан. Халдварын тоо долоохон хоногт мянга, таван зуугаар нэмэгдсэн байна.

Сайн нь энэ хугацаанд нас баралт нэмэгдсэнгүй. Тиймээс Засгийн газраас халдварын тохиолдлыг буулгах, голомтыг хумих, нөхөн вакцин хийх гэх мэт ажилд зарцуулах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэр гаргалаа.

Одоогоор бага насны хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүдийг хоёр үе шаттайгаар нөхөн вакцинжуулах ажиллагаа үргэлжилж байна. Мөн голомтод өртсөн хүмүүст нас хамаарахгүйгээр яаралтай вакцин хийнэ.

Удахгүй наадам болох гэж байна. Тиймээс баяр наадамдаа айдасгүйгээр оролцохын тулд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ вакцин хийлгэсэн эсэхийг мэдэж, хийлгээгүй бол нөхөн вакцин хийлгээрэй.

Өмнө нь дархлаажуулалтад хамрагдсан 10-15 насны хүүхдүүд ч дархлаа суларсан энэ үед дахин хийлгэхэд ямар нэгэн гэм хор байхгүйг мөн хэлье Наадам 7-10 хоног үргэлжилнэ. Олон хүн цугласан энэ үеэр халдвар авсан тохиолдолд нууц үе буюу 15 хүртэлх хоногийн дараа халдварын тоо улам нэмэгдэх хандлага үүсэж болзошгүй.

Шуурхай хуралдааны шийдвэрээр долоодугаар сарын 10 хүртэл эрчимжүүлсэн бэлэн байдал зарлаж, вакцинжуулах ажлыг эрчимжүүлээд байна. Мөн цагдаа, хуулийн байгууллагатай хамтран вакцины талаар буруу, ташаа мэдээлэл тараах үйлдлийг таслан зогсоох ажил явагдаж байгаа. Эмч хүний зүгээс хариуцлагатай хэлэхэд одоо хийгдэж байгаа вакцинд ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Буруу ташаа мэдээлэл авч хүүхдээ эрсдэлд оруулахгүй байхыг хүсэж байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна