Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулна

Zuv.mn
3 цаг 3 минутын өмнө

Аймгийн Засаг дарга Ш.Ёл, Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран ажиллах төслийн хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулахад шаардагдах дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай ярилцлаа. Тухайлбал, төслийн төвийн байр, дасгах хашаа, мэргэжлийн боловсон хүчин зэрэг ажлууд эхлэх бөгөөд 2028 онд эхний ээлжийн тахийг Халхгол суманд буулгаснаар Монгол Улсад тахь нутагшуулах дөрөв дэх цэг болох юм.


Аймгийн Засаг дарга Ш.Ёл: “Байгаль экологийн тэнцвэрт байдал, нутгийн уугуул иргэдийн байгаль орчноо хамгаалах, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, биологийн төрөл зүйлийн хамгаалалтын талаарх мэдлэг ойлголт нэмэгдэж, нэн ховордсон тахийг өсгөн үржүүлэх болсонд талархал илэрхийлж, бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.”




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна